5fe40ebd63080.png 5fe40ebd63155.png

ЗАХИДАЛ: Түүнд муухай сэтгэгдэл төрсөн гэдэгт итгэлтэй байна


ССҮТөв | YOLO.MN
2019-01-09

mail  Yolo.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Түүнд муухай сэтгэгдэл төрсөн гэдэгт итгэлтэй байна

Сайн байна уу? Би 15 настай 10-р ангийн сурагч охин. Энэ жил манай сургуулийн 10-р ангиудыг хичээлийн сонголтоор нь тараах болсон юм. Уг нь тэгдэггүй л дээ. Тэгээд миний орсон ангид хуучин ангиас маань 11 хүүхэд, нөгөө бүлгээс 22 хүүхэд бас нэг бүлгийн охинтой нэгдэж нэг анги болсон юм. Хичээлийн эхний хэдэн долоо хоног эвгүй байсан ч нөгөө ангитайгаа уусаад би овоо нийтэч болчихсон байсан юм. Хуучин ангиас минь цуг орж ирсэн сайн найз маань намайг ер нь одоогийн ангид илүү нэр хүндтэй болчихсон, намайг ерөөсөө тоохгүй байна гэх мэт зүйлс надад их хэлдэг болчихсон. Бас дээрээс нь намайг нийлсэн ангийн нэг хөвгүүнтэй холбодог болчихсон байсан юм. Би өөрөө нэг зүйл болонгуут л төсөөлөн бодчихоод байдаг муу зантай юм болохоороо тэр хүүг байн байн бодсоор байгаад сайн болчихсон байсан. Гэхдээ түүнд сайн гэдгээ хэлэх гэхээр би өөрөө их жингийн илүүдэлтэй бараг 80кг дөхөж яваа, бас их намхан, царай муутай болохоороо гадаад төрхөөсөө болоод гологдох вий гэсэндээ хэлж чадахгүй байгаа. Бас түүнтэй овоо гайгүй харилцаатай болохоороо хэлбэл надаас хөндийрчих болов уу гэж их айдаг юм. Сүүлийн үед бүр нэлээн дотно найзууд шиг л харилцаатай болчихсон нь намайг нэг талаараа баярлуулж байгаа ч нөгөө талаараа маш ихээр айдас хүргэж байна. Би түүнд таалагдахын тулд аль болох чадах зүйлээрээ тэргүүлэхийг их хичээдэг болчихсон. Сүүлд л гэхэд урлагийн үзлэгээр гоцлол дуу дуулж зөвхөн тэр номерыг үзүүлэхийн тулд өөрийгөө маш сайн бэлдэж орсон. Гэхдээ төгс болж чадаагүй, байр эзэлж чадаагүй учраас түүний өмнө уйлчихсан. Энэ явдлаас өмнө найзтайгаа нэг удаа хэрэлдчихээд бас л түүний өмнө уйлчихсан. Энэ зүйлүүд түүнд муухай сэтгэгдэл төрүүлсэн гэдэгт итгэлтэй байна. Учир нь манай анги 8 хөвгүүнтэй. Түүнээс бусад нь намайг тайтгаруулах ямар нэгэн оролдлого хийж эсвэл юу болсныг асууж байхад тэр намайг тоох ч гүй инээгээд өөр хүмүүстэй яриад сууж байсан. Хэт их нуршсан бол уучлаарай би яг асуудлаа тоймлоод бичье.

1. Би найзаа яг яах ёстой вэ? Түүний хэлснээр түүнтэй харилцах гэсэн ч тэр өөрөө "Чи намайг тоохгүй байна" гэсэн хаалт үүсгэчхээд байгаа

2. Би тэр хүүд өөрийгөө хэлсэн нь дээр болов уу? Гэхдээ би бас өөрөө их айдастай байна л даа. Хэрвээ тэр намайг зөвшөөрсөн ч зүгээр тоглож байгаад л хаячихвал яах вэ? Учир нь тэр их нэр хүндтэй алдартай хөвгүүн л дээ.

3. Хэдий дээр дурдаагүй ч энд асуучихъя. Би өөрийгөө ч ойлгохоо байлаа. Бусадтай жүжиглэж харьцаад ч байх шиг. Сүүлийн үед инээдмийн бичлэг байсан ч үзээд уйлчхаад байх юм. Ирээдүйгээ огт төсөөлж чадахгүй, мэргэжлээ ч сонгоогүй ер нь надад яг юу нь болохгүй байгаа нь мэдэгдэхгүй ч нэг л тийм гунигтай, хоосон итгэлгүй мэдрэмж их төрдөг болчихлоо. Сүүлдээ жинхэнэ би яг хэн юм бэ ч гэж бодох шиг. Би яах ёстой вэ? Надад туслаач

ЗӨВЛӨГӨӨ: Чи өөрөө өөртөө таалагдаж байна уу гэдэг нь чухал

Сайн байна уу? Захиа очих өдрийн мэнд хүргэе! Бидэнд хандан захиа илгээсэнд баярлалаа. Юун түрүүнд чиний бичсэн зүйлс чиний бодлоос л гарч байгаа таамгууд гэж харагдаж байна. Хэн нэгэн чамайг илүүдэл жинтэй гэж хэлж байсан уу? Ангидаа нэр хүндтэй хүүхдүүд зөвхөн туранхай байх ёстой биш шүү дээ. Чи ч мэдэж байгаа. Чамд бусдыг татах сайхан зүйлс байна гэсэн үг. Яагаад тэдгээрт илүү анхаарч илүү сайжруулж болохгүй гэж? Хэн нэгэн чамайг царай муутай гэж хэлж байсан уу?  Эсвэл энэ чиний л бодол уу? Бид бүгдийн гоо сайхныг хүртэх байдал өөр өөр байдаг. Магадгүй хэн нэгэн чамд эдгээр үгсийг хэлж байсан байх. Гэхдээ бид хүн бүрд таалагддаггүй шүү дээ. Гол нь чи өөрөө өөртөө таалагдаж байна уу гэдэг л чухал. Өөртөө таалагдаж байгаа үедээ л бид өөртөө итгэлтэй, сэтгэл ханамжтай байж чаддаг. Чамд өөрт таалагдахгүй байгаа зүйлсээ өөрчлөх төлөвлөгөө гаргаж алхам хийж болно. Эсвэл хүлээн зөвшөөрч, өөрийнхөө сайхан зүйлс, давуу талууддаа илүү төвлөрч болно. Гол нь өөртөө дуртай байх нь чухал.

Найзынх нь тухайд магадгүй найз нь гомдсон гомдлоо чамд илэрхийлээд байна. Бид хааяа сэтгэл их хөөрсөн, аз жаргалтай үедээ хажуу дахь хүнээ анзаарахгүй байх тал ажиглагддаг. Ямар ч байсан найз нь чамд нуулгүйгээр мэдрэгдэж байгаа зүйлээ хэлсэн байна шүү дээ. Тиймээс баярласнаа илэрхийлэх гомдоосон бол уучлалт гуйх тохиромжтой цагийг гаргаж ярилцаарай.

Тэр хөвгүүний чамд хэлж буй үгс, гаргаж буй хариу үйлдлүүдийг сайн анзаараарай. Чамайг хэр хүндэлж байна, хэр их чамтай хамт байхыг хүсч байна, хэр сонирхол нийлж байна гэх мэт. Үүний дараагаар сэтгэлээ илчлэх эсэхээ шийдээрэй. Энэ бол чиний гаргах ёстой шийдвэр. Учир нь ямар ч үр дүн гарсан чи л үүрнэ шүү дээ. Сэтгэлээ илчлэхээр шийдсэн бол хариу нь ямар ч байсан сэтгэлийн бэлтгэлтэй байгаарай. Хэт өндөр хүлээлт тавих хэрэггүй гэж зөвлөе. Гэхдээ төсөөлснөөс ч эерэг байхыг үгүйсгэхгүй.

Төгсгөлд нь, амархан уйлаад байгаа нь стресс, сэтгэл зүйн ачаалал ихтэй байгаагийн, бас дааврын өөрчлөлт явагдаж байгаагийн шинж. Тархи, бие чинь маш хурдан хөгжиж байгаа учраас хүмүүсийн хэлдгээр өсвөр насны онцлогоос болж сэтгэл тогтворгүйтэж байна гэж ойлгож болно. Бидний юу мэдрэх нь бидний бие махбод буюу даавар, дотоод шүүрэл, мэдрэлийн системийн эрүүл, тогтвортой байдалтай шууд холбоотой байдаг. Тэгэхээр хүн бүр өсвөр насны сэтгэл тогтворгүйтэх үеийг давж гардаг учраас хэт хүндээр хүлээж авах хэрэггүй. Харин оронд нь бүх төлөвлөгөөгөө бичих, сэтгэл санаа тавгүй байх үедээ, аз жаргалтай байх үедээ гэх мэт онцгой тохиолдлуудыг тэмдэглэл хөтлөх нь өөрийгөө ойлгоход тусална. Өөрийгөө ойлгохгүй байгаа асуултуудаа өөрөөсөө асууж хариултыг тэмдэглэлдээ бичихийг хичээгээрэй. Хариулт олдохгүй байна гэж бүү шантраарай. Чамайг хамгийн сайн мэдэх хүн чи өөрөө шүү. Амжилт хүсье!

Сэтгэл Судлалын Үндэсний Төв

Туслах сэтгэл судлаач

Г.Отгонцэцэг

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж   цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой дурдаарай. 

#Love, #Letter