Ой тогтоолтын ДАШТ-ээс А.Янжиндулам мөнгөн медаль хүртэж, дэлхийн рекордыг шинэчиллээ


YOLO.mn | YOLO.MN
2018-12-19

Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын нэрийн өмнөөс оролцсон А.Янжиндулам мөнгөн медаль хүртжээ. Тэрбээр 5 минутанд 413 дүрс цээжилснээр дэлхийн рекорд тогтоосон байна. 

Энэ сарын 14-16-ны өдрүүдэд Австрийн нийслэл Вена хотод болсон ДАШТ-ий нэгдүгээр байранд Англиас оролцсон Кэйти Кермод оржээ.

Тэрбээр 14 хэлтэй, англи, швед, испани, монголоор чөлөөтэй ярьдаг, ой тогтоолтын  ДАШТ-ий  эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд  алтан медаль хүртэж, дэлхийн рекорд тогтоож байсан юм.

А.Янжиндулам өнгөрсөн онд “Авьяаслаг Шведчүүд” шоунд оролцож, алтан баззерын эзэн болж, финалын шатанд оролцож байсан билээ.

А.Янжиндулам өөрийн фэйсбүүктээ: 

Харамсалтай нь саяны энэ тэмцээн миний хувьд баяр бахдал, амжилт ололтоос илүү " алагчлал, бухимдал, гомдол гуниг" боллоо. Учир нь: Юуны түрүүнд хэлэхэд, зарим орны тамирчид тэр дундаа монголчуудад "визний бэрхшээл"-тэй оронд тэмцээнийг зориудаар зохион байгуулснаар дэлхийд өндөр чансаатай тамирчид оролцож чадсангүй.

Зөвхөн намайг ялуулахгүй гэсэндээ биш монгол хүнийг ялуулахгүй байх гэсэн ялгаварлан гадуурхах ажиллагаа гэж надад ойлгогдлоо. 

Хоёрдугаарт, ой тогтоолтын тэмцээн бол сэтгэл санааны маш тайван байдалд анхаарлаа онц сайтар төвлөрүүлж байж л амжилт гаргадаг спорт гэдгийг мэдсээр байж зарим нэг тэмцээн зохион байгуулагч санаатайгаар "хорлон сүйтгэх ажиллагаа" явууллаа гэж би үзэж байна.

Жишээлбэл "хуудсаа 1 секундээр хурдан эргүүллээ, цаасны цаанаас нь нэвт харчихлаа" гэх мэтийн хөгийн шалтаг тавин "мөрдөн байцаалт" явуулж байна гэж чухал тэмцээний өмнөхөн сэтгэл санааны дайралт хийж ухаан санаа хямраах ажиллагааг удаа дараалан явууллаа. Миний ёс суртахуун, шударга зан байдлыг дорд үзэж мэдээжийн үндэслэлгүй бөгөөд үр дүнгүй иймэрхүү арга хэмжээ нь зөвхөн намайг ялуулахгүй гэсэндээ биш монгол хүнийг ялуулахгүй байх гэсэн ялгаварлан гадуурхах ажиллагаа гэж надад ойлгогдлоо.

Тэдний зурагт хуудсууд дээр Монголын туг ч байгаагүй! Саяны тэмцээн хэдийгээр "дэлхийн аварга шалгаруулах тэмцээн" нэртэй боловч бараг европын тэмцээн болчихлоо. Энэ бүхнээс үүдээд 2 зүйлийг хэлмээр байна.

Монгол улсын засгийн газар тамирчидаа гадаадад тэмцээнд оролцуулах тал дээр өөрсдийн дэмжлэгээ дипломат шугамаар өгж байгаасай. Тэмцээнд оролцох явцад гарч болзошгүй "алагчлах" явдалд хаанаас ирсэн хэн ч бай өртөх магадлалтай тул тэмцээний дүрмийг тодорхой болгож, тамирчдыг зохиомол шалтгаанаар ингэж үндслэлгүй дарамт үзүүлж тэмцээний үр дүнд нөлөөлөхийг цаашдаа дүрмэндээ хорих хэрэгтэй" хэмээн бичсэн байсан юм. 

Ой тогтоолтын ДАШТ-ий оролцогчдын үнэлгээг харахад А.Янжиндулам бүхий л төрөлд нь эхний дөрвөн байрт бичигджээ. 

Сэтгүүлч А.Мишээл

#Sports