ЗӨВЛӨГӨӨ: Хуучин оноо ДҮГНЭЖ, шинэ оноо ХЭРХЭН ТӨЛӨВЛӨХ ВЭ?


YOLO.mn | YOLO.MN
2018-12-26

Та өнгөрч буй ондоо ямар амжилт гаргаснаа дүгнэж, шинэ оныхоо зорилгоо тодорхойлоорой.

Юуны өмнө энэ онд гаргасан амжилтынхаа жагсаалтыг гарга. Хоёрт, өнгөрсөн ондоо ихэнх цагаа юунд зарцуулснаа тодорхойлж, шинэ оны зорилго зорилтоо тодорхойлоорой.

1. Амжилтынхаа жагсаалтыг гарга

Та өөрийн гаргасан 20 амжилтаа жагсааж бич. Таны хувьд юу ч байж болно. Жишээ нь, та шинэ зүйл сурсан, илтгэл тавьсан, орлогоо нэмэгдүүлсэн, эрүүл мэнддээ анхаарсан, жингээ хассан, муу зуршлаа хаясан,  шалгалтаа амжилттай өгсөн гээд юу ч байж болно. Магадгүй 20-ын тоо хэтэрхий их санагдаж магадгүй. Гэхдээ өнгөрсөн жилээ бүхэлд нь санавал та бодсоноосоо ч илүү ихийг амжуулсан байх болно.

Бидний тархи амжилтаа амархан мартдаг ч асуудал, дуусгаагүй ажил болон алдаа мадгаа л санадаг.  Хэрвээ та амжилтаа сайн санахгүй байгаа бол хуанли харж, нийгмийн сүлжээнд бичсэн зүйлээ эргэн харж, мартсанаа сэргээгээрэй.

Долоо хоног бүр та жижигхэн амжилт байсан ч тэмдэглэн авч байгаарай.

2. Ихэнх цаг хугацаагаа юунд зарцуулснаа сана

Та өнгөрч буй ондоо хамгийн их цаг хугацаа, анхаарал, эрч хүчээ амьдралынхаа ямар үед зарцуулснаа санаарай. Бид ихэвчлэн нэг л зүйлд хамаг цагаа зарцуулж, бусдыг нь умартдаг. Жишээ нь, ажилдаа бүхий л хүч хөдөлмөр, анхаарлаа хандуулсан хэрнээ ойр дотнынхонтойгоо хамт байж чадаагүй байдаг.

Тиймээс та юунд илүү их цаг зарцуулснаа санаж, ирэх жилдээ хэрхэн тэнцвэржүүлэхээ бодоорой.

3. Ирэх жилийнхээ зорилгоо тодорхойл

Та ирэх ондоо биелүүлэхээр төлөвлөж буй хамгийн том гурван зорилгоо тодорхойлоорой. Энэ нь жирийн нэг амлалт бус  тодорхой зорилго байх ёстой. Тодорхой, биелүүлж болохуйц мөн танд хамгийн чухал нь байх ёстой.

Таны зорилго  гэрийнхэндээ илүү их цаг зарцуулах, өдөрт уудаг усаа нэмэгдүүлэх зэрэг энгийн жижиг зүйлээс байраа томруулах, мэргэжил дээшлүүлэх  гэх мэт том зорилго байж болно.

Та турахаар хүсч, хэд хоног хоолоо сойхоор төлөвлөж байна гэж бодъё. Долоо хоногийн эхэнд та өдөр бүр ямар хоол хэдий хэр хэмжээтэйгээр идэж, хэдий хэр хугацаанд хоол хасахаа нарийн төлөвлөх хэрэгтэй юм.

Шинэ оны нэгдүгээр сарын эхний долоо хоногт л биелүүлээд мартчихав аа.

ЗОРИЛГОДОО ЯАГААД ХҮРЧ ЧАДДАГГҮЙ ВЭ?

  • Та анхнаасаа хийе гэж огт хүсээгүй байж болно

Спортоор хичээллэх, хүрээлэн буй орчноо хамгаалах, ээж рүүгээ өдөр бүр залгах гэх мэт. Үгүй дээ. Бусдын бичсэн зүйлийг хуулбарлах хэрэггүй. Заавал  биелүүлшгүй  10-25 зорилго бичих шаардлагагүй.

Яг одоо танд хэрэгтэй зүйл юу байна вэ гэдгийг бод.

  • Та хийхийг хүссэн ч тухайн үед боломж гараагүй байж болно

Хэрвээ та сар бүрээр нь төлөвлөгөө гаргаж шинэ жилээр аялан, хоёр, гурав, дөрвөн сардаа мөнгөө цуглуулаад тавдугаар сард дахин аялж, шинэ спортоор хичээллэхээр төлөвлөлөө гэж бодъё. Гэтэл та шинэ байранд нүүж орохоор болж, аялалд явах боломжгүй болох магадлалтай. Тиймээс шинээр үүсэх нөхцөл байдлаас үл шалтгаалан зорилгоо биелүүлэх бодитой нөхцөл байдал бүрдүүлэх хэрэгтэй.

  • Таны зорилго бодитой байх хэрэгтэй
  1. Зурагт үзэхээ болино гэхийн оронд чөлөөт цагаараа юу хийхийг хүсч буйгаа бич.
  2. Та өөрийн хянаж чадах юмыг хий- Нөхөрт гарна гэхийн оронд /та бусад хүний сэтгэл хөдлөл, хүслийг хянах боломжгүй учраас/ бямба гараг бүр хайртай залуу/бүсгүйтэйгээ болзоонд явна гэж төлөвлө
  3. Зорилго тань хэмжиж болохуйц байх -Гитар тоглож сурна гэхийн оронд би 50 дуу тоглож сурна гэх мэт
  4. Хийх гэж буй зүйлээ хэзээ дуусгахаа төлөвлөхийн зэрэгцээ үйл явцын давтамж тодорхой байх хэрэгтэй-Йогоор хичээллэнэ гэхийн оронд долоо хоногт өглөөгүүр гурван удаа йогоор хичээллэх, мөнгө хуримтлуулах гэхийн оронд сар бүр 100 мянган төгрөг хийж, 2019 оны арванхоёрдугаар сард 1,2 сая төгрөгтэй болсон байна гэх мэт.

Эхлээд амьдралын хамгийн чухал хэсгүүд юу болохыг тодорхойлохын тулд дугуй зураад, амьдралынхаа хамгийн чухал 4-8 хэсэгт хуваа. Тэдгээр хэсгүүдгүйгээр таны амьдрал бүрэн бүтэн биш байх болно. Хүн бүр өөрийнхийгөө бүрдүүл.

Харин дугуйны гадна талд зорилгоо бичээрэй. Оны эцэст ажил дээрээ тийм ажил хийсэн байна. Амралтаараа тийшээ аялна гэх мэт. Эдгээр зорилго зорилтууд нь биелүүлж болохуйц байх хэрэгтэй.

Жишээ нь:

Гэр бүл

  • Эмээтэйгээ долоо хоногт хоёр удаа ярьж байх
  • Дүүгээ салхилуулж, ээжтэйгээ цай уунгаа ярилцах
  • Эхнэртэйгээ хоёр долоо хоногт нэг удаа үзвэр үзэх
  • Гэр бүлээрээ сардаа нэг удаа хоолонд орох гэх мэт

Эрүүл мэнд

  • Шүдээ үзүүлэх
  • Шинжилгээ өгөх
  • Амин дэм хэрэглэх
  • Спортоор хичээллэх
  • Зөв хооллох

Хувь хүний хөгжил

  • Ажил, хобби, сонирхлоороо сургалтад суух
  • Жилдээ 30 ном унших
  • Уншсан номынхоо тэмдэглэлийг хөтлөх зэрэг өөрт хамгийн чухал гэж бодсоноо л бичих хэрэгтэй.

Хэрвээ та аливааг нарийн төлөвлөж сурсан бол улирал улирлаар нь, өвөл, хавар, зун, намар хийх зүйлээ нарийвчлан төлөвлөөрэй.

Мөн  та тухай бүрд нь ойрын хоёр сарын төлөвлөгөөгөө  нарийвчлан гаргаарай.

Жишээ нь: нэг, хоёрдугаар сард өмнөө 10 зорилго тавиад –ажлын, эрүүл мэндийн, харилцааны гэх мэтчилэн гурав хуваагаад тэдгээрийг заавал биелүүлээрэй. Учир нь биелүүлэхгүй бол та жилийн бүхэл бүтэн 60 хоногийг үр дүнгүй, сонирхолгүй өнгөрүүлсэн байх болно.

Жишээ нь нэг, хоёрдугаар сард...

Ажлын

  • ...гэрээ хийх
  • ажлын төлөвлөгөө боловсруулж, уулзалт товлох

Эрүүл мэндийн

  • Өглөө бүр дасгал хийх
  • Эмчдээ үзүүлэх
  • Агаарт гарах

Нэгдүгээр сарын хамгийн чухал үйл явдал

  • Миний төрсөн өдөр г.м.

ЭЦЭСТ НЬ ТАНД ШИНЭ ОНДОО АМЖИЛТ БҮТЭЭЛЭЭР ДҮҮРЭН, ЭРҮҮЛ ЭНХ, АЗ ЖАРГАЛААР ДҮҮРЭН БАЙХЫГ ЕРӨӨЕ!

Сэтгүүлч А.Наранцацрал

#Plan