“Монгол Мессенжер” сониноос англи хэл дээрх зохион бичлэгийн анхдугаар уралдаан зарлалаа


YOLO.mn | YOLO.MN
2018-12-04

Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн “Монгол Мессенжер” сонины газар англи хэл дээрх зохион бичлэгийн уралдааныг анх удаа зохион байгуулж байна.Улаанбаатар хотын англи хэлний сургалттай ЕБС-ийн 10-12 дугаар ангийн сурагчдын дунд “Монголын үнэт зүйлс” сэдвийн хүрээнд болох тус уралдааныг ИБУИНВУ-ын Элчин сайдын яам болон МИАТ компани хамтран зохион байгуулах ажээ. 

Уралдааны зорилго нь сурагчдын англиар бичих ур чадварыг хөхиүлэн дэмжих, Монгол орон залуусын нүдээр хэрхэн харагдаж буй, хүүхэд залуус эх орноо хэрхэн үнэлж цэгнэдэгийг нээн харуулах, шилдэг зохион бичлэгүүдийг сонин, сэтгүүл, мэдээллийн цахим хуудсаар түгээн Монгол орныг гадаад ертөнцөд таниулахад хувь нэмэр оруулах, энэ үйлст хүүхэд залуусын оролцоог нэмэгдүүлэх явдал хэмээн зохион байгуулагчид тодорхойлж байна.

Уралдаанд оролцогчид “Монголын үнэт зүйлс” сэдвээр бичсэн зохион бичлэгээ 800 үгэнд багтаан англи хэлээр бичиж 12-р сарын 20-ны дотор “Монгол Мессенжер” сонины mongolmessenger@gmail.com болон mongolmessenger@montsame.gov.mn цахим шуудангийн хаягаар илгээнэ үү.

Зохион бичлэгээс шилдэг гурван байрыг шалгаруулж 500.000, 300.000, 200.000 төгрөгийн мөнгөн урамшуулал болон уралдааныг хамтран зохион байгуулагч ИБУИНВУ-ын Элчин сайдын яамны бэлэг дурсгалыг гардуулах юм.

Монголын анхны англи хэлээрх тогтмол хэвлэл болох “Монгол Мессенжер” сонины редакцаас цаашид уг уралдааныг жил бүр зохион байгуулахаар төлөвлөжээ.

Эх сурвалж: montsame.mn

#Competition