ЗАХИДАЛ: Болдогсон бол цаг хугацааг ухраагаад алдаагаа засмаар байна


ССҮТөв | YOLO.MN
2018-11-30

mail  Yolo.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Болдогсон бол цаг хугацааг ухраагаад алдаагаа засмаар байна

Сайн байна уу? Намайг З гэдэг би 13 настай. Би нэг хөвгүүнтэй үерхдэг байсан юм. Гэтэл сар гаруйн өмнө нэг зүйлээс болоод тэр надаас салсан. Бид хоёр одоо ч гэсэн харьцаатай байдаг. Би түүнд одоо ч хайртай, мартаж чадахгүй байна. Тиймээс би өчигдөр хэр их хайртай, мөн буцаж нийлье гэсэн утгатай зурвас чатаар явуулсан. Харин тэр намайг орой блоклочихсон байсан. Би эхэндээ надаас залхаж дээ гэж бодоод хаяхаар шийдсэн ч чаддаггүй ээ. Уг нь надад одоо ч сэтгэлтэй нь илт байдаг. Би яг яах ёстой вэ? Болдогсон бол цаг хугацааг ухраагаад алдаагаа засмаар байна надад туслаач.

ЗӨВЛӨГӨӨ: Тэр хүү өөрийгөө ойлгохгүй байгаа байж болно

Сайн уу, бидэнд хандсан баярлалаа. Өсвөр насны үерхлийн зорилго нь өөрийгөө, бас нөгөө хүнээ ойлгох, цаашдаа хүнтэй үерхэх, бүр гэрлэх үедээ ямар харилцааг хүсч байгаагаа мэддэг болох, товчхондоо энэ харилцаанаасаа ямар нэг зүйл сурч авах л зорилготой болов уу. Хэрвээ тэгж бодвол чи юу ойлгож, сурсан бэ? Алдаагаа засмаар байна гэжээ. Үнэхээр алдсан бол дараагийн удаа яаж ижил алдаа гаргахгүй байх вэ?

Чамд сэтгэлтэй нь илт байдаг, тэгсэн хэрнэ блоклосон гэхээр энэ хоёр үйлдэл хоорондоо таарахгүй байна. Магадгүй тэр хүү өөрийгөө ойлгохгүй байгаа байж болно. Өөрөө ойлгоод хариу өгтөл нь түр хугацаа өгөөд үзэх үү? Ямар ч байсан чи өөрөө бодоод, шийдвэр гаргаад, буцаж нийлэхийг оролдсон үйлдэл хийчихсэн байгаа нь сайн чанар. Хийсэн үйлдэлдээ битгий харамсаарай. Харин ямар хариу үзүүлэх нь түүний л мэдэх хэрэг учраас өөрийгөө зовоолгүй тайван орхиод үзвэл ямар вэ.

Мөн цаг хугацааг ухрааж болохгүйгээс хойш өнгөрснийг бодож шаналах биш, ирээдүйдээ юу хийж, юу авмаар, юу мэдэрмээр байгаагаа бодоод одооноос өөрийгөө бэлдээрэй. Амжилт хүсье!

Сэтгэл судлаач Б. Алтанцэцэг

#Love, #Letter