5fe40ebd63080.png 5fe40ebd63155.png

ЗАХИДАЛ: Одоо би түүнийг харахгүйг их хичээдэг


ССҮТөв | YOLO.MN
2018-11-13

mail  Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Одоо би түүнийг харахгүйг их хичээдэг

Сайн байн уу? Би ахлах ангийн жирийн л нэг охин. Тэр хүүхэд бид хоёр хэдэн жил нэг ангид суусан. Aнхандаа би түүнийг нэг их анзаардаггүй байсан ч тэр нэгэн намраас эхлээд бид 2 үе үе харц тулгарч, өөрийн мэдэлгүй л би дасч эхэлсэн. Харц тулгарахаараа би сандраад л өөр тийшээ харчихдаг. Нүдний буланд тэр над руу хараад байгаа нь ч анзаарагддаг байсан. Бараг л өдөр болгон харц тулгардаг ч тэр  надад сайн биш байх. Хэдий нэг анги ч гэсэн нэг их харьцаад байдаггүй. Магадгүй надтай дотносохыг хүсдэггүй байх. Бас чаталдаг ч үгүй. Гэхдээ л мартъя гэхээр өдөр болгон харц тулгардаг болохоор үнэхээр чадахгүй байв. Их удаан тиймэрхүү байдалтай явсан.  Харин өмнөхөө бодвол харц тулгарахаа бараг больсон. Би ч өөрөө харахгүйг их хичээдэг. Гэхдээ ярилцах тусам илүү их таалагдаад, үргэлж л бодогдоод, тэр хичээлдээ ирэхгүй бол анги тэр чигтээ хоосон оргиод, хичээлдээ явах шалтгаан минь тэр л болоод байх юм. Би түүний сул талд нь хүртэл татагдаад байх юм. Нэг анги болохоор мартаж чадахгүй нь. Одоо ч үе үе нэгэн рүү гээ харсан хэвээр байгаа гэж би л бодоод байгаа юм болов уу?

Нэг анги болохоор, найзууд маань таних болохоор ярилцаж зөвлөгөө авах хүн байхгүй болохоор танай сайтад хандлаа. Баярлалаа!

ЗӨВЛӨГӨӨ: Энгийн харилцаанаас битгий зугт

Сайн байна уу? Захиа илгээсэнд баярлалаа. Хайр сэтгэлийн тухайд, бид зорилготойгоор хэн нэгэнд сайн болдоггүйтэй адил хүчээр сэтгэлээ татаж авахад хэцүү. Үүнд цаг хугацаа орно. Тэр намайг тоохгүй, би түүнээс зайгаа барих хэрэгтэй гэж бодоод харилцаагаа тусгаарлах хэрэггүй. Мэдрэмжээ битгий нуу. Чам руу хараад байгаа бол мишээгээд, өглөө тааралдвал мэндлээд, аль болох мэдрэмжээ нуулгүйгээр үнэнээрээ байгаад үз. Гэхдээ мэдрэмжээ битгий нуу  гэдэг нь шууд очоод сэтгэлээ илчил гэсэн үг огт биш. Энгийн харилцаанаас битгий зугт гэсэн үг. Түүнтэй энгийнээр эелдэг харилцаарай. Энэ нь та хоёрын харилцааг холдуулахгүй байх энгийн арга юм. Тиймээс эхний ээлжинд үнэнээрээ байгаад үз, чамд юу мэдрэгдэх нь вэ, түүний хандлага ямар байх нь вэ гэдгийг ажиглаад сэтгэлээ илчлэх, эсвэл мартах эсэхээ шийдээрэй. Чамд амжилт хүсье!

Сэтгэл Судлалын Үндэсний Төв

Туслах сэтгэл судлаач

М.Анир

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж   цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой дурдаарай. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

#Love, #Letter