Шоколадаар урлагч Н.Зөнбилэг: Үзэгч хүүхдүүд хазаж, гар хүрснээс зарим бүтээл хагарч цуурсан


Б.Хишигжаргал | YOLO.MN
2018-12-14

Монгол залуучуудын авьяас дундаршгүй. Шоколадаар урласан бүтээлээрээ Монголд анх удаа үзэсгэлэн гаргасан 21 настай уран бүтээлч Н. Зөнбилэгтэй бид ярилцсан юм. Тэрээр мэргэжлийн уран барималч, эсвэл зураач биш. Харин тогооч. 15 настайгаасаа тогооч хийсэн тэрээр “Хүнсний технологич, талх нарийн боов”-ны чиглэлээр суралцаж төгссөн бөгөөд одоо “Cielo food N bar”-ийн ахлах тогоочоор ажиллаж байна.

YOLOЭнэ бүтээлээс тань яриагаа эхлэх үү?

-Энэ бүтээлийг нэг залуу 40 минутын турш харж суусан. Түүнд юу бодогдож, ямар сэтгэгдэл төрснийг хэн ч мэдэхгүй. Энэ зургийг хараад яаж хүлээж авах нь тухайн хүний  харах өнцгөөс л шалтгаална. Харин миний хувьд энэхүү зургаараа эрч хүч болон тайван байдлын хослолыг илэрхийлэхийг зорьсон.

YOLOАнх яагаад шоколадаар бүтээл хийе гэж бодсон бэ?

-Миний мэргэжил тогооч. Тэр дундаа голдуу дессэрт хийдэг учир шоколад миний салшгүй нэгэн хэсэг болсон. Тиймдээ ч шоколадаар бүтээл хийхийг олон жилийн өмнөөс хүсэж байсан. Монголд шоколадны чиглэлээр мэргэжлийн сургалт байдаггүй. Өөрөө бие дааж суралцах хэрэгтэй болсон. Анх 3 жилийн өмнө шоколадаар бүтээл хийж эхэлсэн.

YOLOСаяхан болсон үзэсгэлэнг тань очиж сонирхоход зарим бүтээлүүд хагарч, эвдэрсэн байсан. Энэ юунаас болсон бэ?

-Тээвэрлэлтийн явцад багагүй алдаа гарсан. Өвлийн -30 градусын хүйтэнд шоколад зөөх амаргүй ажил. Мөн үзэсгэлэнг үзсэн хүмүүс ч зарим бүтээлийг гэмтээсэн байна лээ. Үзэгч хүүхдүүд хазаж, гар хүрснээс зарим бүтээл хагарч цуурсан.

YOLOҮзэсгэлэн дууссаны дараа бүтээлүүдээ яасан бэ? Мөн бүтээгдэхүүний хадгалалтын талаар мэдээлэл өгөөч.

-Одоогоор нэлээн хэдэн бүтээлүүд эзэнтэй болоод байна. Заримыг нь хадгалж, хайлуулж өөр бүтээл хийнэ гэж бодож байгаа. Хадгалалтын тал дээр тодорхой горим, температуртай өрөөнд хадгална. Миний тооцоолсноор тодорхой температур болон орчныг нь бүрдүүлчихвэл олон жил хадгалах ч боломжтой.

YOLOШоколадаар бүтээл хийхэд ямар бэрхшээлүүд тулгардаг вэ?

-Мэдээж бэрхшээлгүй зүйл гэж үгүй. Хэцүү юм болгоныг тоочоод байвал барагдахгүй. Шоколад нь бүтээл хийхэд тийм ч тохиромжтой материал биш болохоор хүндрэлтэй тохиолдол их гардаг.

YOLOТаныг хүүхэд байхад байсан шоколадны амт одоогийн шоколадныхаас юугаараа ялгаатай байна вэ?

-Мэдээж хамгийн амттай шоколад бага байхад байсан. Одоогийн шоколадны амт бага байх үеийнхийг гүйцэхгүй.

YOLOОйрын хугацаанд ямар нэгэн уралдаан тэмцээнд орохоор бэлдэж байгаа юу?

-Ойрын хугацаанд уралдаан тэмцээнд орох төлөвлөө байхгүй. Учир нь эхлээд өөрийгөө илүү их боловсруулж, сурах зүйл их байна.                                                             

YOLOБүтээлээрээ юу илэрхийлэхийг хүсдэг вэ?

-Ер нь бол янз бүрийн агуулгатай бүтээл хийдэг. Шоколад нь хайр, аз жаргалын бэлэг тэмдэг  болсон амттан учраас ихэвчлэн эерэг, дулаахан сэтгэгдэл төрүүлэхээр бүтээл хийхийг зорьдог.

YOLOАнхны бүтээл гэдэг хүнд мартагддаггүй шүү дээ. Таны анхны бүтээлийн тухайд?

-Хамгийн анхны бүтээл нэг мод байсан.  Харахад хугархай модны мөчир түүн дээрээ цагаан цэцэгтэй.

YOLOЗургийнхаа сэдвийг  хаанаас олж авдаг вэ?

-Өөрийнхөө мэдрэмж дээр тулгуурлан зохиомжилж хийдэг.

YOLOБүтээлээ хийхдээ ямар багаж ашигладаг вэ? Мөн шоколаднаас өөр ямар материал ашиглан бүтээл хийдэг вэ?

-Гал тогоонд хэрэглэдэг тогоочийн хэрэгслээр хийгдсэн.  Материалын хувьд хүнсний будаг болон шоколадны үндсэн орцуудыг салгаж ашигладаг. Мөн какао болон түүнээс гаргаж авдаг тосыг хэрэглэнэ.

YOLOХамгийн их хугацаа зарцуулсан бүтээлээсээ яриач.

-Бүтээл болгоныг ялгаварлаж болохгүй. Миний гараас бүгдээрээ тодорхой хэмжээний цаг зарцуулсны эцэст бүтээл болсон. Харин хамгийн удаан оролдуулсан бүтээл гэвэл титаник хөлөг онгоц.

YOLOТаны цаашдын зорилго?

-Цаашдын зорилго бол өөрийн ажиллаж буй салбараараа дахин сурч боловсрох.

YOLOОдоогоор нийт хэдэн бүтээл урлаад байна вэ?

-Нийт 40 гаруй бүтээл урласан байх. Яг нарийвчлан тоолоогүй ээ.

YOLOХийж байгаа зүйл тань бүтэлгүйтэх үе зөндөө л тулгарч байсан байх. Тэр үед яадаг вэ?

-Дахин шинээр эхэлдэг. Бүтэлгүйтэл маш их гардаг. Жишээ нь, шоколадан цэцэг хийгээд түүнийг нэг зүйлтэй наахын тулд шоколадаар наахад хугарч унах тохиолдол бишгүй гардаг. Нэг л зүйл бүтэлгүйтэхэд дахин шинээр эхлэх болдог.

YOLOТусалж дэмждэг хүмүүстээ хандаж хэлмээр үг бий юү?

-Миний хажууд надад үргэлж итгэж, дэмжиж байдаг хүмүүстээ маш их баярлалаа. Тэр хүмүүсийн ачаар л өдий зэрэгтэй явж байна даа.

YOLOЯрилцсанд баярлалаа. Уран бүтээлийн өндөр амжилт хүсье!

-Баярлалаа.

#Chocolate, #Gallery