Олон улсын тэтгэлэгт хөтөлбөрүүдийг YOLO.mn тогтмол мэдээлэхээр боллоо


YOLO.mn | YOLO.MN
2018-09-10

Бүх төрлийн урт болон богино хугацааны тэтгэлэгт хөтөлбөр нэг дор байршдаг хамгийн том платформ "Youth Opportunities"-тэй "Монгол Контент" ХХК өнөөдөр /2018.09.10/ хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Хамтын ажиллагааны хүрээнд дэлхийн 115 улс оронд салбартай, хамгийн олон хэрэглэгчтэй платформд байршсан тэтгэлэгт хөтөлбөр болон бусад олон боломжийг монголын хүүхэд залууст ийнхүү зөвхөн YOLO.mn вэбсайт цаг алдалгүй хүргэж байхаар боллоо.

Монгол Улсад хамтрагч талуудаар салбар бүрээс зөвхөн нэг байгууллага сонгосон бөгөөд мэдээллийн хамтрагч байгууллагаар "Монгол Контент" ХХК тодорхой шалгууруудыг хангасны үндсэн дээр сонгогджээ. "Тус компаниас эрхэлдэг YOLO.mn вэбсайтын зорилтот бүлэг, нийтлэлийн бодлого, агуулга зэргийг харгалзсаны үндсэн дээр толгой байгууллагаас энэхүү сонголтыг хийсэн" хэмээн Youth Opportunities байгууллагын Монгол дахь албан ёсны төлөөлөгч Ч.Золзаяа дурьдсан юм.

Зүүн гар талаас "Youth Opportunities" байгууллагын Монгол дахь албан ёсны төлөөлөгч Ч.Золзаяа, "Монгол Контент" ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Ганзориг нар

"Youth Opportunities" платформ нь тэтгэлгүүд төдийгүй сургалт, уралдаан, хөтөлбөр, семинар, дадлага болон ажлын байрнуудын талаарх мэдээллийг үнэ төлбөргүй түгээдэг. Энэ есдүгээр сараас албан ёсны үйл ажиллагаагаа Монголд эхлүүлсэн тус байгууллага манай орны залуусын тэр бүр мэддэггүй олон боломжуудад хүрэх гарцыг нээж өгч, дэлхийн тавцанд гарах, мэргэжил дээшлүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулах нь.

Дашрамд дурьдахад, Youth Opportunities байгууллагын Монгол дахь сургалт зуучлалын хамтрагчаар FARO олон улсын сургалтын групп сонгогдон мөн өнөөдөр хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан юм. FARO группыг бид таван өдөрт 600 үг цээжлэх Power Vocabulary сургалтаар нь илүүтэй мэдэх болсон билээ.

Youth Opportunities байгууллагын Монгол дахь албан ёсны төлөөлөгч Ч.Золзаяа, "FARO" группын ерөнхий менежер Ц.Хашхүү нар

Та бүхэн цаашид "Youth Opportunities" байгууллагын Монгол дахь үйл ажиллагааны талаарх мэдээллийг манай вэбсайтаас гадна тус байгууллагын Монгол дахь салбарын фэйсбүүк группээс авч байгаарай.

#Scholarship