ЗАХИДАЛ: Намайг эрлийз гэж гадуурхдаг


ССҮТөв | YOLO.MN
2018-11-10

mail  Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Намайг эрлийз гэж гадуурхдаг

Сайн байна уу? Би дунд сургуулийн сурагч охин байна. Эцэг эхийн маань нэг нь гадаад хүн.  

Би үнэндээ гэр бүлтэйгээ аз жаргалтай, сэтгэл хангалуун байдаг. Гэвч хүүхдүүд намайг "эрлийз" гэж миний ардуур таагүй зүйлс ярьдаг. Бага ангид байхад бүр ч долоон дор, шууд л миний өмнө намайг муулж, гадуурхдаг байсан. Хэдий одоогоор тэгж гадуурхагдахгүй байгаа ч хүмүүс миний араар ярихыг үнэхээр тэвчиж чадахгүй байна. Бас эрлийз гэхээр яагаад тэгэж их сонин хүлээж авдаг юм бол? Зарим хөвгүүд миний нэрийг албаар буруу дууддаг.

Эцэг эхдээ хэлэхээр тэднийг гомдоочих болохоор хэлж чадахгүй байна.

Би цаашдаа яах хэрэгтэй вэ? Хүүхдүүд намайг гадуурхахаа болих болов уу?

АСУУДАЛ: Өөрийн үнэлэмж, өөртөө итгэлтэй байдал маш чухал шүү

Сайн уу? Захиа очих өдрийн мэнд хүргэе! Бидэнд хандан захиа илгээсэнд баярлалаа. Эхлээд ялгаварлан гадуурхах үзлийн талаар багахан мэдээлэл хүргэе гэж бодлоо. Ялгаварлан гадуурхах үйл явцыг шууд болон шууд бус гэж хоёр хуваадаг. Шууд ялгаварлан гадуурхалт нь илтээр шударга бус, тэгш бус байдлаар харьцахыг хэлнэ. Тодруулбал: янз бүрээр нэрлэх, хочлох, таагүй харьцах. Шууд бус ялгаварлан гадуурхалт нь харахад шударга хандаж буй мэт боловч шударга бус, тэгш биш харилцаж байгааг хэлнэ. Ер нь бусдыг гадуурхах нь нэг бол гадуурхаж буй хүн өөрөө сэтгэл зүйн асуудалтай, дутуугийн мэдрэмжтэй, айдастай байгаагаас эсвэл зүгээр л санаандгүй байдлаар тухайн хүнээ хэр гомдоож байгаагаа ойлголгүй хийсэн гэнэн үйлдлүүд байдаг.  

Яавал дээр вэ?

1. Ямар нэг зүйл хийхгүй л бол хүүхдүүдийн энэ үйлдэл зүгээр л алга болчихдоггүй нь харамсалтай. Тэгэхээр чиний хийж чадах зүйл гэвэл насанд хүрэгчдэд хэлэх эсвэл өөрөө тухайн хүүхдүүдтэй очиж ганцаарчилж уулзах. Чамд ямар мэдрэмж төрж байгаа, ахиж ингэхгүй байхыг эелдгээр хүсэх.

2. Өөрийн үнэлэмж, өөртөө итгэлтэй байдал маш чухал шүү. Хүмүүст чамайг янз бүрээр хэлэх боломжийг бүү олгоорой. Ямар сайхан гэр бүлтэй, тэдэндээ үргэлж сэтгэл хангалуун байдгаа өөртөө сануулж өөрийгөө зоригжуулж байгаарай.

3. Заримдаа хэт их ач холбогдол өгч тоох нь асуудлыг улам илүү дэвэргэх хүчин зүйл болж болзошгүй. Магадгүй чи хэтрүүлж хүлээж аваад байгаа юм биш биз? Үнэхээр чиний талаар муу зүйлс ярьсанд нь итгэлтэй байна уу?

4. Өсвөр насны хүүхдүүд заримдаа юу ч бодолгүй, ямар үр дагавартайг нь мэдэхгүй ярьдаг. Тэд том болох тусам улам ухаантай болж юуг ярьж болох болохгүйгээ ялгадаг болно гэдэгт итгээрэй.

Амжилт хүсье! 

Сэтгэл Судлалын Үндэсний Төв

Туслах сэтгэл судлаач

Г.Отгонцэцэг

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж   цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой дурдаарай. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

 

#Letter