ЗАХИДАЛ: Хаях ёсгүй байсан юм гэж бодтол өөрчлөгдөх нь зөв үү?


ССҮТөв | YOLO.MN
2018-09-13

mail  Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Хаях ёсгүй байсан юм гэж бодтол өөрчлөгдөх нь зөв үү?

Сайн байна уу? Намайг Э гэдэг. Энэ жил 17 настай. Нодлин жил нэг хөвгүүнтэй үеэрхэж байгаад хаягдсан юм. Одоо түүнийг харахаар үзэн яддаг болсон. Гэхдээ сэтгэл санаа минь нэг л амарч өгөхгүй байна. Би их шартай зантай болохоор өөрийгөө өөрчлөөд, надад буцаж сайн болтол нь нүднийх өмнө эргэлдэж, намайг хаях ёсгүй байсан юм гэж бодтол мэдрэмж төрүүлэх нь зөв юм болов уу? Надад зөвлөгөө хэлээд өгөөч.

ЗӨВЛӨГӨӨ: Өнгөрсөнтэйгөө битгий хэт их зууралд

Сайн уу? Бидэнд захиа илгээсэнд баярлалаа. Ямарваа нэгэн харилцаа дуусгавар болно гэдэг хэзээд амаргүй байдаг. Маш олон сөрөг сэтгэл хөдлөлдөө бид дарагддаг, түүнээсээ болж буруу алхам, буруу үйлдэл хийх нь түгээмэл. Өнгөрсөнд болоод дууссан үйл явдалд дургүй хүрэх, “үзэн ядах” тохиолдол хэвийн.  Гэвч өнгөрсөнтэйгөө битгий хэт их зууралд. Сэтгэл санааг чинь тавгүй болгоод байгаа бодлоо хязгаарлахыг хичээгээрэй. Оронд нь өөрийгөө илүү завгүй байлгаж, шинэ чадваруудыг эзэмшиж, өөрийгөө илүү сайжруулж өөрчилхөд буруу зүйл байхгүй. Гэхдээ зорилго нь бусдыг харамсуулах гэсэндээ биш, харин өөрөө өөрийгөө хайрлаж байгаагийн үүднээс шүү дээ.

Эцэст нь хэлэхэд харилцаа чинь дуусгавар болсон бол үүнд ямарваа нэг учир шалтгаан байсан л байж таараа. Тэр учир шалтгааныг ойлгоод, түүнээсээ суралцаарай. Мөн “ёстой” гэдэг үгийг аль болох бага хэрэглэж байгаарай. Юу ч ёстой буюу албатай биш шүү дээ. Тэр чамайг хайрлах албагүй, та хоёр заавал үерхэх албагүй. Мөн заавал тэр харамсах ч албагүй шүү дээ. Үүнийг ахиад бодоод үзээрэй. Амжилт хүсье.

Сэтгэл Судлалын Үндэсний Төв

Туслах сэтгэл судлаач

С.Цолмон

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж   цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой дурдаарай. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

 

#Love, #Letter