“Miss Universe Mongolia” тэмцээний хамгийн БАЛЧИР оролцогч Б.Намуун


YOLO.mn | YOLO.MN
2018-10-10

Дэлхийн 1,5 тэрбум үзэгчдийн өмнө, 90 гаруй улсын гоо бүсгүйчүүдтэй мөр зэрэгцэн алхах “Miss Universe” тэмцээний ҮНДЭСНИЙ ЯЛАГЧ тодрох торгон мөч энэ сарын 14-ний өдөр тохиох гэж байна. Бүртгэл эхэлсэн цагаасаа хойш үзэгчдийн дунд таван сарын турш хүлээлт үүсгэсэн уг тэмцээнд нийт 350 гаруй охид бүсгүйчүүд бүртгүүлсэн бөгөөд эдгээр охидоос шалгарсан шилдэг 15 оролцогч зарлагдсан мөчөөсөө эхлэн шуугиан тариад байгаа билээ.

“Miss Universe” тэмцээний 67 жилийн түүхэнд анх удаа Монгол гоо бүсгүй улсаа төлөөлөн оролцох гэж буй уг түүхийн эхлэл болсон тэмцээнд үзэгчдийн анхаарлыг татсан оролцогчид хэд хэд байгаагаас дурьдвал “Miss World 2014” тэмцээний үндэсний ялагч мисс Т.Батцэцэг, дэлхийн хэмжээнд чансаагаараа гуравдугаарт бичигддэг ”Miss International 2012” тэмцээний үндэсний ялагч мисс, тв мисс Д.Долгион, биднийг амралтын өдөр телевизийн өмнө уяж чаддаг “Mongolian Next Top Model” тэмцээний шилдэг оролцогч М.Дашбалжид, “International Miss Queen 2015”  тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцсон трансжендер мисс Б.Солонго нар билээ.

Тэднээс гадна олон улсын миссийн тэмцээнүүд, дэлхийн хэмжээний контентуудад амжилттай оролцсон мисс бүсгүйчүүдтэй мөр зэрэгцэн өрсөлдөж, шилдэг 15 оролцогчдоос ялгарч чадаж буй бас нэгэн охин буй нь YOLO.mn сайтын гэрээт сэтгүүлч Б. Намуун билээ.

“Miss Universe Mongolia” тэмцээний эхний шалгаруулалт болох Фото миссийн тэмцээн фэйсбүүк болон инстаграмаар өрнөсөөр, ард түмэн маань саналаа өгсөөр байна. Уг тэмцээний зохион байгуулалтын зүгээс хоёр удаа Фото мисс шалгаруулалтын ТОП 5 оролцогчийг зарласан бөгөөд тус тэмцээний хамгийн балчир оролцогч Б. Намуун одоог хүртэл амжилтаа хадгалан ТОП 5-даа багтсаар байна. Тэрээр гоо сайхнаараа төдийгүй нийгмийн сайн сайхны төлөө гэсэн зүтгэлээрээ үеийнхэндээ ямагт үлгэр дуурайл болсоор ирсэн идэвхитэй, эрч хүчтэй охин гэдгийг ч дурьдах нь зүйтэй.

Нийт уншигчдынхаа өмнөөс Б.Намуундаа улам өндөр амжилт хүсэн ерөөе!

#MissUniverseMongolia