Skitzo: Сонсоход зугаа цэнгэл сурталчилдаг мэт боловч дуу бүр хүнд хэрэгтэй өгүүлэмжтэй


Б.Нямдарь | YOLO.MN
2018-10-10

“Бүрхэг мөртлөө уудам амьдрал…”, “Чамайг анх таниад шохоорхон сэтгэлдээ тээсэн…”, “Надад чи минь ирсэн мөртлөө нэг л мэдэхэд нисээд одсон…” эдгээр мөртүүдийг уншихаар та өөрийн эрхгүй дуу болгон амандаа аялж байна уу. Учир нь 90-ээд оны сүүл, 2000-аад оны эхэн үед Монгол хүүхэд залуусын дунд эдгээр дуу жинхэнэ утгаараа хит болж байсан.

Энэ бол “Lumino” хамтлагийн уран бүтээлийн хэсэг гэдгийг та нэмэлт тайлбаргүй мэдэж байгаа. Тэд одоо ч аманд тогтмол аялагдах гайхалтай шинэ дуунуудыг сонсогч, фэнүүддээ хүргэсээр... Сайхан мэдээ дуулгахад, Lumino хамтлаг  20 жилийн ойн баяраа энэ сарын 19-нд фэнүүдтэй хамт нижгэр тэмдэглэнэ. 

Lumino хамтлаг үүрд мөнх гэдгийг илэрхийлж тоглолтоо “LUMINO FOREVER” хэмээн нэрлэжээ. Тиймдээ ч аманд өөрийн эрхгүй аялагдах дуунууд нь тэднийг үүрд мөнх гэдгийг нотлох биз ээ.

Lumino хамтлагийн гишүүн Ц.Анхбаатар буюу Skitzo-той уран бүтээл, саяхан болсон хуримынх талаар сонирхолтой яриа өрнүүлснээ хүргэе. 

 

- Сайн байна уу? Удахгүй болох 20 жилийн ойн тоглолтынх нь талаар яриагаа эхэлье. 
-Тоглолт 2018 оны аравдугаар сарын 19-ний баасан гарагийн 19:00 цагт “Crocus Event Hall”-д болно. 20 жилийн ойн тоглолт учраас энэ хугацаанд хийсэн 100 гаруй дуунаас хамгийн шилдэг гэсэн 39 дуугаа бид сонгосон. Тэр дундаа олонд их хүрсэн, клиптэй  дуунууд маань зонхилж байгаа юм. Тоглолтдоо найруулга, үйл явдал оролцуулсан өвөрмөц байлгахыг зорьж байна. Хамгийн шилдэг тоглолт зохион байгуулагч On&Off продакшнтай хамтран ажиллаж байгаа гэдгээрээ мөн онцлог. Үүнээс цаашхийг нэг их яриад хэрэггүй байх. Хүмүүс өөрсдөө ирээд үзэг.

-Тоглолтоо үйл явдал, найруулгатай хийнэ гэхээр их өвөрмөц санагдаж байна. 
-2015 онд манай “Хэмнэл нэрэгч” тоглолтыг үзсэн хүмүүс санаж байгаа байх.  Тоглолтын дундуур үйл явдал найруулгатай, арын дэлгэцэн дээрээ тухайн үйл явдалд таарсан дүрстэй гэх мэт.  Угаасаа тоглолт гэдэг чинь тэр чигээрээ л найруулга шүү дээ. Энэ жил үүнийгээ улам баяжуулаад, сонирхолтой байдлаар хийхээр төлөвлөсөн.

Үүнээс хойш нэлээн хэдэн ч шинэ дуу нэмсэн. Нийт дуулагдах 39 дууг iTunes дээр өрөөд тоглуулахад 2 цаг 57 минут болж байгаа юм. Үүн дээрээ дундуур нь нэмэлт найруулга орохоор мэдээж тоглолт 3 цаг гаруй хугацаанд үргэлжилнэ гэсэн үг. “Хэмнэл нэрэгч” тоглолтыг хүмүүс тухайн үед ямар хурдан дуусчихав аа гэж байсан. Тэр үед бид 30 дуу дуулж байсан л даа. Одоо бол тоглолт өмнөхөөсөө илүү удаан үргэлжилнэ.

-Lumino хамтлаг 2015 оны тоглолтынхоо дөнгөж өмнөхөн “Он цагийн хэлхээс” баримтат киногоо хүргэсэн нь үзэгч фэнүүдэд гоё бэлэг болж, олонд ч их хүрсэн. Тухайн үед та бүхэн “Баримтат кинонд оруулаагүй дүрс, зураг зөндөө бий. Том хэмжээний баримтат киногоо удахгүй хийнэ” гэж байсан. Тэр хэзээ үзэгчдийн хүртээл болох вэ?
-Бид уг кинонд багтаах материал дүрсээ нэлээн цуглуулчихсан, тоглолтоос өмнө бэлэн болгохоор ажиллаж байна. Энэхүү баримтат кинон дээрээс хүмүүс маш сонин хүмүүсийг олж харах болно. Бид өөрсдөө дөнгөж саяхан хүртэл үзээд л сууж байлаа. “Он цагийн хэлхээс-2” маань илүү олон баримт түүхүүдийг агуулснаар хийгдээд явж байна.

Бид дээд боловсролтой, хувь хувьдаа сайхан гэр бүлтэй, ар гэрээ сайхан авч яваа хүмүүс. Үүгээрээ ч мөн залуустаа зөв үлгэр дууриалал болъё гэж хичээдэг юм.

Lumino хамтлагийн түүхийг өгүүлэх 2015 онд гаргасан "Он цагийн хэлхээс - 1" баримтат кино

-Танай хамтлагийн дууны үг их өвөрмөц санагдаад байдаг юм. Дууны үгс чинь ихэвчлэн хэрхэн бүтдэг вэ?
-Дууны үгээ ихэвчлэн MCBeatz бид хоёр бичдэг. Биднийг шинэ уран бүтээлээ их удаж байж гаргаж байна гэж зарим нь хэлдэг ч дууны үгэн дээрээ нэлээн ажиллаж сайн бодох хэрэгтэй болдог юм. Мэдээж монгол хүн бүрийн үгийн санд байгаа үгийг ашиглаж байгаа ч тэдгээрийг хооронд нь хэрхэн уялдуулж, донжийг нь олж бичих нь чухал л даа. Зарим ганц нэг тренд болох үг дундуур нь шигтгэх ч юм уу, тэрийг мөн бодолцож бичдэг юм. 

- “Хэмнэл нэрэгч” цомог хэзээ бэлэн болох вэ?
- “Хэмнэл нэрэгч” цомгийн маань одоогоор 10 гаруй дуу нь бэлэн болсон. Ямар ч байсан энэ ондоо багтааж гаргана. Эхнээсээ зарим дуундаа  клип хийгээд, дүрсжүүлээд явж байна.  Ер нь бол ямар ч хэмнэл дээр яаж ч дуулж болно шүү дээ. Түүнийг л хийхийг зорьсон. Жишээ нь, цомогт багтсан “Биелгээ хийхийг заагаач хө” гээд дууны хэмнэлээ орчин үеийн залуусын сонсох дуртай трак хөгжимтэй хослуулсан. Бүтээлдээ үндэсний агуулгатай контент хийхийг зорьж байгаагийн минь нэг нь энэ дуу л даа.

”Шөнө дунд цас орж байна”, “Сэмбий”,  “Заримдаа” гэх мэт дуунуудаа арай өөр өөр хэмнэлд оруулаад дуулсан байгаа. Ер нь аливаа зүйлийг нэрэхээр маш сайн үр дүн гардаг гэдэг утгаараа ч ийнхүү нэрлэсэн юм. 

- Хамтлаг шинэ гишүүнтэй болсон шүү дээ. Энэ талаар албан ёсны тайлбарыг хүргэвэл...?
- Манай хамтлагийн гишүүн DJ Zolo дүү минь манай хамтлагийн албан ёсны гишүүн болсон. Одоо бараг 6 жил болж байна. MINT клубт DJ хийдэг. Зургаан жилийн өмнө бид 21 аймгаар тоглолт хийгээд анх хамтран ажиллаж байсан юм.

- Саяхан таны хуримын ёслол болсон. Энэ ярианд дурдахгүй аргагүй байхын аргагүй нандин сэдэв. Хуримын өдрийн талаарх сэтгэгдлээсээ хуваалцвал?
- Хурим хүний амьдралд нэг л тохиолдоно. Заримд нь тэрнээс олон тохиодог л байх (инээв) Хүн насан туршийн гэр бүл болох хүнээ олох, хоёр биенээ олно гэдэг чухал шүү дээ. Бид өнгөрсөн зургадуаагр сараас хойш хуримандаа бага багаар бэлдээд яваад байсан л даа.

Эртнээс бэлдсэн болоод ч тэр үү бидний хурим санаснаар минь төлөвлөсний дагуу сайхан болсон. Том нүсэр хурим хийхийг төлөвлөөгүй, хайртай дотны гэсэн хүмүүсээ урьсан цомхон хурим хийсэн. Тэдгээр хүмүүсийн өмнө бие биедээ амлалт өгөөд л... бидний хурим маш сайхан болсон. Ер нь хурим гэдэг хүний амьдралд мартагдахааргүй сайхан дурсамж үлдээдэг шүү дээ. Одоо хүртэл бидэнд ирэх хуримын мэндчилгээ тасраагүй, энэ сэдэв дуусаагүй л байна.

Хайртай дотны гэсэн хүмүүсийнхээ өмнө бие биедээ амлалт өгөөд л... бидний хурим маш сайхан болсон.

- Бал сараа төвлөсөн үү?
-Эхлээд ямар ч байсан тоглолтын ажлаа дуусгана аа. Уг нь тоглолтоо наймдугаар сард хийнэ гэж анх төлөвлөж байсан ч тодорхой шалтгааны улмаас хойшлуулсан. Хурим бол анхнаасаа төлөвлөчихсөн, энд тэнд захиалгаа эрт өгчихсөн, жилийн сайн өдөр гэчихсэн байдаг. (инээв) Ямар ч байсан хуримаа хойшлуулахыг хүсээгүй. Тоглолтоо дуусгаад бал сарын аялалаараа Европын орнуудаар явах бодолтой байна даа.

- Таныг эртний самурайн эдлэл хэрэглэл сонирхдог, цуглуулах дуртай гэж сонсож байсан. Одоо энэ цуглуулга нь байдаг уу?
- Тэр хүүхэд насны л юм даа. Одоогоос арав гаруй жилийн өмнө сэлэм цуглуулдаг байсан. Цуглуулах ч гэж дээ, тийм ч олон байгаагүй. Яг чанартай, гоё сэлмийг Японоос авчирах хэрэгтэй болно. Тэгэхийн тулд мэдээж хилээр нэвтрүүлэхэд төвөгтэй. Тиймээс энэ хоббигоо түр хойш нь тависан. Гэхдээ самурайн иж бүрэн хувцсыг авч тавина даа гэсэн далдхан бодолтой л байдаг юм.  Ер нь сонин содон зүйл сонирхох нь хүүхэд насны л зан юм уу даа. Манай MC гэхэд нинжагийн улаан фэн байсан, энд тэнд явахдаа янз бүрийн од цуглуулаад л… Самурай баатар, түүний хэрэгслийг сонирхох болсон нь багадаа кинон дээрээс л харсных байх. Тэгээд том болоод юмсыг арай бодитоор хараад эхлэхээр хобби  маань өөрчлөгдөж байгаа юм л даа.

- Тэгвэл цуглуулгын хобби нь хэрхэн өөрчлөгдөв?
- Улс орнуудын зоос болон цаасан мөнгө цуглуулдаг болсон. Энд тэнд гадагшаа явахаараа зоос, валютаа хадгалж үлдэнэ. Найз нөхөдтэйгөө солилцоно, эртний түүх агуулсан заримыг нь бэлгэнд эсвэл худалдаж авна. 

- Танд хип хопоос өөр сонсдог хөгжмийн урсгал бий юу?
- Манайхан бүгд хип хоп гэж байгаа боловч цаанаа хүн бүр өөр өөрийн гэсэн сонсох дуртай хөгжмийн урсгалтай. Жишээ нь манай Золоо хаус, электро урсгалд дуртай бол Бажи маань багаасаа R&B, поп урсгал сонсож өссөн болоод ч тэр үү одоо бараг хөгжмийн нэвтэрхий толь, манай MC биллбоардод шинээр гарч ирж байгаа реппэр, хамтлаг дуучдыг сонирхож судалдаг. Миний хувьд таалагдсанаа л сонсдог юм, нэг их туйлшраад байдаггүй. Хэрэв таалагдвал рок хөгжим ч сонсоно. 

- Фэнүүдээс чинь янз бүрийн гэнэтийн үйлдэл гаргаж байсан мартагддаггүй зүйл байдаг уу?
- Энэ саяхны нэг жишээ л дээ. Нэг бүсгүй над руу “Request аv” гэсэн чат бичсэн байсан. Би фэйсбүүк дээрээ өөрийн мэддэг эсвэл дотны гэсэн хүмүүсийнхээ л найзын хүсэлтийг авдаг юм, 500 гаруй найзтай. Өөрийн хувийн гэсэн зүйлээ танихгүй нэгэнтэй мэдээж хуваалцмааргүй байна шүү дээ. 

Яахав, тоглолтын төгсгөлд ч юм уу сэтгэл нь хөөрсөн фэн биднийг барьж аваад үнсэх гэх мэт тохиолдол хааяа гарна л даа. Тэрнээс биш галзуу солиотой хүн шиг гэнэтийн үйлдэл гаргаж байсан удаа байхгүй юм байна. 

Анхны тоглолтоо 1999 оны аравдугаар сарын 30-нд “Топ Тэн” клубт хийчихээд олсон орлогоо дараагийн уран бүтээл болох дууны клипээ хийлгэхээр шууд маргааш нь видео студид аваачаад өгч байсан.

- 90-ээд оны сүүлч, 2000-аад оны эхэнд Монголын хүүхэд залуусын дунд хип хоп урсгал нэлээн хүчээ авч, олон хамтлаг уран бүтээлчид гарч ирсэн. Тэгвэл сүүлийн үед хэр их хип хоп хамтлаг, реппэрүүд шинээр гарч ирж байна вэ?
Шинээр зөндөө гарч ирж байна. Гинжин, Lil Thug E гэх мэт уран бүтээлчдийг энд дурдаж болно. Биднийг анх байгуулагдахад зөндөө л хамтлагууд зэрэг гарч ирж байсан. Одоо тэд хаана байна, бид ахмад нь болчихсон л энд сууж байна. Тэгэхээр цаг хугацаа бүгдийг нь шүүж ялгаад, хэн чадвартай нь л үлдээд цаашаа явдаг гэсэн үг юм.

Одоо шинээр гарч ирж байгаа хүүхдүүд их азтай ш дээ. Бид хэн ч мэдэхгүй шал өөр урсгалыг Монголд үндэс суурийг нь тавиад эхлүүлж байсан. Харин одооны хүүхдүүдэд бүх зүйл нь байна, хип хоп нь хөгжмийн урсгал гэдгийг аль хэдийнэ хүлээн зөвшөөрчихсөн. Биднийг анх гарч ирж байхад “Аян дээр юун хурдан яриад байгаа юм бэ” гэж гайхдаг байсан. Одоо бол хүн болгон л хип хоп, реп, трап гэж юу байдгийг мэддэг болсон. Мөн одоо сошиал, уран бүтээлээ бусдад нь хүргэх суваг нь хуучныг бодвол хамаагүй их болсон. 20 жилийн өмнө бид фм-ийн хөтлөгчдийг ажлын үүдэнд сахиад сууж байдаг байсан, фм-ээр дуугаа явуулчих гээд хоолонд хамт ороод л… Телевиз бол тэнгэрийн умдаг байлаа шүү дээ.  

Энэ 20 жилийн хугацаанд уран бүтээлийн хувьд олон зүйлийг үзлээ. Анхны тоглолтоо 1999 оны аравдугаар сарын 30-нд “Топ Тэн” клубт хийчихээд олсон орлогоо дараагийн уран бүтээл болох дууны клипээ хийлгэхээр шууд маргааш нь видео студид аваачаад өгч байсан. Гэх мэт зүйлийг бодохын бол одооны хүүхдүүдийг их азтай гэж боддог. 

- 20 жил гэдэг бол багагүй хугацаа. Энэ хугацаанд хийсэн, эргээд бодоход магадгүй өөрсдөөрөө бахархахаар сэтгэлд ойр зүйл юу байна вэ?
- Хип хоп мэдээж урлагийн нэгэн төрөл. Урлаг бол нийгмийг соён гэгээрүүлэгч, залуу үеийг хүмүүжүүлэх нэгэн хэрэгсэл хэмээгддэг. Харахад л зугаа цэнгэлийг л сурталчилаад байдаг юм шиг анзаарагддаг байх л даа. Гэхдээ дуу бүрт л хүнд хэрэгтэй гэсэн өгүүлэмж байдаг. Хамгийн түрүүнд орж ирж байгаа жишээ бол, манайхны хамгийн ихээр мэддэг “Намайг дагаад цэнгэ” дуун дээр гэхэд л “Тэнгэр харан суулаа гээд мөнгө олох шиг, амаа ангайж  дэмий суу, битгий мөрөөд” гэх мэтчилэн дуунуудаар мессеж өгдөг.

Буруу, зөрүү зүйлсээс хол бай гэж тулган заахгүй ч бүтээлдээ хэлэх гэсэн санаагаа шингээгээд далд ухамсарт нь “юм” өгөөд байгаа гэсэн үг л дээ. Манай хамтлагийн хувьд хип хопчдыг нийгэмд бүдүүлэг гэсэн хандлагаас салгаад, “Үгүй шүү, тэд арай өөр түвшний уран бүтээлчид” гэдгийг харуулж чадсан. Бид дээд боловсролтой, хувь хувьдаа сайхан гэр бүлтэй, ар гэрээ сайхан авч яваа хүмүүс. Үүгээрээ ч мөн зөв үлгэр дууриалал болъё гэж хичээдэг юм. Гэхдээ робот байгаа биш хүнд алдаа оноо байлгүй л яах вэ. Нийгэмд урлагаар дамжуулж өөрсдийн үзэл бодлоороо залуучуудаа сайн сайханд уриалж яваа л хүмүүс. Биднийг сонсох нэгэн байна, сонсохгүй нэгэн нь байна. Гэхдээ бид сонсогдож л байгаа, үүгээрээ бахархдаг даа. 

- Цаг зав гарган ярилцсанд баярлалаа. 

Нийгэмд урлагаар дамжуулж өөрсдийн үзэл бодлоороо залуучуудаа сайн сайханд уриалж яваа л хүмүүс.

#Music, #Lumino