5fe40ebd63080.png 5fe40ebd63155.png

Ч.Ган-Инж: Өндөр суудалтай өмд өмсөхөд хөл урт харагддаг


Үжин | YOLO.MN
2016-03-16

Фэйсбүүкт гадаад имиж, хувцаслалтын хэв маягаар танил болсон Injee Enji  буюу Ч.Ган-Инжтэй ярилцсан юм. Өсвөр насныхан төдийгүй ямар ч хүний харааг булаасан энэ үзэсгэлэнтэй бүсгүй өөрийн сонирхол, хувцаслалт, нүүр будалт, үс засалтаараа  бусдад үлгэр дуурайл болж, боломжоороо зөвлөж туслахыг хичээдэг ажээ.

YOLO: “Inj.fashion хуудсыг хэзээ нээсэн бэ?
“Inj.fashion” хуудсыг би Солонгост 1-р курст суралцаж байхдаа нээсэн юм. Одоогоос дөрвөн жилийн өмнө ажиллуулж байгаад завгүй болоод түр орхисон. Сургуулиа төгсөөд эргээд сэргээтэл хандалт ихтэй байхаар нь цаашид идэвхтэй хөтлөхөөр боллоо. Би чөлөөт цагаараа онлайнаар хувцасны худалдаа явуулахын зэрэгцээ энэ хуудасдаа өөрийн хувцасны стиль болон яг одоо тренд болж байгаа хувцасны зургууд оруулж байна.

YOLO: Солонгост загварын чиглэлээр суралцсан уу эсвэл ондоо мэргэжил үү?
Ондоо. Уг нь загварын чиглэлээр суралцах хүсэлтэй байлаа. Тэтгэлэгт хамрагдахдаа би загварын чиглэлийн мэргэжилд материалаа явуулах гэсэн боловч тэр жилдээ энэ мэргэжлийн бүртгэлийн хугацаа нь дууссан байсан. Бизнест бас сонирхолтой байсан учраас Бизнесийн удирдлагаар суралцаад төгссөн.

YOLO: Загварын энэ санаануудыг хаанаас авдаг вэ?
Би багаасаа загварт их сонирхолтой байсан. Загвар зохион бүтээгч мэргэжилтэй болно гэж мөрөөддөг байлаа. Багадаа Fashion TV үзээд суучихдаг хүүхэд байсан болохоор загварын мэдрэмж суусан байж магадгүй. Одоо бол Фэйсбүүк, Инстаграмм гэх зэрэг нийгмийн сүлжээнээс загварын гоё санаанууд олж авдаг. Ерөнхийдөө би 70-80 аад оны үеийн загваруудад илүү дуртай. Тэр үеийн загваруудаас илүү гоё санаа авдаг.

YOLO: Өглөө өөртөө хэчнээн хугацаа зарцуулдаг вэ?
Хүмүүс их уддаг гэж боддог юм шиг байна лээ. Би ерөөсөө тэгж уддаггүй. Нүүрээ будах, хувцсаа өмсөхдөө 30-40 минут л зарцуулдаг.

YOLO: Хувцсаа хооронд нь зохицуулж өмсөх л чухал юм шиг. Хэчнээн сайхан хувцас сонголоо гээд зохицуулж, өөртөө тааруулж чадахгүй бол тэр хүн сайхан харагдаж чадахгүй байх. Таны хувьд хувцсаа хэрхэн сонгодог вэ?
Би олон өнгө холилдсон тод өнгө сонгодоггүй. Гэхдээ хар өнгийн хувцас өмссөн бол ямар нэгэн тодруулах юм өмсөх хэрэгтэй. Эсвэл тэр чигтээ хар өнгийн хувцас сонговол акссесуар зүүх, хэрвээ тод өнгийн хувцас өмсвөл акссесуар зүүхгүй байх гэх мэтчилэн хослуулдаг.

Гэхдээ хүн болгонд өөрийг нь тодорхойлох стиль имиж байх ёстой. Анхнаас нь худалдаж авахдаа энийг тэрэнтэй хослуулж өмсөнө гээд авчихдаг болохоор нээх хүндрэл гардаггүй. Анхнаасаа тэгж бодоод хувцсаа авчихвал их амар байдаг.

Зургийн эх сурвалж: Inj.fashion













 

YOLO: Хувцаслалтын зарчим барьдаг уу? Тийм хэмжээнээс халихгүй байх гэдэг ч юм уу.
Тэрэнд нас насны үелзэл байдаг болов уу гэж бодож байна. Одоо халихгүй гэж бодож байсан хувцаслалтаа өсвөр насандаа аль хэдийнэ өмсчихсөн байдаг.

Богино шорт, тод неон өнгөтэй хувцаснууд өмсөх гэх мэт. Тэрийг өсвөр насныхан өмсье гэхэд болохгүй зүйл байхгүй. Хүн яагаад дайраад өнгөрч болохгүй гэж. Одоо бол ажил төрөл хийдэг, тэр насыг өнгөрчихсөн учраас миний хувьд хязгаарыг давсан асуудал болно.

Ихэвчлэн цагаан, саарал, хар, улаан өнгийн хувцас өмсдөг. Акссесуарыг хэт их хэрэглэдэг байсан ч одоо больсон. Яагаад гэвэл хэтэрхий их акссесуар зүүх нь нас насны онцлог болов уу. Өсвөр насны охидууд их хэрэглэж байна. Одоо бол миний хувьд үүнийг бага хэрэглэх зарчим барьдаг.

Мөн өмд дээр хээтэй цамц өмсөх, судалтай өмд дээр судалтай цамц өмсөх, эсвэл махлаг байж ташуу судалтай цамц өмсөж болохгүй. Иймэрхүү зүйлд их анхаарал хандуулдаг.

YOLO: Ойр дотныхондоо хувцаслалтын тал дээр хэрхэн зөвлөдөг вэ?
Хүн болгоны биеийн галбир өөр. Найз нөхдөдөө ийм юм өмсвөл илүү өндөр харагдана, эсвэл илүү урт хөлтэй харагдана, ийм юм өмсвөл чамд илүү зохино гэхчлэн зөвлөх дуртай. Гэхдээ монгол охидын ихэнх нь дундаж өндөртэй. Тэгээд доор суудалтай өмд их өмсдөг. Богино суудалтай өмд өмсчихөөр богинохон хөлтэй харагддаг. Харин урт суудалтай өмд өмсч хөлөө урт, цээжээ богино харагдуулах зэргээр ийм зүйлст анхаарвал дээр санагддаг.

Махлаг хүмүүс сул хувцас өмсөхийн оронд хэт бариу хувцас өмсч харвин, гэдсээ тодотгоод байдаг учраас анхаарах хэрэгтэй болов уу.

YOLO: Өсвөр насны хүүхдүүдийн хувцаслалтыг ажиглаж байв уу. Тэдэнд ямар зөвлөгөө өгөх вэ?
Өсвөр насны хүүхдүүд тренд дагах их дуртай. Миний бодлоор хүн болгон өөрийг нь тодорхойлдог хэв маягтай байх ёстой. Шинэ тренд гарах тоолонд дагаад байвал жаахан утгагүй санагддаг. Яагаад гэвэл хувцас бол хүнийг илтгэдэг чухал зүйл. Өсвөр насны хүүхдүүдийг өөрийн гэсэн имижээ тодорхойлоосой гэж боддог.

YOLO: Гэр бүлийнхэндээ зөвлөдөг үү?
Байнга зөвлөдөг. Багаасаа ээжийнхээ стилист хийсэн. Ээж маань маргааш юу өмсөхийг бэлдээд тавьчихаарай гэнэ. Гадаад руу томилолтоор явах болбол би хувцсыг нь бэлдээд тавьчихдаг байлаа. Ээждээ хамгийн их зөвлөгөө өгдөг. Ээж маань хөөрхөн бондгор байхгүй юу. Тэрийгээ тодотгодог хувцас өмсчихөөр нь зөвлөдөг юм.

YOLO: Гадна төрхдөө зоримог өөрчлөлт хийж байв уу?
Үсээ улаан, хар, бор, шар гээд янз бүрийн өнгөтэй болгож байлаа. Мөөг шиг үстэй байсан. Дараа нь эрэгтэй хүүхэд шиг халимаг, бас дуучин Рианнагийн үсний засалттай ч байлаа. Одоо энэ урт үстэйгээ сүүлийн нэг жил явж байна.

YOLO: Охид хэр зөвлөгөө авч байна?
Нэлээн асууна. Бүр огт танихгүй хүн их хувийн гэмээр зүйлээ асуудаг. “Найз залуутайгаа таарамжгүй байна. Яах уу?” гэх мэт. Ялангуяа үсний талаар их асуудаг. Үсээ яаж ороодог вэ гээд. Тийм болохоор би бичлэг хийж тавьж байсан. Бас нүүр будалтын талаар, фитнес, хувцаслалтын талаар их асуудаг даа.  Тэр бүрт нь чадах ядахаараа тусалдаг.

YOLO: Баярлалаа. Амжилт хүсье.

#Охид #ХувцасЗагвар #Сонирхол #ӨсвөрНас #Fashion #Interest #Teenagers #Woman #Girls