А.Бөртэ-Үжин: Эхлэхэд 30 минут дутуу байхад би нүүрээ будуулж, үсээ янзлуулаагүй л байлаа


Сэтгүүлч Б.Намуун | YOLO.MN
2018-11-29

Монголын гоо бүсгүйчүүд дэлхийн өнцөг булан бүрд зохиогдож буй томоохон миссийн тэмцээнүүдэд амжилттай оролцсоор байгаа билээ. Бид ярилцлага булангийн зочноор “Miss Grand International 2018” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон А.Бөртэ-Үжинг урьж ярилцлаа. 

Дашрамд дуулгахад тэрээр 2017 оны “Дэлхийн авьяаслаг миссийн тэмцээн”-ий Тэргүүн байрын мисс бөгөөд “Daegu Haany” их сургууль, “K-Beauty Cluwenco, “Supertalent World record”, “CNK internet news”-ийн хүндэт төлөөлөгч юм. Ингээд авьяаслаг уран нугараач, мисс А.Бөртэ-Үжингийн ярилцлагыг хүргэж байна.

YOLOСайн байна уу? Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу.

-Сайн байцгаана уу? Намайг А.Бөртэ-Үжин гэдэг. 20 настай. СУИС-д бүжиг найруулагч, дэглээчийн чиглэлээр суралцдаг.

YOLOСаяхан “Miss Grand International 2018” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцоод ирсэн. Тайзан дээрээс улсынхаа нэрийг дуудуулсан тэр торгон агшин руу хамтдаа эргэн очицгооё.

-Маш их үүрэг хариуцлагын хажуугаар бахархал, бардамнал зүрхэнд цохилж байдаг. Учир нь чамайг дуудахдаа чиний нэрээр биш улсын чинь нэрээр дуудна. 75 орны гоо бүсгүйн нэрийг цээжлэхэд хүндрэлтэй учраас чамайг дуудахдаа дандаа Mongolia гэж дуудна. Чи сайн байх юм бол "Mongolia мундаг", муу байвал “Mongolia муу байна” гэнэ. Өөрийнхөө улсын нэрээр дуудуулах мөч бүхэнд энд А. Бөртэ-Үжин гэх бие хүн биш Монгол гэдэг улсын төлөөлөл яваа гэсэн бодол төрж хариуцлагатай байх гэж алхам тутамдаа хичээдэг.

YOLOТэмцээн нь хаана болсон, бас 75 орны гоо бүсгүйчүүдтэй хэр удаан хугацааг хамт өнгөрүүлсэн бэ?

-Тэмцээн Мьянмар улсын Янгон болон Баго хотуудад аравдугаар сарын 3-28-ны өдрүүдэд болсон. “Miss Universe Mongolia” тэмцээний зохион байгуулагч “Mongolian Beauty Association”-ий тэргүүн Ж.Анхбаяр ах маань надад санал тавьснаар Монгол улсаас уг тэмцээнд оролцохоор болсон. Цаг хугацаа их тулгамдсан байсан учраас танилцуулга видеогоо хийлгэж амжаагүй. Явах ёстой өдрөөсөө хоёр долоо хоногийн өмнө л мэдсэн учраас бэлтгэл бага зэрэг муу байлаа гэж өөрийгөө голж байна даа.

YOLOӨмнө нь уг тэмцээнд Монгол улсаас хэн гэдэг мисс ямар амжилттай оролцож байсан бэ?

-Монгол Улс уг тэмцээнд 2015 оноос хойш оролцож байгаа. Түрүү жилийн оролцсон миссийг маань С.Анужин гэдэг.

YOLOЭнэ тэмцээн ямар шалгуураар явагддаг вэ?

-Тэмцээний гол зорилго бол хүчирхийлэлгүй, ялгаварлан гадуурхалгүй, энх тайван байдалд хувь нэмэр оруулах явдал юм. Гоо үзэсгэлэнгийн тусламжтайгаар бусдыг сайн сайханд уриалах нь уг тэмцээний маань эрхэм зорилго. Энэ жил Мьянмар улсад зохиогдсон нь тус улсын төр нь үймээн самуунтай байгаатай холбоотой юм билээ. Шалгаруулалтын хувьд усны хувцастай гоо бүсгүй, олны таашаалд нийцсэн мисс, сошиал медиа мисс гэсэн номинацуудтай. Топ 20, топ 10, топ 5 гэсэн шатлалаар тэргүүн миссээ шалгаруулдаг. “Miss Grand International” тэмцээн нь дэлхийд чансаагаараа топ 3-т ордог. Энэ жилийн тэмцээн дөнгөж 6 дахь удаагийнх хэрнэ олон нийтэд хүрэх байдал, зохион байгуулалт маш өндөр байсан. Уг тэмцээнийг гэрээтэй 5 улсад шууд дамжуулдаг. Энэ жил Тайланд, Камбожид албан ёсны эрхтэйгээр зурагтаар нэвтрүүлж эхэлсэн. Тийм болохоор олон үзэгчтэй, олон дэмжигчтэй охидыг ТОП руу оруулах хандлага байсан. Өөрөөр хэлбэл гол шалгуур нь ард түмний дэмжлэг. Энэ хүнийг ТОП руу гаргавал энэ миссийг хэчнээн хүн дэмжиж, хэчнээн хүн үлгэр дуурайлал авах нь уу гэдгийг их хардаг. Түүнчлэн уг тэмцээний ялагч бүтэн нэг жилийн турш дэлхийгээр тойрон аялж хүмүүнлэгийн үйлс хийдэг. Тэгэхээр хэлний мэдлэг маш өндөр байх хэрэгтэй. Энэ жил Парагвай улсын мисс титмийн эзэн болсон бөгөөд тэрээр Испани хэлтэй байсан. Түрүү жил Перугийн ялагч мисс маань ч мөн адил Испани хэлтэй байсан. Үүнийг ажиглаад юу гэж бодсон бэ гэвэл Испани хэл заавал ч үгүй сурах хэрэгтэй юм байна гэдгийг ойлгосон. Монголд ирэхдээ Испани хэл сурна гэсэн зорилготой ирсэн бөгөөд одоо сураад эхэлчихсэн явна /инээв/.

YOLOМонгол Улсын хувьд, өөрөөр хэлбэл өөрийн чинь хувьд ямар амжилттай оролцоод ирсэн бэ?

-Уг тэмцээнд “Авьяаслаг мисс” гэсэн номинац байдаггүй. Гэхдээ тэмцээнийхээ нээлтийн улаан хивсний ёслолоор зочдод болон шүүгч зохион байгуулагчдад авьяасаа үзүүлж нугарсан. 75 орны миссүүдтэй бүгдтэй нь уулзаж ярилцаад байх боломж зохион байгуулагч нарт байдаггүй. Үүнийгээ дагаад чамайг таньж мэдэх боломж гардаггүй гэсэн үг. Харин би өөрт олдсон боломжоо ашиглан өөрийгөө болон улсаа таниулж чадсан. Уг буудлын үйлчлэгчээс эхлээд захирал нь хүртэл намайг танидаг болчихсон байсан. Туузаа зүүгээгүй өрөөнөөс өрөөний хооронд явж байх үед хүртэл үйлчлэгч нь  “Mongolia байна. Хамт зургаа авахуулъя” гэж ирээд зургаа авахуулчихаад баярлаад явж байгааг нь харах үнэхээр сайхан байсан. Тэр өдрөөс хойш намайг хаана ч явсан 100 гаруй ажилчидтай тэр том зочид буудлын харуул хамгаалагчаас нь эхлээд бүгд таньж, их гоё хүндэтгэж харьцдаг болсон. Энэ бол Монголын маань уран нугаралтын нөлөө шүү дээ. Миний уран нугаралтыг харсан зохион байгуулагчид хүртэл “Дараа дараагийн тэмцээнүүдэд авьяас номинацыг бодолцож үзэх хэрэгтэй” юм байна гэж хэлж байсан.

YOLOЭнэ тэмцээн А.Бөртэ-Үжингийн маань хоёр дахь олон улсын тэмцээн байсан шүү дээ. Өмнө нь ямар тэмцээнд ямар амжилттай оролцож байв?

-2017 онд БНСУ-ын Сөүл хотноо зохиогдсон “Дэлхийн авьяаслаг миссийн тэмцээн”-д Тэргүүн байрын эзэн болж “Daegu Haany” их сургуулийн хүндэт төлөөлөгч, “K-Beauty Cluwenco”-гийн хүндэт төлөөлөгч, “Supertalent Duty free shop”-ын зар сурталчилгааны нүүр царай, “Supertalent World record”-ын хүндэт төлөөлөгч, “CNK internet news”-ийн хүндэт төлөөлөгч, “Red Angel World Pr”-ын зар сурталчилгааны төлөөлөгчөөр тус тус шалгарсаны зэрэгцээ 2018 оны Пёонгчанг Өвлийн Олимпын нээлтэд оролцох эрхтэй болсон.

YOLOДараагийн удаа ямар тэмцээнд оролцохоор зорьж байна вэ?

-“Miss Grand International” тэмцээний хувьд ихэнх оролцогчид нь 27 настай миссүүд байсан. Би гарын таван хуруунд багтах 19, 20 настай залуу оролцогчдынх нь нэг байв. Тэгэхээр эмэгтэй хүний намба сууж, төлөвшдөг үе 25-27 наснаасаа эхэлдэг юм болов уу гэсэн би бодсон. Тиймээс яг одоогоор миний хувьд миссийн тэмцээн хангалттай гэж бодоод ирлээ. Магадгүй дөрөв, эсвэл таван жилийн дараа илүү төлөвшиж, одоогийнхоосоо огт өөр болох ч юм билүү. Одоо бол өөрийгөө арай жаахнаараа л гэж бодож байна. Миссийн тэмцээнд орох гэж буй охиддоо мөн хэлэхэд хувь хүний төлөвшил дээрээ сайн анхаарч, хэлний мэдлэгээ сайжруулаарай. Тэмцээний  оролцогч Япон охин маань Англи хэлгүй байсан учраас би Японоор орчуулж өгдөг байсан. Олон хэлтэй байснаар найз нөхөд ч мөн ихтэй болдог. Миний дөрөв таван жилийн дараа оролцохоор зорьсон тэмцээн бол “Дэлхийн мисс”. Хэрвээ өмнө нь асуусан бол би 12 жил суралцсан хөдөлмөрийн үр шимээ Дэлхийн миссийн тайзан дээрээс харуулаад нугарчих л юм бол хүсэл биелэх гэж буй мэт хариулах байсан биз. Харин “Miss Grand International” тэмцээнд яваад ирсний дараа өөрийгөө илүү сайн бэлдээд Дэлхийн миссийн титмийг эх орондоо авчрах хүсэлтэй болсон.

YOLOЯагаад бүжиг дэглээч мэргэжлийг сонгосон бэ?

-Би анх МУИС-ийн Олон улсын харилцаанд орчихсон байсан. Гэхдээ нугаралтаараа ажиллах хүсэл их байсан учир нэмэлт элсэлтээр СУИС-д элсэн орсон.

YOLOБагадаа ямар хүүхэд байсан бэ? Бага насныхаа тухай дурсаач

-Би анх найман настайгаасаа уран нугаралтаар хичээллэж эхэлсэн. Миний бага нас бусад хүүхдүүдийнхээс харьцангуй өөр өнгөрсөн гэж боддог. Би гадаа тоглоод байдаггүй нэлээн намбатай хүүхэд байсан. Хүүхдүүд гадаа тоглож байхад би нэг л их ядарсан хүүхэд цүнхээ чирч гэртээ ирээд цайгаа уучхаад бэлтгэл рүүгээ явна. Орой бүр ядарчихсан хүүхэд гэртээ ирж байхад нөгөө хүүхдүүд гадаа тоглож л байдаг байсан. Ахлах ангийн сурагчдын үерхэл шохоорхлоос ч хол байсан. Хайрлаж дурлах ч завгүй хүүхэд байсан даа. Хичээл, уран нугаралт, балетын  бэлтгэл гээд л. Ер нь багадаа их завгүй байсан хүүхэд том болохдоо ч тэр ритмээрээ амьдардаг юм шиг. Завгүй байлаа гээд буруудсан юм нэг их алга л байна. Хүн ер нь завтай болоод ирэхээрээ л элдэв юм бодоод, элдэв юманд санаа зовоод, хийх юмаа олж ядаад ирдэг шүү дээ.

YOLOТэмцээний сэдэв рүүгээ эргээд оръё. Тэмцээнд оролцож байх үед тохиолдсон хүндрэлтэй болоод хөгтэй явдлаасаа сонирхуулаач

-Хүндрэл маш их байсан. Гэхдээ тэр хүндрэлийг би одоо энд яриад ялархаад байх шаардлагагүй. Бүгд л  хүнд нөхцөлд байсан. Би өөрөө дархлаа султай хүн. Жоохон ядрахаар л нүдэн дээр өвдөг гарчихдаг. Гэтэл очоод 14 хонож байтал нүдэн дээр өвдөг гарчихлаа. Гайгүй байлгүй дээ гээд будаад  явж байсан чинь нүд нээгдэхээ больтлоо хавдчихсан. Зохион байгуулагчид намайг эмнэлэг рүү дагуулж яваад эм бичүүлж авсан. Гэхдээ магадгүй тэр эм нь надад таардаггүй эм байсан юм болов уу?  Миний бие хавагнаад нэг их хөөсөн нүүртэй хүн л болчихсон. Сошиалаар санал авах зургаа авахуулахаас өмнө нүүр бие чинь хавагнаад нүд чинь хавдаад нээж болохооргүй болчихсон нүдээ будаж болохгүй байна гээд бод доо. Бүх юм эхлэхэд 30 минут дутуу байгаад байдаг. Гэтэл би нүүрээ будуулаагүй, үсээ янзлуулаагүй хэвээр. Бусад оролцогчдоо хараад уйлмаар санагдаад ариун цэврийн өрөөнд уйлж уйлж байгаад гарч ирээд нүдээ будаж болохгүй ч гэсэн будаад тайзан дээр гарч байсан. Гэхдээ энэ хэрээр илүү хүчирхэгжиж байсан.

YOLOХэрвээ бурхан өөрийн чинь гурван хүслийг биелүүлье гэвэл юу хүсэх вэ?

-Ээжийгээ мөнх амьдруулахыг хамгийн эхэнд хүснэ байх. Дараа нь бүх хүмүүсийг атаа хорсолгүй болгохыг хүснэ. Хамгийн сүүлд гайхалтай эрдэм мэдлэг, оюун ухаан.

YOLOЯрилцлагын төгсгөлд уншигчдад маань хандаж үг хэлэхгүй юу

-Хайраа бие биедээ түгээж амьдраарай. Геометр, математик надад хэрэг болохгүй, Стив Жобс сургуулиа хаясан ч тэрбумтан болж чадсан гэх мэт зүйлсийг бодсоор л яваа бол буруу шүү. Одоо бол та бүхний сурах л нас. Тиймээс их зүйлийг сурч мэд. Чи бүгдийг хийж чадна. Тиймээс бүхнийг туршиж үз. Дуртай зүйлээ ол.

YOLOЯрилцсанд баярлалаа. Амжилт хүсье!

#MissGrandInternational