ЗАХИДАЛ: Би түүнээс салах ёстой юу?


ССҮТөв | YOLO.MN
2018-11-02

mail  Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Би түүнээс салах ёстой юу?

Сайн байна уу? Энэ захидал очих ѳдрийн мэнд хүргэе. Найз охинтойгоо үерхээд 1 жил гаруй болж байна. Гэвч яг жилийн ой болохын ѳмнѳх ѳдѳр надаас салья гэсэн. Би арай гэж болиулсан ч нэг л хѳндий харьцаад байна. “Яагаад салах гээд байгаа юм?” гэж асуусан чинь “Чамд сэтгэл алга. Бүтэн нэг жил зовлоо” гэсэн. Би уул нь чадхаараа л хичээсэн.

Өмнѳ үерхэж байсан хүүхэд нь анхны гэсэн бүх юмыг нь авчихаад хаяад явчихсан юм байна лээ. Би яаж ийж байгаад тэрийг нь мартуулъя гэсэн ч чадахгүй юм.

Уг нь надад их хайртай. Ядаж байхад би ѳѳрѳѳ тийм романтик биш. Надад тийм мэдлэг, мэдрэмж байхгүй. Анхнаасаа л хичээл хичээл гээд явчихсан номын хүн байгаа юм.

Гол асуудал нь надтай нэг л хѳндий харьцаад, бас ѳѳрѳѳ намайг гадаадад сурч, эсвэл англи хэлээ сайжруулахгүй бол сална гэсэн. Заримдаа би зүгээр л амиа хорломоор санагдах юм. Даан ч МѲРѲѲДѲЛ, ХҮСЭЛ, ЗОРИЛГО, ѳвѳѳ, эмээгээ бодоод чадахгүй юм. Би хэзээ ч амиа хорлочихож магадгүй юм шиг санагдаад байна.

Энэ асуудлуудыг яаж шийдэх вэ? Би түүнээс салах ёстой юу?

ЗӨВЛӨГӨӨ: Цаашид чамайг хайрлах, бүр гэр бүл болох хүн гарч ирнэ

Сайн уу? Бидэнд хандан захиа ирүүлсэнд баярлалаа. Хүн амьдралынхаа туршид маш олон төрлийн хүмүүстэй харилцдаг. Харилцаа бүр өөр өөрийн гэсэн онцлог, давуу, сул талтай. Иймд харилцаанд асуудал гарлаа гээд тэр асуудлыг нь шийддэг болохоос биш тэр хүнтэйгээ харилцахаа болино гэсэн үг биш. Үүнтэй адилаар амьдралд асуудал тулгарлаа гээд асуудлыг нь л шийдэх болохоос амьдралаа дуусгаж бас болохгүй. Хүний хамгийн сайн хийдэг зүйл чинь асуудалд шийдэл олох юм шүү дээ. Чи бусдыг гэсэн маш сайхан сэтгэлтэй юм. Үүнийгээ ашиглаад юу хийж болох талаар хамтдаа жагсаалт гаргая.

  • Эмээ өвөөгийхөө ачийг хариулах. Сайн сурч, эрүүл саруул амьдрах
  • Найз охиндоо өөрийгөө батлан харуулах. Хийж чадах бүх зүйлсээ хийчихвэл дараа нь юу ч болсон чи харамсахгүй шүү дээ.
  • Англи хэлээ сайжруулж, магадгүй гадаадад тэтгэлэгтэй суралцахаар зорих, түүнийхээ төлөө тууштай хөдөлмөрлөх.

А, Б, В, Г... гэх мэт цааш үргэлжлүүлэн энэ жагсаалтыг гүйцээгээд түүнийхээ дагуу тууштай хичээгээрэй. Цаашид чамайг хайрлах, бүр гэр бүл болох хүн гарч ирнэ. Гэр бүлээ ямар байгаасай гэж хүсч мөрөөддөг вэ? Мөн чи өөрийгөө ч гэсэн хайрлаж болно. "Энэ хүртэл олон зүйлсийг сайн хийж, байдаг чадлаараа хичээж байгаад баярлалаа" гэж өөртөө хэлээд, өөртөө нэг сайхан хоол хийж өгөөрэй. Чиний бүх зүйлсэд амжилт хүсье!

Сэтгэл Судлалын Үндэсний Төв

Туслах сэтгэл судлаач

С.Цолмон

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж   цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой дурдаарай. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

#Love, #Letter