IT инженерүүд өсвөр наснаасаа эхлэн суралцах боломжтой болжээ


Өнгөрсөн амралтын өдөр /2018.09.09/ дэлхий дахинд өрсөлдөх чадвартай мэдээллийн технологийн монгол инженерүүдийг бэлтгэн гаргах нэгэн шинэлэг академи өөрсдийн сургалтын талаарх мэдээлэл болон танилцуулга хичээл хосолсон нээлттэй өдөрлөгийг зохион байгуулсан юм. Дэлхийд алдартай Amazon, Google, Facebook зэрэг компаниудад ажиллаж байсан монгол инженерүүдийн байгуулсан "Nest Academy"-ийн гол зорилго нь ЕБС-ийн 7-10-р анги буюу дундаас ахлах ангийн хүүхдүүдэд зориулсан мэдээллийн технологийн сурагч инженер бэлтгэх зорилготой ажээ.

Өдөрлөгөөр "Nest Academy"-ийн мастерууд сурагч инженер болох хүсэлтэй хүүхдүүд, тэдний эцэг эхчүүдэд дугуйлангийнхаа онцгой давуу талуудын тухай мэдээлэл өгч, үүсгэн байгуулагчид салбарынхаа тухай сонирхолтой илтгэл тавьж, сурагчдад зориулан компьютерийн код бичиж сурах анхан шатны танилцуулах хичээлийг заалаа. "Ирээдүйд бүх мэргэжил технологийн чадвар шаарддаг болно" гэж академийн үүсгэн байгуулагч Б.Габит хэлсэн юм. Өдөрлөг дээр код хэрхэн бичих, вэб хэрхэн үүсгэх зэрэг логик сэтгэлгээ хөгжүүлэх маш олон төрлийн сонирхолтой хичээлүүдийг заалаа.

Бүгд л ирээдүйд технологийн чиглэлээр инженер болох хүсэл сонирхолтой хүүхдүүд хүрэлцэн ирэв.

Nest Academy-ын үүсгэн байгуулагч, Ocurus хэмээх дэлхийн 10 орны хэрэглэгчидтэй виртуал буюу 360 градус зургийн аялал бэлддэг системийн CTO буюу технологийн нарийн чигийг нь гаргасан Б.Алтантөр: "Вэб гэж юу вэ? Үүнийг заавал ухаантай хүмүүс хийдэг үү? Үгүй ээ үүнийг хэн ч хийж чадна. Код бичиж сураад 21 хоногт дуртай тоглоомоо хийсэн 16-17 настай хүүхдүүд ч байдаг" гэв.

Nest Academy-ын үүсгэн байгуулагч, Монголоос олон улсын зах зээлд гаргаж байсан анхдагч стартапуудын нэг Ymoment багийн CTO Б.Амартайван: "Google-ээс асар их юм сурч болдог. Энэ сургалт бол бэлэнчлэх сэтгэлгээ өгөх сургалт биш. Код бичиж сурахад заавал тоондоо сайн байх шаардлагагүй. Хамгийн гол нь логик сэтгэлгээ чухал."

Nest Academy-ын үүсгэн байгуулагч, ШУТИС-КТМС-ийн программ хангамжийн багш, цахим банкны шийдэл, цахиурын хөндийд хөрөнгө босгох чиглэлээр дагнан ажилладаг Infinite Solutions LLC-ийн төслийн удирдагч С.Бауырбэк: "Юу ч хийдэггүй хүн алддаггүй. Хүн алдаа хийх тусам амжилтанд хүрдэг. Яг одоо хүсч байгаа зүйлээ эхэл. Бүү шантар, юу хийж чадахаа хар."

Nest Academy-ын үүсгэн байгуулагч, Infinite Solutions LLC-ийн ТУЗ-ын дарга Б.Габит:  “Learning is fun” уриатайгаар үйл ажиллагаа сургалтаа явуулна. Бид дүн тавьж муу байна гэж хэлэхгүй. Сурагчдыг хөгжүүлэх тал дээр хөгжилтэй, сонирхолтой арга барилаар заах болно."

Тэд хүүхэд залуусын асуухыг хүссэн асуултуудад хариулт өгөн мөн туршлагаасаа хуваалцсан юм.

Өдөрлөгт ирсэн сурагч, эцэг эхчүүд асуултаа асуун өндөр сэтгэгдэлтэй гарч байв. Хэрэв чи ч бас дэлхийд өрсөлдөх чадвартай инженер болохыг хүсвэл амжиж бүртгүүлэн шалгалтаа өгөөрэй. Насны хязгаар тавьсан ч гэлээ үнэхээр хүсэл сонирхолтой хүүхэд залуус байх юм бол холбогдож болно гэдгийг дуулгахад таатай байна.  Бүртгэл есдүгээрр сарын 15-25-ны хооронд үргэлжилнэ. Сургалт 10-р сарын 1-нээс эхэлнэ.

Дэлгэрэнгүй мэдээллийг https://www.facebook.com/nestacademy.mn/?tn-str=k*F хуудаснаас аваарай.

#Events