ЧОЙЖОО: Долдугаар ангид байхад ангийн багш маань миний үсийг хайчилчихсан


Сэтгүүлч Б.Намуун | YOLO.MN
2018-12-31

Уянгалаг сайхан хоолой, ухаарал хайрлам үгтэй дуугаараа залуучуудын хайртай уран бүтээлчдийн нэг болсон дуучин Б.Чойжилсүрэн буюу Чойжоотой уулзаж ярилцлаа. Төдийлөн ярилцлага өгөөд байдаггүй түүний бага нас болон үзэл бодлоор нь хамтдаа аялцгаая.

YOLOЮуны өмнө энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Уран бүтээлийн олз омог ихтэй юу?

-Шинэ уран бүтээлүүд хийж л байна. Хийгээд бэлэн болчихсон, сонсогчдодоо хүргэх л дутуу байгаа дуунууд ч бий. Сонсогчдодоо хүргэх тохиромжтой үеийг л хүлээж байна даа.

YOLOДуучин Чойжоогийн хувьд Хөгжим бүжгийн коллежид хийлч мэргэжлээр сурч байсан. Яагаад дуучин болохоор шийдсэн бэ?

-Өөрийн уран бүтээлийг хиймээр санагдаад Хөгжим бүжгээс гарч байсан. Багадаа гитар тоглодог, хамтлагтай хүүхэд байлаа. Сүүлдээ дуулмаар санагдаад оролдоод үзсэн чинь болчхоор ч юм шиг байхаар нь дуулаад эхэлчихсэн. Хүн ер нь өөрийн хүссэн юмыг л хийж амьдрах хэрэгтэй.

YOLO“The Pips” хамтлаг 2007 оноос British pop, Indie rock урсгалаар уран бүтээлээ хийж эхэлсэн. Хамтлагийнхаа тухай яриач.

-Хөгжим бүжгийн коллежийн нэг ангийн найзууд нийлэн анх “The Pips”-ийг байгуулж байсан. Нэг нь Никитон хамтлагт, нөгөө нь филармонд байна. Анх хамтлаг байгуулаад бүхнийг шинээр эхлүүлж байсан хүүхдүүд одоо бүгд том том залуучууд болж.

YOLOАнх хамтлагаа байгуулахад хүмүүс хэрхэн хүлээж авч байв?

-Багш нар маань биднийг цахилгаан хөгжим тоглоод эхлэхэд их дургүйцэж байсан. Мөн тухайн үед хип хоп урсгал эрчээ авч байлаа. Харин бид хип хопыг биш амьд хөгжмийг сонгосон. Ийнхүү “Lemons” хамтлагийн ах нартайгаа танилцсан. Тэд ч тухайн үед анхны цомгоо гаргахаар бэлдэж байсан юм. Lemons хамтлаг бидэнд их нөлөөлсөн.

YOLOБагш нар дургүйцэж байсан гэлээ. Багш нарынхаа дургүйцлийг яаж даван гарч байсан бэ?

-Багш нар хэдий  надад зааж зөвлөж байсан ч миний амьдралаар тэд амьдрахгүй. Тиймээс үнэхээр өөрөө зөв гэж бодож байвал өөрийгөө л дагах хэрэгтэй. Би өөрийгөө л дагасан.

YOLOАнхны цомгоо “Оддын дунд үлдсэн дүр” нэртэйгээр гаргаж байсан. Анхны бүхэн сайхан шүү дээ. Анхны цомгоо өлгийдөн авч байсан үеэ эргэн дурсаач?

-Тухайн үед цомог гаргая гэж яг ч бодож байгаагүй л дээ. Ганц хүсэж байсан зүйл минь дуу хийх л байсан. Тэр үед 20 настай, “Оюу толгой” ХХК-д ажиллаж байлаа. Яагаад ч юм бүх юмнаас гэнэт холдмоор санагдаад Өмнөговьд очиж ажилласан. Гэхдээ надад бол тэгж цагаар ажилладаг ажил зохихгүй юм билээ. Хоёроос гурван сар ажилласны эцэст “за больё” гэсэн шийдвэрт хүрэн эргэж ирээд “Сүүлийн үед ерөөсөө гоё дуу гарахгүй байна аа” гэж найзтайгаа ярилцаад хамтран хамт дуу хийхээр шийдсэн. Гэхдээ найз маань урлагийн хүн биш л дээ. Гэсэн хэдий ч найз маань яруу найрагт дуртай. Ингээд бид хоёр үгээ нийлж бичсэнээр “Хүрч чадахгүй” дуу сонсогчдын хүртээл болсон.

YOLOДараагийн цомгоо хэзээ гаргах вэ?

-Ер нь одоо гаргахгүй бол оройтох гээд л байна шүү. Гэхдээ Монголын зах зээлд цомог гаргана гэдэг нэрийн хуудас төдий болсон. Өмнө нь цомог гаргалаа гэхэд сонсогчид тэр цомгийг сонсохын тулд хайж олоод худалдаж аван сонсдог байсан бол одоо цомог гаргасан ч зардлаа нөхөж чадахааргүй болчихсон. Youtube-ээс л бүгд сонсдог болсон. Арга ч үгүй биз дээ бүх юм үнэгүй болчихсон, сонголт ихтэй болсон юм чинь.

YOLOТаныг хайрын дууны элч ч гэж нэрийдэж болохоор дуучин. Яагаад хайраар сэдэвлэн дуунуудаа зохиодог вэ?

-Хайр чинь өөрөө мөнхийн сэдэв шүү дээ.  Гэхдээ би хайр гэхээсээ илүүтэй харилцаа дуулдаг. Хүн бүр л харилцаанд ордог. Тэр харилцаан дунд хайр ч байдаг.

YOLOХайр, харилцаа гэснээс анхны хайрынхаа тухай яриач.

-Анхны хайртайгаа 15 билүү 16 настайдаа учирч байсан. Найзуудтайгаа нийлээд хамтлаг гээд гүйж явахдаа нэг охинд дурласан. Бас л их хүчтэй хайр байсан. Одоо хүртэл бодонгуут догдолдог. Анх хайрлаж үзсэн нь л тэр болохоор надад их нандин санагддаг.

YOLOНэлээн үг дуу цөөнтэй, даруухан дүр төрхөөр сонсогчдодоо танигдсан. Чойжоо маань хэр нийтэч хүн бэ?

-Ер нь бол нийтэч. Гэхдээ олон хүн бужигнасан газар байхаар уур хүрээд байдаг болчихсон байна лээ.

YOLOНөхөрлөлийн үнэ цэнэ юунд оршдог юм бол?

-Итгэл. Итгэл өөрөө их нандин зүйл. Хүний итгэлийг дааж итгэлийг хүлээнэ гэдэг их хэцүү.

YOLOБагадаа ямар хүүхэд байсан бэ? Одоогийнх шигээ даруу төлөв хүүхэд байв уу?

-Би найзууд дундаа бол даруухан хүн биш. Танихгүй хүнтэй дөнгөж уулзчихаад найзуудтайгаа байдаг шиг байгаад байвал эвгүй ойлголт төрүүлнэ. Иймээс дуу цөөнтэй байсан нь дээр гэж боддог. Багадаа нэлээн том толгойтой хүүхэд байсан. Ээждээ эрхлээд, их л том толгойлсон доо. Долоон настайгаасаа хөгжмөөр явчихсан болохоор тийм ийм мэргэжилтэй болно гэж олон юм мөрөөддөггүй байсан. Гэхдээ бас мэргэжлийн мундаг хийлч болно гэх мэтчилэн юм огт мөрөөддөггүй байсан. Яагаад ч юм ой тойнд бууж өгдөггүй байлаа. Багшийн заасныг тоглохоос илүүтэй өөрөө зохиож тогломоор санагддаг тийм хүүхэд байсан. Хөгжим бүжгийн коллеж шаардлага их өндөртэй. 7-р ангидаа  найзтайгаа цуг ангийн багшаараа үсээ хайчлуулж байсан удаа ч бий. Тэр найз маань Никитон хамтлагийн бөмбөрчин Билгүүн.

YOLOСэтгэлээр унасан хэцүү үедээ яаж тайвширдаг вэ?

-Сэтгэлээр унаад байдаггүй. Амьдрал бол амьдрал ш дээ. Хүнд янз бүрийн л зүйл тохиолдоно. Байнга жаргаад байхыг хүсдэггүй. Хүнд янз бүрийн л зүйл тохиолдоно. Зовлон байхгүй бол жаргаж байгаагаа мэдрэхгүй. Хүн зовлонтой байж зорилготой байдаг. Зорилгоо биелүүлж зовлонгоо арилгадаг. Тийм болохоор нэг их сэтгэлээр унаад байдаггүй.

Битгий бэлэнчлээрэй. Алд, дахиад алд, маш их алд. Оролдоод үз. 

Чойжоо

Оюутан сэтгүүлч Б.Намууны хамт

YOLOАмьдралдаа баримталдаг зарчим?

-Баримтлаад байдаг зарчим төдийлөн байдаггүй. Тухайн үед хийхийг хүссэн зүйлээ хийгээд, асуудал тулгарлаа гэхэд шийдлээ хайгаад л явдаг. Заавал ийм байх ёстой гэсэн зарчимтай болчихвол их баригдмал болчихно. Тийм болохоор их чөлөөтэй сэтгэхийг хүсдэг. Энэ магадгүй мэргэжлийн онцлог байх.

YOLOБурхан өөрийн чинь гурван хүслийг биелүүлье гэвэл юу хүсэх вэ?

-Би лав юм хүсэхгүй ээ. Бэлэнчлээд яах юм бэ өөрөө л хийх хэрэгтэй шүү дээ.

YOLOЯрилцлагын маань төгсгөлд уншигчдад маань хандаж үг хэлэхгүй юу?

-Битгий бэлэнчлээрэй. Алд, дахиад алд, маш их алд. Оролдоод үз. Оролдож үзэхгүй бол чи онож, эсвэл алдаж чадахгүй. Хүмүүс би үүнийг хийж чадахгүй байх гэсэн айдастай болоод мөрөөдлөө бодолдоо няцаачихдаг. Туршиж үзээд алдвал дахиад оролдож үзнэ. Оролдож үзээд илүү их сайжирна. Алд гэдэг нь илүү их оролдож үз л гэсэн үг.

YOLOЯрилцсанд баярлалаа. Цаашдын уран бүтээлд нь амжилт хүсье.

#Choijoo