Чих рүү ордог бус гадна талд нь зүүдэг том чихэвч хэрэглэхийг зөвлөж байна


YOLO.mn | YOLO.MN
2018-10-26

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаанд өсвөр үеийнхний 46 хувь нь сонсгол муудах шинж тэмдэг илэрсэн гэжээ. Мөн зургаан хүн тутмын нэгд сонсгол муудах шинж тэмдэг илэрсэн байдаг аж.

Орчин үед чихэвчийн хэрэглээ асар ихсэж байна. Гудамж талбай, гэрт гээд ажил хэрэг, хичээл сургуулиас эхлээд олон шалтгаанаар нас харгалзахгүй чихэвчийг хэрэглэж байна.

Гэвч олон улсын судалгаагаар өдөрт 50 хувиас чангагүй хөгжим болон яриаг 30 минут сонсоход хэвийн гэж үздэг. Үүнээс ихэдвэл сонсголд муугаар нөлөөлдөг аж.

Чихэвчний хөгжим ирээдүйн сонсголын аппараттай эсвэл дунгийн суулгацтай хүмүүсийг бэлдэж байна

Тэрбээр, “Сүүлийн хэдэн жил чихэвч ашигладаг нь түгээмэл болоод байна. Ингэхдээ ихэвчлэн чихэн дотор ордог жижиг чихэвчийг хэрэглэж байна. Дээр нь тухайн дуу хөгжим, яриаг ихэвчлэн өндөр хэлбэлзэл дээр сонсож байна. Ингэснээр сонсголын мэдрэл ядарч, сонсголын эсүүд гэмтдэг. Чихэвчний хөгжим ирээдүйн сонсголын аппараттай эсвэл дунгийн суулгацтай хүмүүсийг бэлдэж байна гэсэн үг.Тэгвэл зайлшгүй шаардлагаар чихэвч хэрэглэдэг бол чих уруу ордог жижиг чихэвч бус чихийг бүхэлд нь дардаг том чихэвч хэрэглэхийг Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Чих, хамар, хоолойн тасгийн эрхлэгч АУ-ны доктор Л.Бямбасүрэн зөвлөж байна.

Чих орчмын яс дуу чимээг дамжуулдаг. Чихэнд ордог жижиг чихэвч хэрэглэхэд гаднын чимээ давхар сонсогддог тул тэр чимээг дарахын тулд чанга сонсдог. Чанга сонсох нь сонсголд муугаар нөлөөлнө. Харин том буюу чихийг бүрхэж байрладаг чихэвч нь гадна талыг нь хаачихдаг тул дууг нам түвшинд сонсох боломжтой болдог. Зайлшгүй чихэвч ашиглах шаардлага гарвал аль болох битүүмжлэл сайтай, гадна талд нь зүүдэг чихэвч сонгох хэрэгтэй” гэдгийг хэллээ.

Мөн тэрбээр өндөр давтамжтай дуу чимээнд ажилладаг хүмүүс сонсгол хамгаалах хэрэгслүүдийг тогтмол хэрэглэж байхыг зөвлөсөн. Өндөр дуу чимээнд найман цагаар долоо хоног ажиллахад сонсголын эсүүд гэмтэж эхэлдэг гэсэн судалгаа байдаг тул ийм дуу чимээнээс хамгаалах шаардлагатай байдаг аж. Тухайлбал, төмөр замын машинистууд 5-10 жилийн дараа сонсгол буурч, сонсох мэдрэлийн эмгэгтэй болдог байна. Тиймээс хамгаалах хэрэгслүүдийг хэрэглэж хэвших шаардлагатай гэв.

#Headphone