ЗАХИДАЛ: Түүнийг шилжиж ирэхээс өмнө би хамраа сөхсөн хөвгүүн байсан


ССҮТөв | YOLO.MN
2019-01-15

mail  Yolo.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Түүнийг шилжиж ирэхээс өмнө би хамраа сөхсөн хүүхэд байсан

Би ахлах ангийн эрэгтэй сурагч. Би ер нь өөрийгөө зориг муутай гэж боддог. Уул нь би зоригтой харагддаг, юм бүхний түрүүнд гишгэж туршиж үздэг. Гэвч яагаад өөрийгөө зориггүй гэсэн бэ гэвэл энэ нь ганц л шалтгаантай юм.

Тэр шалтгаан нь би одоо болтол хүүхэдтэй үерхэж үзээгүй. Ер нь ч санаанд нийцэх охин байгаагүй байх. Гэвч 3 жилийн өмнө манай ангид нэг охин шилжиж ирсэн. За бараг хараад л дурласан. Би тэр даруй түүнтэй найз болсон гэхэд хилстэхгүй. Тэр бараг л төгс сайн сурлагатай, хүүхдүүдтэй үг нийлдэг, харьцахад ч урамтай хөгжилтэй, хөөрхөн, царайлаг хүүхэд. 

Түүнийг ирэхээс өмнө би нэг тийм хамраа сөхсөн хүүхэд байсан. Ихэвчлэн надаас дүү охид найзалъя, танилцъя гэхэд би бараг бүгдийг нь л үл тоодог байж дээ. Одоо бодох нь ээ өөрийгөө их л зүхдэг. Учир нь тэр миний амьдралд орж ирсэн. 

Түүнтэй их дотно болсон ч зөвхөн найзын хувиар. Би үүнээс илүүг хүсч байна. Түүнийг өөр хөвгүүнтэй харьцахаар өөрийн эрхгүй уур хүрэх юм. 

Түүнээс үерхье гэж гуйна гэж би орой болгон л боддог болсон. Гэвч маргааш нь түүний царайг хараад л шийдвэрээсээ ухрах юм. Би ийм зориггүй байсаар байвал магадгүй түүнийг алдах байх гэсэн бодол өдөр ирэх тусам ихэснэ. Гэвч түүнийг хармагц түүнээс гуйх зориг бүр мөсөн нурна. Яаж түүнийг гуйх зориг өөртөө олж авах вэ? Магадгүй багадаа үерхээгүй болохоор ийм зүйлд гаргах зориг их шаарддаг байх. 

Надад төсөөлснөөс дээр зөвлөгөө өгнө гэж найдаж байна. Баярлалаа

ЗӨВЛӨГӨӨ: Сэтгэлээ илчлэх нь хэвийн үйлдэл. Өмнө нь үерхэж үзээгүй нь сул тал биш

Сайн байна уу, захидал илгээсэнд баярлалаа.

Юуны өмнө зоригтой байх талаар зөвлөмж хүргэе гэж бодлоо. Зориг нь ерөнхийдөө өөртөө итгэх итгэлийг дагаж ирдэг. Харин өөртөө итгэх итгэл нь амжилтыг дагаж ирдэг гэсэн судалгаа байдаг. Амжилттай хүн өөртөө итгэлтэй байдаг.

Чиний хувьд магадгүй “би өмнө нь үерхэж үзээгүй” гэсэн бодлоосоо өөрийгөө туршлагагүй гэж ойлгоод өөртөө итгэлгүй болоод байна уу? Өөрөө хүнд сайн болоогүй үедээ хүнтэй үерхэхгүй байх нь зөв сонголт байсан. Бас энэ нь энгийн л зүйл тул өнгөрсөндөө өөрийгөө аль болох буруутгахгүй байхыг хичээгээрэй. Чи юуг ч буруу хийгээгүй. Эсвэл чи татгалзсан хариу авбал яана, урьдынх шигээ найзууд байхаа боливол яана гэж айж байж болно. Хүнд сэтгэлээ илчлэх бол эрсдэлтэй үйлдэл. Гэхдээ хэвийн, байдаг л үйлдэл, зөвшөөрч ч болно эсвэл татгалзаж ч болно.

Харин одоо тэр охин чамайг сонгох 10 шалтгаан болон чамайг сонгохгүй байх 1 шалтгааныг бичээд үзээрэй. Чамайг сонгох шалтгаануудыг бичсэнээр чи өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлж, харин чамайг сонгохгүй байх шалтгааныг бичсэнээр өөрийнхөө сайжруулах шаардлагатай шинжийг харах юм. Магадгүй сайжруулах хэрэгтэй байгаа талуудаа хөгжүүлчихвэл чи түүнд сэтгэлээ илчлэх бүр их зоригтой болж, би түүнд тохирох хангалттай сайн биш гэсэн сөрөг бодлууд байвал арилах болно.

Ямартай ч товчилбол, сэтгэлээ илчлэх нь хэвийн үйлдэл, өмнө нь үерхэж үзээгүй гэдэг нь сул тал биш. Өөрийгөө илүү хөгжүүлбэл өөртөө итгэлтэй, зоригтой болно. Амжилт хүсье.

Сэтгэл Судлалын Үндэсний Төв

Туслах сэтгэл судлаач

Ц.Пүрэвсүрэн

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж   цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой дурдаарай. 

 

#Love, #Letter