ОУ-ын Химийн Олимпиадын хүрэл медальт С.Хас-Ананд: Олон хүний амь аварч хайртай хүмүүстэй нь уулзуулахыг мөрөөддөг


Сандагдорж овогтой Хас-Ананд 2000 оны наймдугаар сарын 11-нд Улаанбаатар хотноо төржээ. Тэрбээр өсвөр насныхаа сурч боловсрох ихэнх хугацааг химийн шинжлэх ухаанд зориулсан хөдөлмөрч, хичээнгүй, үлгэр жишээ хөвгүүн. Бас Монгол орны ирээдүйг босголцох, тулах багануудын нэгэн төлөөлөл биз ээ. Түүний Олон Улсын Химийн Олимпиадад эх орноо төлөөлөн оролцож гаргасан амжилтын талаар болон бусад өгөөжтэй, сонирхолтой сэдвээр бид ярилцлаа. 

YOLO: Урилгыг маань хүлээж авсанд баярлалаа. Ярилцлагаа шууд олон улсын химийн олимпиадын сэдвээр эхлүүлье гэж бодож байна. Энэ жилийн олон улсын химийн олимпиад ямар онцлогтойгоор, аль улсад зохион байгуулагдсан бэ?

-Энэ жил олон улсын химийн олимпиадын 50 жилийн ой тохиосон ба Чех, Словак хоёр орон хамтран зохион байгуулсан. Дэлхийн 82 улс орны 300 гаруй хүүхэд оролцсон. Багш нартайгаа нийлээд 800 гаруй хүний бүрэлдэхүүнтэй зохион байгуулагдсан. Яг олимпиад нь Словакийн нутаг дэвсгэр дээр зургаа хоног үргэлжлээд, дараа нь Чех улсаар дөрөв хоног аяласан.

YOLO: Хүрэл медаль хүртсэн шүү дээ. Амжилтдаа хэр сэтгэл хангалуун байгаа вэ? Чамласан уу?

-Анхнаасаа хүрэл медаль авахыг зорьж байсан учраас чамлаагүй гэж хэлж болно оо.

YOLO: Бусад Азийн орнууд, Хятад, Япон, Солонгосын сурагчидтай харьцуулахад манай улс ямар амжилттай оролцсон бэ?

-Ер нь бол Хятад, Япон, Солонгос зэрэг Азийн орнууд, мөн зарим Европын орны хүүхдүүд ихэвчлэн алтан медаль авдаг, бүгдээрээ сайн оролцдог. Монгол улсын хувьд анх 2006 онд олон улсын химийн олимпиадад оролцож байсан. Түүнээс хойш 12 жилийн хугацаанд нийт 15 хүрэл медаль хүртээд байна.

YOLO: Мөнгө, алтан медаль түүхэндээ огт хүртээгүй байгаа гэсэн үг үү?

-Тийм.

YOLO: Манай оролцогчдын амжилт энэ хэвэндээ байгааг юутай холбоотой гэж бодож байна вэ?

-Ер нь бол олон том асуудлууд тулгардаг. Жишээ нь, Хятад ч юмуу Европын орныхон хүүхдүүдээ нэг, хоёр жилийн өмнөөс сонгож аваад бэлддэг бол манайхны хувьд олимпиад болохоос хоёр сар орчим хугацааны өмнө хүүхдүүдээс сорил аваад нэг сар гаруйн хугацаанд бэлтгэл хийгээд оролцдог.

YOLO: Бэлдэх хугацаа хомс байдагтай холбоотой гэж хэлж болох уу?

-Тийм.

YOLO: Энэ жилийн олон улсын химийн олимпиад ямар зохион байгуулалттай явагдсан бэ? Онол, практик гэсэн хоёр хэсгээс тогтдог гэж сонссон.

-Тийм ээ. Нийтдээ 100 оноотой. 60 нь онолын хэсгийнх, үлдсэн 40 оноо практик ажлын хэсгийнх. Манай Монголоос ер нь бол практик талдаа жаахан тааруу оролцдог. Онол бодлогоо сайн гүйцэтгэсэн ч, практик оноогоо алдах нь элбэг. Гэхдээ хувиараа бэлдээд, практикаа сайн өгдөг хүүхдүүд бий л дээ. Гэвч ерөнхийдөө манай хүүхдүүд тааруу өгдөг. Бид дан ганц онолоороо мөнгө, алтан медаль яагаад ч авч чадахгүй, практикаа давхар сайн авч явах ёстой гэсэн үг.

YOLO: Хэрэв практикийн хэсэг гэж байхгүй, дан онол бодлогоор өрсөлддөг байсан бол манай хүүхдүүд хэр амжилт үзүүлэх бол?

-Хятад, Солонгос зэрэг орнуудыг гүйцэхгүй байлаа ч, мөнгөн медалийг бол авчихна гэж бодож байна.

YOLO: Олимпиадын материалын агуулга хэр хүнд санагдсан бэ? Нутагтаа хийж байсан бэлтгэл хэр хангалттай байсан бэ?

-Ер нь бол агуулгын хувьд асар хүнд, хэр баргийн хүн бодчихоор бодлого орж ирэхгүй. Өмнө нь таван цагийн хугацаанд 11 бодлого ирж байсан бол энэ удаад найман бодлого ирсэн. Таван цагийн хугацаанд 56 нүүр материал ажиллах даалгавартай байсан. Асар их хурд, хүч, бүх зүйлийг шалгадаг хүнд шалгуур. Практикын хэсгийн хувьд ч мөн ялгаагүй, хугацаандаа амжихааргүй ажлууд орж ирдэг дээ.

YOLO: Дүн мэдээ ямар хугацаанд гардаг вэ?

-Дүн бол хурдан гарчихдаг. Хоёр өдөр засаад гурав дахь өдрөө гарчихна. Дээрээс нь багш нарт хэрхэн засалт хийж байгаа тухай тайлбарлаж, багш нар нь шавь нарынхаа бодолтыг хамгаалж оноо нэмүүлэх боломжтой байдаг.

YOLO: Багш нартай нь уулзуулдаггүй гэж сонссон. Аль үеэс эхлээд багш, шавийг тусгаарладаг вэ?

-Очоод л тус тусад нь аваад явчихна. Харин маргааш нь нээлтийн арга хэмжээн дээр уулзана. Тэгээд л дахиж уулзахгүй. Бидний холбоо барих бүх цахим хэрэгслүүдийг хурааж авдаг. Гар утас, зөөврийн компьютер гээд бүх зүйлсийг. Багш нартайгаа ч холбоо барих боломжгүй байдаг.

YOLO: Монголоос маань дөрвөн сурагч баг болон оролцсон шүү дээ. Тэднээс өөрийг чинь төлөөлөл болгон ярилцаж байгаа учраас бусад сурагчдаа ч танилцуулсан нь зүйтэй болов уу. Мөн олимпиадын нээлтийн үйл ажиллагаанд хэрхэн оролцож, Монгол үндэснийхээ онцлогийг яаж илэрхийлсэн бэ?

-Номин, Мөнхнаран, Сувданчимэг гээд гурван охины хамт бид дөрвүүлээ баг болон оролцсон. Биднийг Баттөгс, Нямгэрэл, Даваасүрэн, Отгондэмбэрэл гэдэг дөрвөн багш ахалж авч явсан. Бид нээлтийн арга хэмжээн дээр үндэснийхээ хувцсаар гоёсон.

YOLO: 82 орны 300 гаруй хүүхэд дунд Монгол гэсэн нэрээ гаргаж байхад эх орноороо бахархах сэтгэл төрж байв уу?

-Миний хувьд Монгол орноо төлөөлөөд очиж байгаа учраас маш гоё байсан. Монголоороо бахархаж, Монголынхоо нэрийг мандуулах зорилготой байсан.

YOLO: Бусад орны хүүхдүүд Монгол гэхээр өөрөөр харилцаж байсан тохиолдол гарав уу?

-Тиймэрхүү зүйл гарч байгаагүй. Яахав, хэсэг улсын хүмүүс Монгол гэж улс байдгийг анх удаа сонсч, гайхаж байсан.

YOLO: Өөрийг чинь найз охинтойгоо хамт оролцсон гэж сонссон юм байна.

-Тийм ээ, Номин байгаа юм. Гёте сургуулийн сурагч.

YOLO: Та хоёр хоёул химийн шинжлэх ухаанд сонирхолтой хос. Тэгээд олон улсын олимпиадад оролцоод, үнэхээр сайхан дурсамж үлдсэн байна даа.

-Тийм ээ.

YOLO: Арав хоногийн хугацаанд дан ганц шалгалтын үйл ажиллагаа явагдаагүй байх. Бусад ямар сонирхолтой ажлууд зохион байгуулагдаж байсан бэ?

-Тийм ээ, арав хоногийн хугацаанд бид өглөө гараад орой таван цаг хүртэл Чех-Словак орноор аялж, түүхэн дурсгалт газрууд үздэг байсан. Орой нь баг багаар уралдаан тэмцээн зохиодог. Тухайн улс орон бүрээр нь ялгахгүйгээр хамаагүй баг болгодог учраас бусад улсын хүүхдүүдтэй танилцаж, ярилцахад сайхан байсан.

YOLO: Онцолж хэлмээр, сэтгэлд үлдсэн мартагдашгүй дурсамж гэвэл юу байна вэ?

-Хаалтын үйл ажиллагаан дээр медаль хүртсэн хүүхдүүдийн нэрийг нэг нэгээр нь дуудаж байхад бүгд дор бүрнээ дотроо залбираад л, “Медаль авсан болов уу, яасан бол?” гэж сэтгэл хөдөлж байлаа. Тэгэхэд аавынхаа нэрийг болон Монгол улсынхаа нэрийг дуудуулаад тайзан дээр гарч эх орныхоо тугийг мандуулсан тэр мөч бол амьдралдаа авсан хамгийн сайхан, мартагдашгүй мэдрэмж байсан.

YOLO: Дүн мэдээг урьдчилан мэдээлэлгүй, хаалтын арга хэмжээн дээр шууд зарладаг юм байна?

-Тийм, оноо баллынхаа тухай юу ч мэдэхгүй байж байгаад хаалтын арга хэмжээн дээр шууд нэрээ сонсдог.

YOLO: Манай орноос дөрвөн сурагч баг болж оролцсоноос хоёр нь хүрэл медаль хүртсэн. Нөгөө медалийн эзэн нь Сувданчимэг. Та хоёрын гүйцэтгэлийн онооны зөрүү ямар байсан бэ?

-Сувданчимэгийнх илүү. Би онол бодлогоо сайн хийсэн ч практикаа тааруу хийсэн учраас хүрэл медалийн дундуур жагссан юм. Харин Сувданчимэг практикаа бүр маш сайн хийсэн учраас хүрлүүд дундаа нэлээд дээгүүр жагссан.

YOLO: Олон улсын хэмжээний олимпиадад амжилттай оролцоод, медаль хүртээд ирнэ гэдэг маш том боломж, том амжилт. Өөртөө ямар туршлагууд шинээр хуримтлуулсан гэж хэлэх вэ?

-Би урьд Монголынхоо олон олимпиадуудад оролцдог байхдаа, олимпиадыг өрсөлдөөн гэж хардаг байсан. Хятадуудтай ч юм уу, Солонгосуудтай өрсөлдөнө дөө гэсэн бодолтой байсан. Гэвч яг очоод таван цагийн турш суугаад ирэхэд би өөрөө өөртэйгээ л өрсөлдөх юм байна шүү дээ гэдгээ ойлгосон. Цаашдаа ч ер бүх зүйл дээр адилхан.

Бүтэн таван цагийн турш суугаад ажиллаж байхад их юм болно, янз янзын юм бодогдоно. “Тэр хүүхэд яаж хийсэн бол?”, “Би одоо үүнийгээ чадахгүй бол яах вэ?” ч юмуу, маш их айдастай, сэтгэлийн хөөрөлтэй байсан. Аливаа зүйл дээр бусадтай биш, өөрөө өөртэйгөө өрсөлдөж байж амжилтанд хүрдэг гэдгийг ойлгосон.

YOLO: Монголд олон олимпиадад оролцдог байсан гэлээ, нэрэмжит болон дүүрэг, нийслэл, улсын олимпиадуудад орж байсан байна. Монголын олимпиадуудаас энэхүү олон улсын хэмжээний химийн олимпиад ямар ялгаатай санагдсан бэ? “Манай олимпиадууд олон улсынх шиг ийм жишгээр өөрчлөгдчихвөл зүгээр гэсэн зүйлс бий юу?

-Хугацааны хувьд таван цагийн турш үргэлжилдгээрээ ялгаатай. Хүүхдээс маш их тэвчээр хатуужил шаарддаг юм билээ. Харин Монголын олимпиадууд ихдээ хоёр цаг ч юмуу суугаад гуравхан бодлого боддог. Олон улсын олимпиадын хувьд таван цагийн дотор найман бодлого, тавин хэдэн нүүр материал бөглөж дуусгахын тулд оюун ухаанаа зуун хувь төвлөрүүлэхгүй л бол тун хэцүү. Үүгээрээ ялгаатай санагдсан.

Тэр бодлогуудын нэг сонирхолтой тал нь бүгд амьдралтай холбоотой, хүний хэрэглээ талаасаа зохиогдсон байдаг.

YOLO: Өөрийгөө олон улсын химийн олимпиадад оролцоод, медаль хүртэнэ гэж урьд нь төсөөлж байсан уу?

-Би 10-р ангид байхдаа анх олон улсын химийн олимпиад гэж зохион байгуулагддагийг олж мэдсэн. Түүнээс өмнө улсын олимпиадыг хамгийн том даваа гэж боддог байлаа. Гэтэл түүнээс цааш ОХУ-ын Менделеевийн олимпиад гэх мэт олон улсын чанартай химийн олимпиадууд байдгийг мэдэж авсан. “Ийм юм болдог юм уу? Ямар гоё юм бэ?” гэж хүлээж авч байлаа.

Тэгээд материалыг нь ажиллаж үзэх үед, бодлогуудыг нь ерөөсөө бодож чаддаггүй, уншаад ойлгож байгаа мөртлөө хийж чаддаггүй байсан. Гэхдээ тэр олон улсын чанартай олимпиадуудын бодлогууд, практик даалгаврууд надад урам өгч, “Би яагаад чадахгүй гэж?” хэмээн бодож чадна гэсэн итгэл өгдөг байсан. Тэгээд л дэс дараалан бодож, хариутай нь тулгаад, “Яагаад ингэж байгаа юм бол?” гэж гайхаж сонирхдог байсан. Монголын химийн ерөнхий боловсролоос дээгүүр, ахисан түвшний, мэдлэг маш их шаардсан бодлогууд байдаг. Ер нь бол тэдгээр бодлогуудыг бодохын тулд шөнөжин сууж, интернеттэй зууралдаад л суудаг байсан. Тэр бодлогуудын нэг сонирхолтой тал нь бүгд амьдралтай холбоотой, хүний хэрэглээ талаасаа зохиогдсон байдаг. Тийм учраас тэдгээрийг бодох бүрт шинэ юм мэдэж авдаг. Эхлээд бодно, чадахгүй, дахиад бодно, чадахгүй. Явсаар сүүлдээ бодож чаддаг, ойлгож эхэлсэн.

Интернет надад маш их ач тус өгсөн. Интернэтээс өөр улсуудын бодлогуудыг олдог, шөнө орчуулаад нухаж суудаг байв. Түүндээ өөрөө маш их сонирхолтой байсан. Заримдаа өөрийн мэдэлгүй үүрийн дөрөв, таван цаг хүртэл суучихна. Ер нь бол ингэж асар их сонирхож сурсныхаа үр дүнд л амжилтанд хүрсэн гэж бодож байна.

YOLO: Урьд нь зөвхөн химийн олимпиадаар дагнаж оролцдог байв уу? Өөр хичээлийн олимпиадад оролцдог байсан уу?

-Би химийн олимпиадад 9-р ангиасаа оролцож эхэлсэн. Түүнээс өмнө математик, физикийн олимпиадад ордог байсан. Тэгээд химийн чиглэлийг сонирхон судлаад, химийн олимпиадуудад идэвхитэй оролцох болсон

YOLO: Яагаад заавал химийн шинжлэх ухаанаар дагнан хичээллэх болсон юм бэ?

-Нэгдүгээрт миний хүсэл мөрөөдөлтэй холбогдож байсан. Хоёрдугаарт химийн шинжлэх ухаан өөрөө маш их сонирхолтой, асар их судлагдахуунтай. Хамгийн анх химийн багш маань химийн шинжлэх ухааны тухай, амьдрал дээр хэрхэн хэрэглэгддэг тухай зүйлсийг таниулж өгч, улмаар надад тохирсон юм байна гэж бодоод 9-р ангиасаа хойш хичээллэж эхэлсэн.

YOLO: 9-р ангид байхдаа Сант сургуулийн сурагч байсан уу? Түүнээс хойш тарсалтгүй Сант сургуулийн багш нар дээр бэлтгэгдэж байсан байна тийм үү?

-Тийм.

YOLO: Олимпиадуудад идэвхитэй, амжилттай оролцдог сурагчдын дунд тухайн хичээлдээ чин үнэнчээр дурлан сонирхохоос илүү олимпиадад түрүүлж медаль авах нь эн тэргүүний зорилго болох хандлага түгээмэл байдаг. Өөрийн чинь хувьд энэ тал дээр юу гэж хэлэх вэ? Олимпиадад идэвхитэй оролцдог шалтгаан чинь юу вэ?

-Би олимпиадад орж өөрийгөө сорьсноор ядахдаа ганц зүйлийг ч болов өөртөө суулгаж, мэдэж авдаг гэж боддог. Олимпиадад оролцохыг хамгийн түрүүнд тавих нь чухал биш, авдаг шагналдаа ч гол биш.

Химийн бодлогууд ихэвчлэн амьдралтай холбогдсон байдаг учраас тэр талын мэдлэгийн химийн олимпиадуудад байнга оролцсоноор олж авч болдог.

YOLO: Олимпиадад ихэвчлэн хувийн сургуулийн сурагчид дээгүүр байр эзэлдэг гэдэгтэй санал нийлэх үү?

-Химийн олимпиадын тухайд тийм ялгаа гарч ирдэггүй. Хүүхдүүд эн тэнцүүхэн оролцдог.

YOLO: Өнөөдрийг хүртэл гаргаж ирсэн амжилтаа Сант сургуультай шууд холбоотой гэж хэлэх үү? Эсвэл хувь хүний бэлтгэл чармайлтаас шалтгаалсан гэж хэлэх үү? Эсвэл хоёр талтай асуудал уу?

-Тийм ээ, хоёр талтай асуудал. Мэдээж багш биднийг бэлдүүлдэг. Гэхдээ багшийн хэлснийг зуун хувь дагаж мөрдөж болохгүй. Өөрийн хүсэл сонирхлыг олж мэдэх хэрэгтэй. Багш нараас их юм сурдаг, мөн өөрийн хүсэл мөрөөдөлд хөтлөгдөөд хувийн бэлтгэл чармайлтаа сайн байлгавал илүү амжилт гаргана гэж бодож байна.

Тэр бодлогыг өглөө нь бодоод дийлээгүй болохоор өдөр нэг бодож үзмээр санагдаад, орой үргэлжлүүлж нухаад шөнийн гурван цагт бодож ард нь гарч байсан.

YOLO: Цаашид олон хүүхдүүд химийн олимпиадад оролцсоор л байх болно шүү дээ. Химийн олимпиадын амжилтаа дээшлүүлэхийг хүсдэг хүүхдүүдэд юу гэж зөвлөх вэ? Өөрийн туршлагаасаа хуваалцаач.

-Химийн шинжлэх ухаан хүнээс маш тэвчээр шаарддаг. Нэг зүйл хийж бүтээхийг оролдоод бүтэхгүй байж болно. Тэглээ гээд хойш суух хэрэггүй. Маш олон зүйлийг оролдож үзэх ёстой. Гол нь битгий бууж өгөөрэй л гэж хэлмээр байна. Ялангуяа цаашдаа химийн шинжлэх ухаанаар явах гэж байгаа бол тууштай хандаарай л гэж хэлэх байна.

Би өөрөө химийн олимпиадуудад идэвхийлэн бэлтгэх болсон шалтгаан нь ерөөсөө сонирхол байсан. Анх удаа нэг их өндөр онооны биш олон улсын олимпиадын бодлогыг нухаад, ард нь гараад хариуг нь тулгахад таарч байх мөчид маш их урам орж, би зөв зүйл рүүгээ явж байгаа юм байна гэсэн мэдрэмжийг авч байсан. Тэр бодлогыг өглөө нь бодоод дийлээгүй болохоор өдөр нэг бодож үзмээр санагдаад, орой үргэлжлүүлж нухаад шөнийн гурван цагт бодож ард нь гарч байсан. Тэгээд хариуг нь тулгаад таарахад маш гоё мэдрэмж авсан. Түүнээс хойш улам их хичээж, улам дуртай болсон гэх юм уу? Тиймээс сонирхлоо их төрүүлэх хэрэгтэй, хүн сонирхолгүй юмаа хийхгүй биш хийх л байх, гэхдээ түүнээсээ авч үлдэх зүйл нь асар бага гэж бодож байна.

Мөн интернэтээс асар олон чухал бодлогууд олддог. Хайвал сүүлийн 50 жилийн олон улсын олимпиадын материал бий. Би тэр бодлогуудыг шөнөжин сууж орчуулаад боддог байсан. Гэхдээ зүгээр бодоод суух биш, юу үлдэж авч хоцрох вэ? гэдэг талаас нь хардаг байсан. Үл мэдэгдэх бодис байлаа гэж бодоход үүнийг яаж гаргаж авах вэ, тэр аргыг дараа нь би яаж ашиглаж болох вэ гэх мэт. Гадаад хэлнээс бодлого орчуулахад хүнд гэж бодож байж магадгүй. Үнэндээ миний гадаад хэл муу талдаа, англи хэлдээ тааруу. Гэхдээ анх уншаад огт ойлгодоггүй байсан ч нэг нэг үгээр нь толь бичиг харж тулгаад хооронд нь холбоод гол санааг нь барьж аваад ойлгоод байдаг. Тэгээд цаашид олон бодлого бодох тусам шинэ үгсийг тогтоодог, химийн шинжлэх ухаанд хэрэглэгддэг тогтсон хэдэн үгсээ сураад авчихна, тэгээд л цаашид ойлгоход хэцүү биш болчихдог. Хамгийн гол нь л эхний алхмаа тавиад оролдоод үз л гэж хэлмээр байна.

Ер нь бол би өөрөө анхандаа шантарч байсан, “ер нь больё доо” гээд л. Хувь хүний хувьд маш их шантрал байсан. Тэгээд дотроо хэлээд л, “Ер нь дахиад оролдоод үзье. Олон дахин үзээд байхаар надад ашиг гарч л таарна” гэж өөрийгөө зоригжуулаад л явдаг байсан.

YOLO: Химийн шинжлэх ухааныг өөрийн хүсэл, зорилгод нийцэж байсан учраас сонгосон гэж хэллээ шүү дээ. Харин өөрийн хувийн сонирхол талаас биш, ерөнхий хими гэдэг шинжлэх ухааны тухай товчхон яривал?

-Хүний хэрэглээ бол хязгааргүй. Харин бидний амьдарч байгаа ногоон дэлхийн нөөц хязгаартай. Хүний хэрэглээ хязгааргүй байдаг нь л хамгийн том асуудал. Харин химичид энэ асуудлыг бидэнд шийдэж өгдөг гэх юм уу. Мөн хүний эрүүл мэнд, бие физиологийн хувьд химийн шинжлэх ухаан их хэрэгтэй л гэж хэлмээр байна.

YOLO: 9-р ангиасаа хойш химийн олимпиадад тасралтгүй бэлдээд, гагцхүү химийн шинжлэх ухааныг гүнзгийрүүлж үзээд өнөөг хүрсэн хэр нь, химиэс өөр чиглэлийн мэргэжил сонгомоор санагдах тийм нөхцөл байдалд орж байсан болов уу?

-Тийм нөхцөл байдалд орж байгаагүй ээ. Анхнаасаа химийн шинжлэх ухаантай холбоотой мэргэжил сонгоно гээд шийдчихсэн байсан учраас энэ тухайдаа хөдөлшгүй байр суурьтай.

YOLO: 9-р ангидаа хамгийн анхны химийн олимпиаддаа орж байсан гэлээ. Тухайн үед ямар амжилт үзүүлж байснаа санаж байна уу?

-Хамгийн анх оролцож байсан нэрэмжит олимпиаддаа зуу орчин хүүхдээс 76 хавьцаа, хойгуур орж байсан. Хими гэж шинжлэх ухаанд анх сонирхол татагдаж эхэлснээс ердөө долоо хоногийн дараа л. Түүнээс хойш олимпиадуудад оролцдог болохоор шийдэж, илүү цагаар бэлдэж эхэлсэн. Тэгээд тавин хэд, гучин хэддүгээр байр болон урагшилсаар тухайн жилийнхээ дүүргийн олимпиадад хоёрдугаар байранд орж мөнгөн медаль хүртэж чадсан. Тэр амжилт надад маш их сэтгэлийн дэм өгсөн, “би ер нь чадах юм байна” гэж бодох болсон.

Тийнхүү мөн тухайн жилийнхээ нийслэлийн олимпиадад алтан медаль хүртэж, улсдаа хүрэл медаль хүртэж байсан. 10-р ангидаа нийслэлийн олимпиадын төрөлд 12-р ангийн ангилалд дэвшиж өрсөлдөөд улсад орох эрхээ авч байсан, тэр үед маш их баярлаж байлаа.

YOLO: Маш хурдан хугацаанд ахиж, дэвшиж чаджээ. Бага байхдаа ямар сонирхолтой хүүхэд байсан бэ? Багаасаа л химик байсан юм биш биз J

-Бага байхдаа хими гэхээс илүү эмч болно гэж ярьдаг байсан. Хичээлээ л их хийдэг хүүхэд байсан даа. Хажуугаар нь зураг зурах сонирхолтой, зургийн дугуйланд явдаг байсан. Би 1-5-р ангидаа улсын сургуульд сурч байгаад 7-р ангиасаа Сант сургууьд элсч орсон. Тэгэхэд хичээлийн агуулгын маш их хоцрогдолтой байсан учраас ачаалал ихтэй болж, хичээлээ бүр илүү цагаар хийх шаардлагатай болж, бусад хоббигоо хаяхаас өөр сонголтгүй болсон.

YOLO: Одоо хичээлээс гадуур, химиэс гадуур ямар хобби, сонирхолтой вэ?

-Усанд сэлдэг. Заримдаа чөлөөт цагаараа ширээний теннис зэрэг зарим спортоор найзуудтайгаа хичээллэдэг. Бас зохион бичихдээ их хоббитой гэх юм уу? хааяа бодсон санаснаа бичиж буулгах дуртай.

YOLO: Сант сургуульд орсноос хойш хоббиндоо цаг гаргах нь багассан ч гэлээ. Сурч төгссөн Сант сургуулийнхаа тухай яриач, төрийн өмчийн сургуулиудаас ямар ялгаатай вэ?

-Хичээлийн цаг харьцангуй урт, математик, англи хэлний хичээлийг илүү түлхүү үздэг.

YOLO: Улсын сургуулийн сурагчдын үздэг сурах бичгийг хэрэглэдэг үү?

-Хэрэглэдэг. Математик, физик, англи хэл зэрэг гол хичээлээс бусад хичээлүүд дээр үндсэн сурах бичгүүдээ барьдаг.

YOLO: Багш нарынхаа тухай дурьдахгүй байхын аргагүй. Ялангуяа химийн олимпиадад бэлддэг байсан багшийнхаа талаар хуваалцаач.

-Надтай анх химийн шинжлэх ухааныг танилцуулсан багшийг маань Буянжаргал гэдэг. Сант сургуульдаа ажиллаж байгаа. Буянжаргал багш маань миний химийн бүх суурийг анхлан тавьж, цааш амжилттай явахад тусалсан. Бидэнтэй хичээлийн дараа илүү цагаар нэг ч гэсэн юм ойлгуулахын төлөө суудаг байсан. Багшдаа хайртай шүү, уурлуулж гомдоож байсан үе зөндөө бий байх, уучлаарай гэж хэлье. Өнөөдрийг хүртэл гаргасан амжилтуудын дийлэнхи нь багшийн маань ач. Мөн цааш улам гүнзгий түвшний хичээлийг буюу олон улсын олимпиадын бэлтгэлийг хийсэн МУИС-ын химийн тэнхимийн багш нар байгаа.

Бас өөрийнхөө туршлагаас хуваалцаж их юм зааж өгдөг Тэмүүжин ах байгаа. Өөрөө олон улсын олимпиадаас хүрэл медаль авч байсан.

YOLO: Олон удаагийн олимпиадуудад оролцож, үргэлж оройд нь манлайлж, их амжилт гаргасаар ирсэн. Өөртөө бардах, бардамнах сэтгэлзүй хэр суусан гэж хэлэх вэ?

-Би ер нь бол өөрийнхөө амжилтаар гайхуулаад явдаггүй. Өвөө эмээ, аав ээжийн надад олгосон хүмүүжлээр тийм зан байхгүй байх. Бусад хүмүүсийн хувьд миний тухай, “Цаг үргэлж химиэ бодоод л явдаг” гэх мэт янз бүрийн зүйлсийг атаархсандаа ч юмуу их ярьдаг. Тиймэрхүү явдал их тохиолдож байсан. Би бол тэд нарыг ерөөсөө тоодоггүй. Би өөрийнхөө замаар л явж байгаа. Надад баримталж явдаг нэг үзэл байдаг, би өөрийнхөөрөө л амьдарна гэж боддог. Багаасаа л бусдынхаар биш, өөрийнхөөрөө амьдарна гэсэн үзэл бодолтой хүн. Бусад хүмүүс намайг шоолно  уу, доромжилно уу, атаархна уу надад ерөөсөө хамаагүй. Би ч бас өөрийнхөө тухай тэдэнд дэлгээд яриад байхгүй.

YOLO: Мэргэжил сонголт дээрээ эргэлзчихсэн, ямар хичээлээр дагнан судлахаа шийдээгүй хүүхдүүдэд зориулж, химийн шинжлэх ухааныг сонгох судлах шалтгаануудыг дурьдвал?

-Химиэр дагнан суралцаад химийн инженер болох боломжтой. Байгалийн хязгаартай нөөцийг химийн инженерчлэлийн аргаар бусдад хангалттай, хүртээлтэй болгох ажил хийдэг. Мөн физик-хими, био-хими гэх мэт бусад шинжлэх ухаануудтай хавсарсан мэргэжлүүд бий.

Химийг гүнзгийрүүлэн судалснаар юу надад хэрэггүй, аль эсвэл хэрэгтэй вэ гэдгээ ялгадаг болж, хэрэглээгээ хянаж сурдаг.

YOLO: Химийг шинжлэх ухаан гэдэг талаас нь биш, ЕБС-ийн хичээл гэдэг талаас нь харъя. Химийн хичээл бусад шинжлэх ухааны хичээлүүдээс юугаараа өөр вэ? Зарим хүмүүс химийг математик, физикийг хажууд амар хялбар гэж хэлэх нь бий.

-Математик, физикийн хажууд амархан гэсэн юм бол байхгүй, шал өөр шинжлэх ухаан юм. Хүний хэрэглээтэй холбоотой учир практик амьдрал дээр дандаа яригддаг. Харин онол талаасаа гэвэл хүнээс асар их мэдлэг шаарддаг. Заавал мэддэг байх, цээжлэх ёстой зүйлс ихтэй. Физик шиг зөвхөн томьёон дээр суурилаад өөрсдөө цааш нь бодоод явчихдаг шинжлэх ухаан биш. Онол мэдлэгтэйгээ шинэ санаагаа холбоод явдаг хичээл гэх юм уу?

YOLO: Өөрийг чинь эгэл жирийн сурагчидтай харьцуулахад олон улсын олимпиадад оролцоод, эх орныхоо нэрийг гаргаад ирсэн, үеийнхнийхээ дэргэд нэлээд дээгүүр байр сууринд тооцогдохуйц том амжилт гаргасан гэж би хувьдаа харж байна. Тийм учраас монгол хүүхэд залуучууддаа, үе тэнгийхэндээ хувь Хас-Анандын зүгээс зүрх сэтгэлээсээ юу гэж хэлж зөвлөж, уриалмаар санагддаг вэ?

-Миний үеийнхэн одоо нийгэм дээр гарч, жинхэнэ амьдралтай нүүр тулах гэж байгаа. Бид одоо хүүхэд насаа орхих ёстой. Ер нь бол бидэнд асар их хариуцлага ирж байгаа. Хэлж мэдэхгүй ч бидэнд цаашид асар том асуудлууд тулгарах байх. Ямартай ч бид амьдралын шалгууртай нүүр тулна. Яг нүүр тулаад ирэхээр шантраад, шантарсандаа буруу зам руу орох ч юмуу, тиймэрхүү юм болж магадгүй. Тийм болохоор битгий шантраарай гэж хэлье.

Хүн алдаанаасаа маш их зүйлийг сурч авдаг. Би шантрахаараа өөртөө нэг үг хэлдэг байхгүй юу. Амьдралд хэн хүчтэй цохисон нь биш, хэдэн ч удаа цохиулсан бай дээш босоод урагш алхсан нь ялагч. Тийм болохоор ямар нэгэн хүнд зүйл тохиолдоход шантарч хойш суухын оронд, нэгэнт болоод өнгөрсөн үйл явдал юм чинь ардаа үлдээх хэрэгтэй. Нэг хаалга хаагдахад нөгөөх нь нээгддэг. Тэрийг л сайн санаж яваарай гэж хэлмээр байна.

YOLO: Ярилцах сэдвүүд ингээд дуусч байна. Өөрийн чинь хувьд яримаар санагдсан боловч миний асуулгүй өнгөрөөчихсөн зүйл байна уу?

-Би хүсэл мөрөөдлөө яримаар байна. Би хувьдаа хүний хамгийн том зовлон бол хагацал гэж боддог. Өөрөө олон хагацалтай нүүр тулж байсан учраас, хагацал гэдэг хамгийн том зовлон гэдгийг мэддэг. Тийм учраас хүнд хамгийн их баяр жаргал бэлэглэх зүйл бол хагацлын ирмэг дээр ирсэн байсан хүн эргээд амьдралд ирэх явдал гэж би боддог. Тийм учраас багаасаа хүнд амьдрал бэлэглэх, хүний амь аврах тэр мэдрэмжийг авахыг хүсдэг. Миний хүсэл мөрөөдөл бол, өөрийн чадах чинээний бүх хүч чадлаа дайчлаад, зуу, мянга, арван мянга хүний амийг аварч, хайртай дотны хүмүүстэй нь уулзуулах явдал.

YOLO: Анагаах ухааны чиглэл гэсэн үг үү?

-Ер нь тийм. Гэхдээ би багадаа эмч болно гэж боддог байсан хэдий ч, том болоод надад тохирох мэргэжил биш юм байна гэдгийг ойлгосон. Тийм учраас химийн шинжлэх ухааны мэдлэг чадвараа ашиглан хорт хавдартай тэмцэх гэх мэт нээлт ололтуудыг хийж бүтээхийг хүсдэг. Хэдийгээр би өөрөө энэ мөрөөдөлдөө хүрч чадахгүй байлаа ч, сурсан мэдсэнээ бусдад зааж өвлүүлнэ. Тэр хүмүүс надаас сурсан мэдлэгээ ашиглан хүний амь насыг аврах болно. Тиймээс мөрөөдлийнхөө төлөө ухаршгүй зүтгэнэ гэж боддог.

YOLO: Ярилцсанд баярлалаа.

#Chemic