5fe40ebd63080.png 5fe40ebd63155.png

“Өөр өөрийнхөө өнгөөр гэрэлтье”


Сондор | YOLO.MN
2018-09-24

Демокрэйзи Карнавал гэж юу вэ?

Ер нь иймэрхүү элдэв уулзалт, үйл ажиллагаа, жагсаал яг юунд хэрэгтэй байдаг юм бол оо? Учир утгагүй цуглаад л, жагсаад л... Ингэж нийгмийг өөрчлөнө ч гэж юу байх вэ дээ.

Би яг ийм бодолтой байснаа нуухгүй ээ. Өнгөрсөнд байсан өөрийгөө хараад хэдэн хариулт өгөхийг хүслээ. Хүүхэд насандаа нийгэм болон бусдын талаар санаа зовохгүйгээр тайван, жаргалтай өссөн юм. Нийгэм гэдэг бол надаас тусдаа “том” зүйл, би нийгмийг өөрчлөнө ч гэж юу байх вэ гэж боддог байлаа. Харин одоо бол би өөрийгөө гололгүй нийгмийн сайн сайхны төлөө дуу хоолойгоо өргөснөөр адаглаад эргэн тойрны хүмүүстээ сайнаар нөлөөлж байгаагаа анзаардаг. Нийгэм гэдэг чинь маш олон хувь хүн юм байна лээ

Хамгийн анх 2014 онд “Бахархлын алхалт”-нд 20 нас ч хүрээгүй байхдаа олон хүнтэй хамт алхаж байснаараа өнөөдөр маш их бахархсан. Тухайн үед бол өөртэйгөө ижил хүмүүстэй хамт байгаа нь сайхан санагдаж байлаа.

Удалгүй би хүний эрх гэж байнга сонсдог атлаа хол юм шиг байдаг зүйлийг чухалчлан авч үзэж эхэлсэн юм. Хүний эрх гэдэг чинь бидний боддог шиг тийм ч сүртэй зүйл биш байх нь. Хаана төрсөн, хэнээс төрсөн бас ямар төрсөн гээд ялгаатай байдлыг үл хамааран чи “хүн” гэдгээрээ хүндлүүлж бас амьдрах эрхтэй. Хүний эрхийн түгээмэл тунхаглалд бүр нарийн биччихсэн бий. Тэгээд бас уншчихаад бусдыгаа хүндлэх хэрэгтэй гэдгийг санаарай.

Ер нь хамгийн ихээр ойлгож авсан зүйл бол энэ олон дайн дажны дараа, тоо тоомшгүй олон хүн бие биенээ хөнөөсний дараа л Дэлхийн хүн болгон эв найрамдалтай байж, энх тайвныг тогтоох гээд л тэмцээд байгаа юм байна. Тэгээд л тайван жагсаал, НҮБ, тогтвортой хөгжлийн зорилт, тэгш эрх гэх мэт зүйлсийг байн байн энэ тэндгүй давтаад байгаа юм байна лээ шүү. Тэгээд энэ үгс зүгээр нэг үгс биш цаана нь маш их ажил, олон хүний сэтгэл, тэдний амьдрал байдаг юм. Миний ч амьдрал бас холбогдчихсон л явж байна. Бид бүгд нэгдэж байж нийгмээ өөрчлөнө. 

Харин удахгүй болох гэж байгаа ДемоКрэйзи Карнавал гэж юу вэ? Democracy гэх үгийг DemocraZy болгочихсон юм байна лээ. Цаад утга нь бол ардчилалд хайртай залуучуудын нэгдэл юм. (https://www.facebook.com/democrazymn/

Энэ жилдээ 6 дахь жилдээ зохион байгуулагдаж буй уг Карнавал “ӨӨР ӨӨРИЙНХӨӨ ӨНГӨӨР ГЭРЭЛТЬЕ!” уриан дор болох нь ээ.

 Жил ирэх тусам хүний эрхийн хамгаалагч залуучууд бүр ч олуулаа болж, илүү бүтээлчээр өөрсдийгөө илэрхийлдэг болж байгааг харах үнэхээр сайхан байна.

Хүний эрхийн хамгаалагч гэж хэн бэ?

Та нийгмийнхээ төлөө санаа зовдог уу? Сайн сайхан нийгмийг бүтээлцэхийг хүсдэг үү? Хэрэв тийм бол та заавал ирээрэй. Бусдыг хүндэлдэг, ямар ч ялгаварлалгүйгээр хүн бүхнийг эрх тэгш “хүн” гэж хүлээн зөвшөөрдөг бол та өөртөө итгэлтэйгээр “Би хүний эрхийн хамгаалагч!” гэж хэлээрэй. Та бүхэн ДемоКрэйзи Карнавалд ирснээр маш олон сонирхолтой арга хэмжээнүүдэд оролцох боломжтойгоос гадна бусад хүний эрхийн хамгаалагчидтай танилцаж, хамтдаа өөрсдийн дуу хоолойгоо илүү чангаар өргөх болно. Мэдээж хүний эрхийн хамгаалагч байх нь ганц карнавалаар дуусахгүй ч ДемоКрейзи Карнавал эхлэл нь байг! 

Таныг хүндэтгэсэн: Кенна 

#Events