TOEFL-ийн ЖИШИГ ШАЛГАЛТ хийх боломжтой үнэгүй вэбсайтууд


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2018-10-21

Хүн бүрийн хэл сурах арга барил, тухайн хэлний мэдлэгийн түвшин харилцан адилгүй.

Албан ёсны хэлний шалгалтууд (TOEFL, IELTS) тухайн хүний түвшинг тодорхойлж, зохих оноог өгдөг. Зарим хүмүүс сайн ярьдаг атал бичгийн чадвар тааруухан, зарим нь бичгийн чадвар сайн ч ярих тал дээр асуудалтай байх нь олонтаа тохиолддог. Тиймээс ямар ч хэлний шалгалтыг өгөхөөс өмнө заавал “жишиг шалгалт”-аар өөрийгөө сорьж үзэх хэрэгтэй. Ингэснээр хэлний мэдлэгийн түвшин шалгаад зогсохгүй, тухайн шалгалтыг өгөөд хэдэн оноо авах боломжтой байна гэдгээ мэдэх нь хожим хэрэг болно.

     Ямар  ч шалгалт өгөхөөсөө өмнө сэтгэл санаагаа бэлдэж, тухайн шалгалтыг хэрхэн явагддаг, аль хэсэгт юуны талаар байдаг, ямар хэлбэртэйг нь мэдэж байвал маш том давуу тал болдог. Тиймээс дараах вэбсайтууд руу хандаж цаг заваараа “жишиг шалгалт” өгөхийг зөвлөж байна.

www.4tests.com/toefl

Энэ вэбсайт руу хандсанаар та яг л TOEFL-ийн шалгалтын жишгээр даалгавруудыг нь гүйцэтгэх болно. Мэдээж оноог тань тооцоолж өгөхөөс гадна, юун дээр алдсан, аль нь зөв хариулт байсныг мэдэх боломжтой

www.bestmytest.com

Цахим ертөнцийг ашиглан жишиг шалгалт өгөх нь зорилтот оноогоо авахад тань маш том тус хүргэх нь гарцаагүй.  Энэ бол bestmytest.com-ийн гол зорилго. Өөрөөр хэлбэл таны хүссэн оноог авах хүртэл танд туслах болно.

Шалгалтаа өгөхөөс гадна, тестүүдийг нь Pdf хэлбэрээр татаж авах боломжтой бөгөөд  TOEFL-ийн номуудыг ч татаж авч болно. 

www.graduateshotline.com

Танд TOEFL-ийн талаарх бүхий л зөвлөгөөг өгөхөөс гадна дүрмийн болон түүнтэй холбоотой жишиг тестүүд бий.

www.examfocus.com

Энэ сайтад зөвхөн TOEFL ч биш GRE, GMAT, IELTS, SAT гэх мэт маш олон төрлийн шалгалтын материал байдаг. Тиймээс та хүсвэл эдгээр шалгалтуудын тухай уншиж судлаад, жишиг тестүүдийг нь хийх боломжтой. Шалгалт бүрийн онцлог, хэрхэн явагддаг талаар дэлгэрэнгүй тайлбартай бөгөөд хэсэг тус бүрт зориулсан тестүүдийг байрлуулжээ.

www.english-test.net

Та өөрийн англи хэлний түвшинг мэдэх үү? Мэддэг бол өөрийн түвшинд тохирсон материалаа сонгож хийх боломжтой. Харин мэдэхгүй бол түвшнээ тогтоох боломжтой шүү. Энэ вэбсайт танд тусална

www.testpreppractice.net

TOEFL-ийн шалгалтанд бэлдэхэд хэрэгтэй ном, сурах бичиг болон уг шалгалтын “унших”  хэсгийн жишиг материалыг хийж гүйцэтгэх боломжтой.

www.nonstopenglish.com

Энэ сайт бол англи хэлний шалгалт өгөхөөр бэлдэж буй бүх оюутнуудад зориулсан мэдээлэл, мэдлэг түгээх бааз юм. Англи хэлний дүрмийн хичээлүүд болон түүнтэй холбоотой бүхий л дасгал, даалгавруудыг та эндээс авах боломжтой.

Эцэст нь зөвлөхөд цагаа зөв төлөвлөж, хичээх нь чухал шүү. Танд амжилт хүсье!

#Language