Түлэгдсэн үед хэрхэн АНХНЫ ТУСЛАМЖ үзүүлэх вэ?


Б.Намуун | YOLO.MN
2018-10-08

Гэмтэл согог судлалын үндэсний төвд түлэгдлийн улмаас амиа алдсан хүмүүсийн 70.3 хувь нь 0-5 насны хүүхдүүд байсныг бид эргэн санах хэрэгтэй буй за. Энэ бол хамгийн сүүлийн албан ёсны буюу 2016 оны тоо баримт.

Түлэнхийн шалтгаанаар амиа алдсан хүүхдүүдийн 77 хувь нь халуун хоол, цайнд, 23 хувь нь халуун усанд түлэгдсэн байдаг. Тэгвэл та болон таны ойр дотны хэн нэгэн түлэгдсэн тохиолдолд та өнөөх л савангаа түрхэн буруу тусламж үзүүлсээр байх уу? Зөв буруу нь үл мэдэгдэх ойлголтуудаас болж наанадаж хэзээ ч үл арилах гүн сорвитой үлдэх нь бий.

Иймээс танд түлэгдсэн үед үзүүлэх анхны тусламжийг хүргэж байна.

ТҮЛЭГДЭЛТИЙН АЮУЛТАЙ ЭСЭХИЙГ ТОГТООХ

  • Түлэгдэлт юунаас болж үүсэв /галын дөл үү, химийн бодис уу гэх мэт/
  • Биеийн аль хэсэг түлэгдсэн /толгойд уу, хөлд үү гэх мэт/
  • Хэр талбай хамарсан
  • Түлэгдсэн хүний нас /хүүхэд үү, том хүн үү/
  • Түлэгдсэн хүний эрүүл мэндийн байдал /хэвтрийн хүн үү, архаг өвчтэй хүн үү/ зэргээс хамаардаг.

ТҮЛЭГДЭЛТИЙН ЗЭРГИЙГ ТОГТООХ

Түлэгдэлт нь арьсыг хэр зэрэг хамарснаас шалтгаалж 3 зэрэгт ангилагддаг.

Зэрэг

Арьсны гэмтэл

Шинж тэмдэг

1-р зэрэг

Өнгөц түлэгдэлт

Арьсны өнгөц давхарга гэмтэнэ

Улайна, бага зэрэг хавдана, хорсоно

2-р зэрэг

Хэсэгчилсэн түлэгдэлт

Арьсны өнгөц болон жинхэнэ арьс гэмтэнэ

Улайж хавдана, цэврүү үүснэ, өвдөнө

3-р зэрэг

Гүн түлэгдэлт

Арьсны бүх давхарга гэмтэнэ

Улайна, хавдана, арьсны өнгө өөрчлөгдөнө

ТҮЛЭГДЭЛТИЙН ХУВИЙГ ТОГТООХ

Түлэгдэлт хэр зэрэг талбайг хамарснаас шалтгаалж есийн тооны дүрмийг баримтална. Есийн тооны дүрэм гэдэг нь насанд хүрсэн хүний гарын алгыг 1 хувь гэж үзээд түлэгдэлтийн хэмжээг тогтоохыг хэлнэ.

Тайлбар: Хүүхдийн толгой бүхэлдээ 18%, насанд хүрсэн хүний толгой 9%, цээж нуруу тус бүр 18% гэх мэт. Хэрвээ түлэгдэлт хүүхдэд 9%, насанд хүрэгчдэд 15%-аас дээш талбай эзэлбэл түлэгдэлтийн шоконд ордог.

ШИНЖ ТЭМДЭГ

Түлэгдэлтийн үед арьсан дээр илрэх өөрчлөлтүүдээс гадна их хэмжээний талбайг хамарсан тохиолдолд дараах шинж тэмдгүүд илэрнэ.

  • Судасны лугшилт олширно /1 минутанд 80-аас дээш/
  • Амьсгал олширно /1 минутанд 20-оос дээш/
  • Арьсны өнгө цайж, ам хамрын гурвалжин хөхөрнө
  • Толгой эргэнэ
  • Дотор муухайрна
  • Огиулна
  • Бөөлжинө
  • Ам хатна
  • Ухаан санаа өөрчлөгдөнө

!!!АНХНЫ ТУСЛАМЖИЙН ЗАРЧИМ!!!

  1. Урсгал хүйтэн усанд 10-20 минут байлгах
  2. Боолт хийх
  3. Шокоос сэргийлэх арга хэмжээ авна
  4. Бие барьсан хувцас, эд зүйлсийг яаралтай тайлж авна.

ЦАХИЛГААНЫ ТҮЛЭГДЭЛТИЙН ҮЕД

  1. Аюулаас холдуулна. Ингэхдээ резинэн бээлий өмсөж цахилгааныг салгана
  2. Цахилгаан гүйдлийг салгах боломжгүй бол цахилгаан дамжуулахгүй зүйлээр, жишээ нь модоор хүнээ холдуулна.
  3. Тайвшруулна
  4. Яаралтай эмнэлэгт хүргэнэ

ЯАРАЛТАЙ ЭМНЭЛЭГТ ХҮРГЭХ ТОХИОЛДЛУУД

  • Гарын алганаас том хэмжээний 2-р зэргийн түлэгдэлт
  • Нүүр болон үен дээр байрласан түлэгдэлт
  • Биеийн аль ч хэсэгт байрласан 3-р зэргийн түлэгдэлт
  • Цахилгааны түлэгдэлт
  • Амьсгалын замын түлэгдэлт
  • Хүүхэд болон хөгшин хүмүүс

 !!!АНХААР!!! 

  1. Түлэгдсэн хэсэг дээр цас мөс тавихгүй байх
  2. Түлэгдсэн хэсэгт үүссэн цэврүүг хагалахыг хориглоно
  3. Түлэгдсэн хэсэгт наалдсан хувцсыг хуулахгүй
  4. Түлэгдсэн хэсэг дээр хөвөн материал тавихгүй байх
  5. Ганцааранг нь орхихгүй байх
  6. Түлэгдсэн хэсэгт тос, крем, ургамлын тос, эм цацахгүй байх
  7. Амны хөндий болон амьсгалын зам түлэгдсэн үед уух, идэх юм өгөхгүй байх хэрэгтэй

#FirstAid