Дуучин Темпо: Хорин хоёр настайдаа анхны хайртайгаа учирсан


Б.Намуун | YOLO.MN
2018-09-10

Хичээл сургууль орж эхэлсэн намрын налгар өдөр төдийлөн ярилцлага өгөөд байдаггүй нэгэн залуу уран бүтээлч манай энэ удаагийн ярилцлагын булангийн зочноор уригдлаа. Шийдэмгий төрх, шударга үг, шинэхэн бүтээлүүд, романтик хайрын романсаараа бидний танил болсон дуучин Б. Болдбаатар буюу бидний мэдэхээр Tempo-той хийсэн ярилцлагыг минь тухлан сууж уншин, түүний дотоод ертөнцөөр хамтдаа аялцгаая

YOLO: Сайн байна уу? Энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Ярилцлагаа “Tempo” гэх нэрний чинь талаар ярьж эхлүүлье.

-Сайн байцгаана уу? Нэрний тухайд гэвэл бүр арван жилд байхын л ийм нэртэй байсан. “Tempo” гэдэг нь хурд хэмнэл ритм гэсэн утгатай үг. Миний жинхэнэ нэрийг Б.Болдбаатар гэдэг. “Tempo” бол миний тайзны нэр. Болдоо гэхээр Монголд зөндөө Болдоо бий. Иймээс тэднээс ялгарахын тулд тайзны өөр нэртэй байх шаардлагатай болсон.

YOLO: Сүүлд ямар уран бүтээл гаргасан бэ?

-Сүүлд “Man on the moon”-тэй хамтран “Сарны дуу” гэх шинэ дуу гаргасан.

YOLO: Тэмпогийн маань үндсэн мэргэжил зураглаач шүү дээ. Мэргэжлээрээ цаашдаа ажиллах бодол байдаг уу?

-Мэргэжлээрээ ажиллах бодол ерөөсөө байдаггүй. Би камерийн ард биш камерийн урд байх сонирхолтой хүн. Зураглаачийн мэргэжлийг дурлаж хүсэж эзэмшээгүй.

YOLO: Ойрын хугацаанд шинэ уран бүтээл гаргах уу? Одоо яг ямар сэдвийг хөндөж уран бүтээлээ гаргая гэж бодож байна вэ?

-Ерөнхийдөө мэдээж шинэ уран бүтээлүүд гаргана. Гэхдээ гаргаагүй байгаа зүйлээ “Ийм юм гаргана, тийм юм хийнэ” гэж ярьмааргүй байна. Сэдвийн хувьд гэвэл ямар ч сэдвээр гаргаж магадгүй. Сэдэв угаасаа мундахгүй их байдаг шүү дээ.

YOLO: Урлагийн салбар тогтвортой ажлын байргүй, тогтвортой цалингүй хэмээн хүмүүс ярьцгаадаг. Анх урлагийн салбарт ороход гэр бүлийнхэн нь хэрхэн хүлээж авсан бэ?

-Яг үнэнийг хэлэхэд дэмжээгүй. Өөрийнхөө бор зүрхээр л явж байна даа.

YOLO: Хүн бүрт багаасаа мөрөөддөг байсан мөрөөдөл гэж байдаг. Өөрийн чинь багын мөрөөдөл юу вэ?

-Би алдартай хүн болохыг мөрөөддөг байсан. Олон хүнд тусалж, олон хүнд аз жаргал баяр баясгалан бэлэглэхийг хүсдэг байсан. Өөрөө үхсэн ч хүмүүст хэрэгтэй юм үлдээгээд хорвоог орхихыг хүсдэг.

YOLO: ЕБС-даа хамгийн дуртай, сайн хичээл нь юу байсан бэ?

-Би монгол хэл, уран зохиол, түүх, нийгмийн ухааны хичээлүүддээ сайн байсан. Мөн биеийн тамиртаа сайн, сагсан бөмбөг сайн тоглодог байсан. Одоо ч сайн тоглодог /инээв/.

YOLO: Сүүлийн үед сурагчид сонирхлоороо биш сайн хичээлийнхээ дүнд найдаж, ЭЕШ-нхаа оноонд баригдаж мэргэжлээ сонгох болсон. Мэргэжил сонголтын тухай ямар бодолтой байдаг вэ?

-Мэргэжил сонголт өсвөр насныханд хамгийн чухал зүйл. Хүн мэргэжлээ зөв сонгох юм бол цаашдаа амьдралын баталгаатай, ажлын байртай, цалин мөнгөтэй явах нөхцөл хангагдана. Эцэг эхийнхээ үгийг сонсож, мөн өөрийгөө сайн сонсох хэрэгтэй. Хүчээр, албадан шаардлагаар мэргэжлээ хэрхэвч сонгож болохгүй. Өөрөө сонирхолгүй мэргэжлээр хүчээр сурчихсан хүмүүс байдаг. Жишээ нь би бол тэдний нэг. Хүн дуртай зүйлээ хийж амьдрах хэрэгтэй. Тэгвэл амьдрал ч гэсэн аз жаргалтай сайхан байна.

YOLO: Одоогоор уран бүтээлээ гаргахын зэрэгцээ ямар ажил хийж байна вэ?

-Би телевизэд хөтлөгч хийдэг. 25-р телевизийн “Тархины фитнесс” нэвтрүүлэг есдүгээр сарын 19-нөөс гарч эхэлнэ. Мөн бас бус ажил хийнэ. Тэрийгээ нууц үлдээе.

YOLO: Тэмпогийн нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

-Янз янз л өнгөрнө. Би чинь дуртай зүйлээ хийж амьдардаг хүн учраас өдөр бүхэн өөр өнгөрдөг. Өглөө эрт босох үе байхад өглөө эрт босохгүй байх үе бас байна. Ер нь ихэвчлэн өдрийг завгүй өнгөрүүлдэг дээ.

YOLO: Амьдралдаа баримталдаг зарчим бий юу?

-Би бол их зарчимч шударга хүн. Би ямар ч харилцаан дээр худал хуурмаг байхыг хүсдэггүй. Хуурамч хүмүүст дургүй. Өөрөө ч тийм байхгүйг хичээдэг. Гэвч одоо үед шударга зүйл их ховор болсон мэт санагддаг. Хүмүүс хэтэрхий хэлбэрийн, хиймэл болчихсон мэт...

YOLO: Бага насныхаа тухай яриач. Бага насных нь тухай сонирхоё?

-Бага нас маань ер нь бол их ганцаардмал өнгөрсөн. Аавгүй, ээжгүй өссөн. Ээж маань намайг бага байхад л гадаадад байдаг байсан. Одоо ч гадаадад байгаа. Би эмээ дээрээ өссөн. Иймээс гэр бүлийн халуун дулаан байдлыг мэдэрч өсөөгүй гэж болно. Багадаа ихээхэн ганцаардмал зожиг хүүхэд байсан. Эмээ маань намайг өдий зэрэгтээ өсгөж хүмүүжүүлсэн. Ер нь бол эмээгийн хүүхэд.

YOLO: Эмээгийн хүүхэд гэлээ. Эмээгийнхээ тухай ярихгүй юу?

-Манай эмээ хоёр хүүтэй, хоёр хүүгээ өсгөсөн хүн. Би ач хүү нь яг үнэндээ бол биш. Манай аавын хамгийн том эгч буюу авга эгч маань. Би багаасаа эмээ гэж дуудаад сурчихсан. Эмээ маань насаараа эмнэлэгийн байгууллагад ажилласан алтан гартай сувилагч хүн. Эмээдээ маш их баярлаж явдаг. Өдий зэрэгт хүрсэн минь эмээгийн минь ач гавьяа.

YOLO: Сайнтай муутай сав дүүрнэ гэгчээр хүний амьдралд сайхан зүйл тохиолдоход саар зүйл бас тохиодог. Эргээд бодоход хамгийн сэтгэлийг чинь эмзэглүүлдэг зүйл юу вэ?

-Хамгийн их сэтгэл эмзэглүүлдэг зүйл гэвэл... Би аавгүй өссөн. Аавгүй өссөндөө л одоог хүртэл их эмзэглэдэг. Аавтай байсан бол гэж их боддог. Аав маань намайг бага байхад өнгөрсөн юм. Аавыгаа “Аав аа” гэж дуудаж үзээгүйдээ л их харамсдаг даа.

YOLO: Манай сайтын уншигчид өсвөр насныхан байдаг. Тэд энэ л насандаа хайрлаж дурлаж үерхэж нөхөрлөдөг. Анхны хайрынхаа тухай яриач.

-Би өсвөр насандаа анхны хайртайгаа учраагүй. Хорин хоёр настайдаа анхны хайртайгаа учирсан. 22 насыг өсвөр нас гэхгүй байх.

YOLO: Өөрөөрөө хамгийн их бахархаж байсан үе?

-Өөрөөрөө ерөөсөө бахархдаггүй. Учир нь бахархаад байхаар зүйл нэг ч удаа хийж байгаагүй. Нэг бол үхэхдээ өөрөөрөө маш их бахархана. Үгүй бол үхэхдээ хамгийн их харамсах байх гэж боддог

YOLO: Маш урт хугацаанд мөрөөдсөн хэрнээ одоог хүртэл биелүүлж чадаагүй байгаа зүйл бий юу?

-Одоогоор урт хугацаагаар юуг ч мөрөөдөөгүй байна. Мөрөөдөл минь өдөр болгон шинээр эхэлдэг. Зөндөө мөрөөдөл бий. Бага багаар мөрөөдөл минь биелээд явж байна.

YOLO: Нөхөрлөлийн үнэ цэн таны бодлоор юунд оршдог вэ?

-Нөхөрлөлийн үнэ цэн шударга, үнэнч байхад оршино. Найзууд нэгнээ ямар ч үед өмгөөлж хамгаалж нэгнийхээ төлөө бат зогсдог байх хэрэгтэй. Сайн найзууд найзынхаа ардуур муулдаггүй, найзыгаа сайн явахад атаархдаггүй. Жинхэнэ нөхөрлөл нэгэндээ хэзээ ч атаархдаггүй. Бие биендээ өөртөө хүсдэг зүйлээсээ ч илүүг хүсэж найзыгаа сайн хүнтэй учирч сайхан амьдрахад нь баярладаг хүнийг л найз нөхөр гэж хэлнэ байх. Зугаа цэнгэл баяр ёслолд хамт байхаас илүүтэй нэгнийхээ хэцүү үед дэргэд нь байх хэрэгтэй. Бие биетэйгээ баг зүүж харьцдаггүй яг л өөрсдийнхөөрөө үнэн байдаг хүмүүсийг л найзууд гэнэ. Найз чинь муу зуршилтай бол муухай ааштай бол тэрийг нь хэлээд засуулдаг байх хэрэгтэй. Түүнээс биш бялдуучилсан нөхөрлөл ямар ч үнэ цэнэгүй. Карьертай, гайгүй ажил мэргэжилтэй, хөрөнгө мөнгөтэй хүмүүс дээр очиж наалдаж нөхөрлөдөг нөхөрлөл их болсон. Би ийм нөхөрлөлд үнэхээр дургүй. Би багаасаа найзалсан найзуудтайгаа одоо ч хамт байдаг. Яг үнэндээ би олон найзтай хүн биш. Зүгээр л олон танилтай, цөөхөн найзтай хүн. Тэдгээр хүмүүс хэзээд миний төлөө байна гэдэгт би итгэдэг. Бусад нь бол зүгээр л танилууд. “Найз” гэдэг үг арай ахдахаар хүмүүс.

YOLO: Хэзээ хамгийн сүүлд хэн нэгний хажууд уйлсан бэ?

-Хүний хажууд уйлдаггүй. Ганцаараа их уйлдаг. Би сэтгэл хөдлөл ихтэй. Кино, жүжиг, нэтрүүлэг үзэж байгаад огшиж уйлна. Хүмүүсийн огшоод байхааргүй юман дээр их огшдог хүн. Би гаднаа ширүүн, их зантай, өөртөө итгэлтэй харагддаг гэж нэлээн сонсож байсан. Гэвч дотроо тийм биш. Харин ч их өрөвчхөн, зөөлөн хүн. Эмээтэйгээ өссөн учраас нулимс ойрхонтой. Гэхдээ хүмүүсийн дэргэд учир зүггүй уйлаад байхгүй л дээ. Жишээ нь кино үзэж байхад хүмүүс яагаачгүй байхад би ганцаараа огшоод уйлчих гээд байдаг.

YOLO: Өөрийгөө амьтнаар дүрсэлбэл ямар амьтантай адилтгах вэ?

-Арслан. Би арслангийн орд л доо. Арслангийн ордныхон өөртөө итгэлтэй, бусдыг энэрч хамгаалдаг, нэг хайрласан хүндээ их үнэнч байдаг. Топ дөрвөн ордны нэгт арслангийн орд ордог. Лаг гэсэн утгаараа биш, зүгээр л бусдыг өмгөөлж хамгаалах дуртай учраас арслантай зүйрлэж байгаа юм. Би олуулаа нийлж нэг хүнийг дээрэлхэж буй хүмүүст их дургүй. Олуулаа нийлж нэг хүн рүү дайрна гэдэг сул дорой хүмүүсийн шинж. Энэ шударга ёсонд нийцэхгүй. Харин ч ядарсан нэгнээ дэмжиж амьдрах хэрэгтэй. Хүн хүнээ хайрлах хэрэгтэй. Би хүнд гай бололгүй амьдрахыг хичээдэг. Төгсгөл ирэхэд хүмүүс миний тухай сайнаар дурсаасай гэж би хүсэж байна. Хэрвээ олон хүн гомдоосон бол тэр хүмүүс намайг сайнаар дурсахгүй. Төгсгөл хэзээ ч ирж болно. Маргааш ч үхэхийг үгүйсгэхгүй. Тиймээс чи яг одооноос л зөв байх хэрэгтэй. Одоо л нэгэндээ хайртай гэдгээ хэл, одоо л нэгнээсээ уучлалт гуй.

YOLO: Чөлөөт цагаараа юу хийдэг вэ?

-Чөлөөт цагаараа гэртээ л байдаг. Би гадуур ер нь гараад байдаггүй. Гэхдээ найзуудтайгаа уулзаж ирээдүйнхээ тухай, хөгжилтэй зүйлсийн тухай ярилцаж суух дуртай. Ер нь чөлөөт цагаараа ганцаараа байж, мэдэхгүй чадахгүй зүйлээ сурч өөрийгөө хөгжүүлэхийг хичээдэг.

YOLO: Саяхан нэгэн брэндийн зураг авалтанд экс найз бүсгүйтэйгээ оролцсон байсан. Хүмүүс ч сошиал ертөнцөд их шуугиж байсан. Энэ талаар ямар бодолтой байна вэ?

-Энэ нь монгол дээлний брэндийн зураг авалт байсан. Тэр зураг авалтанд хэн хэн маань зөвшөөрөөд орсон учраас хүмүүсийн ойлгож байгаа шиг зүйл биш. Тэр бол зүгээр л ажил. Хүмүүс ч гэсэн тэгж ойлгоосой гэж хүсэж байна. Монголчууд жижигхэн юмыг дэврээж ярих их дуртай. Хоёр хүн нэг зураг авхуулсан л биз. Зүгээр тоохгүй л орхих хэрэгтэй. Тэрийг тэгж хүндээр тусгаж аваад сэтгэгдэл үлдээж, хуваалцаж, хэн нэгнийг нь муулаад байх шаардлагагүй. Надад хүн муулах үзэл байдаггүй. Харин хүний үнэнг хэлэхдээ муулчих гээд байдаг. Яагаад гэвэл муу үнэнтэй хүний үнэнг нь  хэлэхээр муулсан болчихдог. Түүнээс биш би зохиомлоор хүн муулдаггүй. Үнэхээр шударга хүнийг би хэзээ ч “Тэр бол хуурамч амьтан” гэж хэлэхгүй. Харин хуурамч хүнийг өөрийнх нь нүдэн дээр ч, найзуудынх нь дэргэд ч “Чи бол хуурамч” гэж хэлж чадна.

YOLO: Өмнө нь үерхэж байсан бүсгүйтэйгээ зураг авалтанд оролцоход эвгүй сэтгэгдэл төрөөгүй юу?

-Үгүй ээ. Ер нь яах гэж ч эвгүй сэтгэгдэл төрөх юм. Бие биедээ хайртай байсан хүмүүс. Хүссэн хүсээгүй насан туршдаа л холбогдоно шүү дээ. Бид ахиад зөндөө л ажил дээр хамтрах шаардлага гарна. Тэр болгон дээр “Миний өмнөх найз бүсгүй” гээд зугтаад байж болохгүй. Тэр сэтгэлийг удирдах хэрэгтэй. Амьдрал бол амьдрал, ажил бол ажил.

YOLO: Хэрвээ бурхан өөрийн чинь гурван хүслийг биелүүлье гэвэл юу хүсэх вэ?

-Би өмнө нь бүх хүмүүсийг гэгээрүүлэхийг хүсдэг байлаа. Дэлхий ертөнцийг муу муухай худал хуурмаггүй байлгахыг хүсдэг байв. Гэвч бодоод үзсэн чинь хэрвээ тэгвэл дэлхий уйтгартай болох юм билээ. Худал хуурмаг, зовлон шаналал байж байж л дэлхий сонирхолтой байгаа юм. Хар цагаан хамт оршдог шиг. Гэнэт бүх юм цав цагаан болчихол уйтгартай шүү дээ. Нэг ийм үг байдаг. “Чөтгөр: - Та нарын шүтдэг бурхан чинь үнэхээр байдаг юм бол би яагаад оршоод байгаа юм бэ?” гэж. Тэгэхээр чөтгөр байж байж бурхан байна. Муу байж байж сайн байна. Хэрвээ үнэхээр бурхан гурван хүсэл биелүүлье гэвэл би цаг хугацаагаар аялдаг болохыг хүснэ. Цаг хугацаагаар аялаж очоод аавыгаа ямар хүн байсныг харахыг хүсдэг. Хоёр дахь хүсэл минь хүмүүсийг ухамсартай байлгахыг хүснэ. Хүн өөрөө их араатанлаг шинжтэй. Хүн бүрийн дотор нэг араатан нуугдаж байдаг. Тэрийгээ хүмүүс өөрсдөө мэддэггүй. Тэр нь согтсон үед, эсвэл ядарсан үед, баярласан үед илэрдэг. Хүнээс гархааргүй аймшигтай авир их гарах болсон. Тэр авирыг л байхгүй болгомоор байна. Хүний ёсондоо таарсан хүн шиг л хүн байх хэрэгтэй. Гурав дахь хүсэл маань дэлхий ертөнцийг дайн дажингүй болгох. Бүх улс гүрний хүмүүс хоорондоо эвтэй найртай. Хойд Солонгос Өмнөд Солонгосын ерөнхийлөгчид хөтлөлцөөд явдаг тийм л эв найрамдалтай амьдралыг бий болгомоор байна.

YOLO: Ярилцлагын маань төгсгөлд уншигчдад маань хандаж үг хэлэхгүй юу?

-Мэргэжлээ сонгох гэж буй өсвөр үеийнхэндээ мөрөөдлөө дага гэж хэлье. Дуртай зүйлээ хийж амьдрах хэрэгтэй. Чи дуртай зүйлээ хийгээд цалинтай цалингүй, нойртой нойргүй, хоолтой хоолгүй байсан ч хамаагүй. Чи түүнийхээ төлөө хөдөлмөрлөж чадвал үр дүнг нь заавал хүртэнэ. Чамайг аз жаргалтай болгодог зүйлийг л хий. Түүнээс биш хүчээр өөрийнхөө дургүй зүйлийг хийвэл чи дотроосоо үхэж эхэлнэ. Мөн эцэг эхээ хайрлаарай. Одоо та нар том болсон мэт санагдаж магадгүй. Эцэг эх чинь ямар нэгэн юм хэлэхэд ядаргаатай, тусдаа амьдармаар санагдаж байж мэднэ. Тэр болгонд стресстэх хэрэггүй. Тэр бол та нарын үзэх ёстой, хүртэх ёстой, давах ёстой л зүйл. Тэгэхээр аав ээжийгээ сайн хайрлаж үгийг нь дагах хэрэгтэй. Аав ээж чинь чамтай насаараа хамт байхгүй. Аав ээжийнхээ үлдсэн цаг хугацаанд сайн охин, сайн хүү байж нүд анихад нь зөв хүүхэд нь байх хэрэгтэй. Хүн битгий муулж байгаарай гэж бас захиж хэлье. Хүн муулахын хэрээр тэр хүнийхээ үйлийн үрийг үүрч байдаг. Амнаас чинь үргэлж сайн сайхан үг гарч байвал эргээд чамд сайн сайхан зүйлс ирнэ. Зөв л амьдрах хэрэгтэй. Зөв амьдар гэдэг нь битгий зугаацаж цэнгэ, битгий үерхэж нөхөрлө гэсэн үг биш. Та нар дурлаж, хайрлаж, аялаж  зугаалж, хөгжилдөж цэнгэх хэрэгтэй. Хаяж үзэх хэрэгтэй, хаягдаж үзэх хэрэгтэй. Тэгж байж та нар илүү хүн болж төлөвшинө. Эцэст нь уншигчдадаа эерэг сэтгэлтэй мундаг хүмүүс болоорой гэж хүсэн ерөөе. Бүгдэнд нь аз жаргал сайн сайхныг хүсье. Анхаарал тавьсан явдалд баярлалаа.

YOLO: Ярилцсанд баярлалаа.

#Entertainment