iPhone-ийн шинэ загвар Xs Max: 512GB багтаамжтай, 1499 ам.доллараар худалдаална


YOLO.mn | YOLO.MN
2018-09-13

Дэлхийн хамгийн баян компани болох Apple-ийн удирдлагууд урд шөнө 2019 оны үндсэн бүтээгдэхүүнээ танилцууллаа. Эдгээр нь iPhone Xs, Xs Max гар утаснууд юм. Тус компани ирэх онд эдгээр утсандаа ихээхэн найдлага тавьж, борлуулалтын дийлэнх орлогоо эдгээр утаснаас олно гэж тооцоолж байна.        

Жил бүрийн есдүгээр сарын 12-нд Apple event болдог. Иймд технологийн мэргэжилтнүүд энэ удаад Apple ямар шинэ бүтээгдэхүүн танилцуулах, тэр нь ямар горим, үнэ, нэртэй байх вэ хэмээн өөр өөрийн таамгийг дэвшүүлэн, бүр санал асуулга явуулах нь ч бий.

64GB iPhone Xs загварын үнэ 999 ам.доллар бол Xs Max 1099 ам.доллароос эхэлнэ.

Энэ жилийн хувьд дийлэнх таамгууд биеллээ олжээ. Урд шөнийг хүртэл цуу яриа байсан iPhone Xs, Xs Max-тай холбоотой олон мэдээлэл үнэн болохыг гүйцэтгэх захирал Тим Күүк нотлов. Эдгээр утасны хамгийн гол онцлог нь дэлгэцийн хэмжээ, бат бөх чанар.

iPhone Xs утасны хэмжээ хэвээрээ буюу 5.8 инч, OLED дэлгэцтэй бол Xs Max загвар аварга том, 6.5 инч.

Компанийн тэргүүн дэд захирал Фил Шиллерийн хэлснээр энэ утасны дэлгэцийн шил хамгийн бат бах гэдгээрээ онцлог. Харин Тим Күүк захирал “Энэ бол бидний бүтээсэн хамгийн дэвшилтэт iPhone” гэв.    

Тэгээд юу нь дэвшилтэт юм бэ?

  • iPhone-ийн брэнд өнгө болох алтлаг шаргал өнгөтэй. Ар тал нь шилэн.
  • Харагдах байдлаараа өнгөрсөн онд танилцуулсан iPhoneX-тaй тун төстэй.
  • Зэвэрдэггүй, ган гадаргатай.
  • Хоёр том камертай, мэдээж чихэвчний оролт байхгүй.
  • iPhone Xs, Xs Max утасны ус, тоосны хамгаалалт сайжирсан.  
  • Эдгээр нь хос сим карттай анхны iPhone утаснууд боллоо. Нэг нь гар утасны оператор компанийн сим бол нөгөө нь Apple-ийн өөрийн сим карт байна.
  • 6.5 инчийн OLED “Super Retina” дэлгэцтэй.
  • Өмнөх загвараас 60 хувь илүү олон өнгө дүрслэх чадвартай.
  • iPhone 8 Plus-ийн 5.5 инч дэлгэцнээс мэдэгдэхүйц том харагдах ч эх бие нь ижил хэмжээтэй.

Гэхдээ тус компани зөвхөн хятад хэрэглэгчдэд зориулан анх удаа операторын хоёр симийг зэрэг агуулах утас бүтээж байгаа юм.      

БУСАД ШИНЭЧЛЭЛҮҮД

  • 6.5 инч iPhone Max-ын дэлгэцийн нягтшил 2,688 x 1,242 байгаа нь iPhone Xs-ийн үзүүлэлттэй адилхан.
  • Дэлгэцийн мэдрэх чадварыг (touch-sensing rate) 120Hz болгон өсгөснөөр хэрэглэгчийн хөдөлгөөнийг илүү хурдан тогтоож чадна.
  • Компанийн зүгээс тодорхой тоо хэлээгүй ч царай таних системийг сайжруулжээ.   
  • Өнгөрсөн онд танилцуулсан гурван шинэ загвар (iPhone 8/ 8 Plus, iPhone X) A11 Bionic процессортой байсан бол iPhone Xs, Xs Max утаснууд A12 Bionic процессортой.

Apple-ийн Тэргүүн дэд захирал Фил Шиллер

  • 7 нанометрийн чип суурилуулснаар чиптэй анхны iPhone утаснууд гэсэн тодотгол дагалдана.
  • 6 цөмтэй. Эдгээрийн эрчим хүчний зарцуулалтыг 40-50 хувь бууруулсан.
  • СPU нь өмнөх загвараас 50 хувь хурдан.
  • Арын хоёр камер нь 12 мегапиксел бөгөөд өргөн өнцгийн камерт дахин гэрэл мэдрэгч байрлуулсан.
  • Нүүрэн талын камер 7 мегапиксел, гэрэл мэдрэгчийн хурдыг нэмсэн.  
  • Энэ утсаар нэг зураг авахад А12 процессор нэг их наяд үйлдэл хийнэ.

  • Нэг даралтаар олон арван зураг авах бөгөөд ухаалаг HDR систем тэдгээр зургийг нэгтгэснээр чанартай гэрэл зураг бий болно.   
  • Хөрөг зураг авах, авахуулах дуртай хэрэглэгчид зургийн ар тал дахь дэвсгэрийг бүдгэрүүлэн, зургийн эзнийг илүү тодотгохыг илүүд үздэг. Тэдэнд зориулан арын дэвсгэрийг тодруулах эсвэл бүдгэрүүлэх нэмэлт боломжийг олгосон.
  • Дүрс бичлэг хийхэд зориулсан стерео дуу хураагчтай.   
  • Цэнэгээ хадгалах тухайд Phone Xs утсыг цэнэглэхэд Х загвараас 30 минут илүү хугацаа шаардлагатай. Харин Xs Max загвар iPhone утаснуудаас хамгийн том цэнэг хураагууртай. Бүрэн цэнэглэхэд 90 минут шаардлагатай. Хэрэв таны утасны цэнэг хурдан дуусдаг бол энэ загвар танд яг тохирно гэж үйлдвэрлэгчид онцолж байв.     

Ингээд төгсгөлд нь 512GB багтаамжтай шинэ загварын үнийг танилцуулъя.

64GB iPhone Xs загварын үнэ 999 ам.доллар бол Xs Max 1099 ам.доллароос эхэлж, 512GB 1449 ам.доллар байгаа нь тус компанийн компьютероос ч үнэтэй байна. Урьдчилсан захиалга маргааш, дэлгүүрийн худалдаа энэ сарын 21-нд тус тус эхэлнэ.  

Шинэчлэгдсэн ios12 үйлдлийн системийг та ирэх даваа гарагаас суулгаж болох юм байна.

Эх сурвалж: engadget.com

Сэтгүүлч Б.Эрдэнэчимэг

#IPHONEXsMax