Лионел МЕССИ-гийн гайхам түүх


Г.Сэргэлэнбаатар | YOLO.MN
2018-10-15

Энэ цагийн хөл бөмбөгийн домог, Аргентиний шигшээ багийн довтлогч, Барселона клубын ахлагч Лионел Мессигийн амьдрал, намтар, сонирхолтой баримтуудыг та бүхэндээ хүргэж байна.

ӨВДСӨН БЯЦХАН ЛИОНЕЛ

Тэрээр Аргентины Санта-Фед хотод 1987 оны зургадугаар сарын 24-нд Хорге Горацио Мессигийн хүү болон мэндэлжээ. Таван настайдаа Месси хүү анх аавынхаа дасгалжуулдаг хүүхдийн “Грандоли” багт хөлбөмбөг тоглож эхэлжээ. Аргентин довтлогчийн хөлбөмбөгийн замнал 1995 онд “Ньюэллс Оулд Бойз” багаас эхэлжээ. Гэвч 11 настайдаа Месси өсөлтийн гормоны дутагдал өвчинд нэрвэгджээ. Хэдийгээр “Ривер Плэйт” баг түүнийг ихээр сонирхож байсан ч хүүгийн сард 900 доллар төлөх эмчилгээний зардлыг төлөх боломжгүй байв. Харин “Фс Барселона” багийн спортын захирал Карлес Резач Мессигийн ур чадварыг анзаарч, “Хэрэв Барселона багт элсэхийг зөвшөөрвөл эмчилгээг нь бүрэн хариуцана” гэж амласан байна. Ингээд 13 настай бяцхан жаал азаа үзэж, хүчээ сорихоор шийдэн Атлантын далайг гаталж Барселонад ирж 14-өөс доош насны хүүхдийн багт элсэн орсон байна. Хүүхдийн багийн нас насны түвшин бүрт Мессигийн ур чадвар ер бусын хурдаар өсөн нэмэгдсээр Барса С, Барса Б, тэр ч бүү хэл үндсэн багийн бүрэлдэхүүнд хүрэх замыг тэрээр хамгийн богино хугацаанд туулан гарч ирсэн юм.

ТҮҮНИЙ АНХНЫ АМЖИЛТ РЕКОРД ЭВДЭВ

2003-2004 оны улиралд 16-хан насандаа 1-р багийн бүрэлдэхүүнд багтаж анхны тоглолтдоо оролцов. Энэ бол Портогийн Драгон цэнгэлдэх хүрээлэнгийн нээлтэд зориулсан нөхөрсөг тоглолт байлаа. 2004 оны 10-р сарын 16-нд Барселонагийн дэрби Эспаньолтой Олимпик цэнгэлдэх хүрээлэнд хийсэн энэ тоглолтонд баг нь 1-0 харьцаагаар ялсан билээ. Энэ улиралд Барселона лигтээ ялалт байгуулсан юм.

Үндсэн багийн хэд хэдэн тоглогчдын ноцтой гэмтлийн улмаас нөөц багаас цөөнгүй тоглогч дуудагдаж байсан үед Месси багийн байнгын нэгэн боллоо. 2005 оны тавдугаар сарын 1-нд тэрээр Албакете багийн эсрэг тоглолтод гоол хийж Барсагийн түүхэн дэх хамгийн залуудаа хаалганд бөмбөг оруулсан дээд амжилт тогтоож байв. Энэ үед тэр 17 нас 10 сар 7 хоногтой байжээ.

ТҮҮНИЙ ТАЛААР СОНИРХОЛТОЙ БАРИМТУУД

  • Месси Итали гаралтай. Түүний өвөг эцэг нь Италиас Аргентинд нүүж ирсэн цагаачид байжээ.
  • Месси Испанийн шигшээ багт дуудагдаж байсан. Түүнийг 2006 онд Испанийн дасгалжуулагч асан U20 шигшээд дуудсан боловч тэрээр Аргентиний шигшээ багийг сонгосон билээ. Тэр жилдээ Аргентинд Залуучуудын дэлхийн аварга болсон юм.
  • Месси анх өсөлтийн гормоны дутмагшил өвчтэйг мэдээд аав нь өндөг болон жүржээр жонглердуулж Барселона, Реал Мадрид клуб руу явуулж байсан.
  • Месси анх 3 настайдаа хөлбөмбөг тоглож эхэлсэн бөгөөд анхны багш нь түүний аав.
  • Месси “Барса”-гийн хүүхдийн багийн төлөө анхны тоглолтдоо таван гоол оруулж байсан.
  • Түүнийг хөлбөмбөг тайлбарлагч Э.Балжинням “Хөлбөмбөгийн бурхан тэнгэрийн хүү” хэмээн хэлсэн нь бий.

  • Мессиг эмч нар “тэр 140 см-ээс илүү өсөхгүй” гэж байв. Гэвч одоо тэр 172 см өндөртэй.

  • Месси гоолын баяр хийгээд тэнгэр лүү хоёр долоовор хуруугаараа заадаг нь бурхан болсон эмээдээ зориулдаг. Эмээ нь түүнийг хөлбөмбөгийн сургалт руу нь үүрч явдаг байсан гэдэг. Түүнийг хамгийн их дэмждэг байсан хүн эмээ нь байжээ.

  • Месси 10 дугаартай тоглодог. Үе үеийн домгууд 10 дугаартай. Жишээ нь: Ronaldinho, Rivaldo, Maradona гэх мэт.

  • Ихэнх хүмүүс Роналдо, Месси хоёрыг өстөн дайсан гэж ойлгодог боловч зөвхөн тэд өөрсдийн багийнхаа төлөө бүхнээ дайчилж тоглодог шилдэг тоглогчид юм.

#Story