Бүхий л авьяасыг цогцлоосон ДУА ЛИПА


Э.Цовоо | YOLO.MN
2018-09-28

Дуу хөгжмийн ертөнцөд алдартай нэгэн залуухан авьяаслаг бүсгүй бол Дуа Липа юм. Үзэсгэлэнтэй дүр төрх, гоёмсог хоолойгоороо бусдыг татаж чаддаг тэрээр маш олон хит дуунуудыг олны хүртээл болгосон билээ. Тиймээс уншигч та бүхэндээ зориулан дуучин бүсгүйн талаар сонирхолтой мэдээг бэлтгэн хүргэж байна.

Тэрээр 1995 оны наймдугаар сарын 22-ны өдөр Лондон хотноо мэндэлжээ. Тэрээр нэг эгч, нэг ахтай. Дуа Липа 14 настайдаа анх дуучин болох гараагаа эхэлсэн ба “Pink”, “Nelly Furtado” зэрэг дуртай дуучдынхаа дууг дууриан дуулж “Youtube” хуудаснаа нийтэлдэг байв. Дуучин бүсгүй маань дуулахаас гадна чадварлаг загвар өмсөгч гэнэ шүү. Тэрээр 16 настайдаа загвар өмсөгчөөр ажилдаг байсан ба 18 настайдаа “The X Factor” хэмээх алдартай нэвтрүүлэгт орж өөрийгөө олон нийтэд илүү таниулж чадсан билээ.

 

Дуа Липа 2015 онд өөрийн анхны дуу болох “New Love” хэмээх дуугаа гаргасан. Харин тухайн оны аравдугаар сард тэрээр “Be The One” гэх хоёр дахь дуугаа гаргасан нь түүнд маш их амжилтыг авчирсан юм.

Түүний дуу Европын 11 орны хөгжмийн чартад маш олон долоо хоног шилдэг арван дуунд жагссан билээ. Энэ эрчээрээ тэрээр хэд хэдэн дуу гаргасан ба 2016 оны 11-р сард аялан тоглолтоо хийн шүтэн бишрэгчдээ баярлуулав. 2017 оны зун “No Rules” хэмээх дуу нь түүнийг дэлхий нийтэд таниулахад нь илүү тусалж чаджээ. Түүний амжилт үүгээр дууссангүй. “Spotify” дээр хамгийн олон хандалт авч чадсан эмэгтэй дуучин болсон Липа 2018 онд маш олон шагналд нэр дэвшсэн ба “Шилдэг эмэгтэй британи дуучин”  хэмээх шагналыг өөрийн болгож чаджээ. 

Түүний сүүлд гаргасан “One Kiss” дуу нь ч мөн алдартай болоод байгаа ба “Youtube” хуудаснаа дөрвөн сарын дотор 356 сая хандалттай болж чадсан юм.

Дуулахаас гадна тэрээр жүжиглэх авьяастай ба нийт гурван кинонд туслах дүр бүтээжээ. Түүнийг шүтэн бишрэгчид нь бүхий л авьяасыг цогцлоосон гайхалтай бүсгүй гэдэг. Учир нь тэрээр чадварлаг загвар өмсөгч, дууны ая, үг зохиогч, жүжигчин, дуучин юм.

ДУА ЛИПАНЫ ХАЙР ДУРЛАЛЫН АМЬДРАЛ

Тогооч залуу Isaac Carew 

Тэд 2015 онд үерхэж эхэлсэн ба Исак түүнээс есөн насаар ах юм. Шүтэн бишрэгчид нь тэдний үерхэлд их дуртай байсан бөгөөд хамтдаа их сайхан харагддаг гэж үздэг байжээ. Гэвч тэд 2017 оны сүүлээр хувийн шалтгаанаас болж харилцаагаа өндөрлөсөн юм.

“LANY” хамтлагийн дуучин Paul Klein

Дуучин залуу Паул Клеин болон Дуа Липа нар таван сарын турш үерхсэний эцэст 2018 оны эхээр хоёр тийш болсон аж. Олон нийт тэднийг мөн л үзэмж төгөлдөр хосууд хэмээн өргөмжилдөг байсан ба тэдний салалтад ихээхэн сэтгэл гонсгор үлдсэн гэнэ шүү. Паул Клеин түүнээс долоон насаар ах байсан юм.

ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Нэр: Дуа Липа (Dua Lipa)

Төрсөн өдөр: 1995.8.22

Төрсөн газар: Лондон хот

Нас: 23

Өндөр: 173 см

Инстаграм: @Dualipa

ТҮҮНИЙ ТУХАЙ СОНИРХОЛТОЙ БАРИМТУУД

Дуа Липа 15 настай байхдаа бие даан амьдрахаар шийдэн гэрээсээ явсан.

Мөн 15 настай байхдаа зөөгч хийн ганцаараа амьдардаг байсан.

Түүний анхны дуу болох “New Love” дуунд “Lana Del Rey” тусалж байсан.

Түүний нэр нь Албани хэлээр “Хайр” гэсэн утгатай.

Түүнийг өндөр болоход сагсан бөмбөг их тус болсон.

Дуа Липаг 11 настай байхад нь багш нь түүнд “Чи дуулж чаддаггүй юм байна” гэж хэлж байсан

Түүний дүр төрхийг илэрхийлдэг гол зүйлүүдийн нэг бол Чокер (Choker)

#Entertainment