Т.Тэмүүлэн: Хувийн зардлаар гадаадад сурахад МӨНГӨНИЙ ҮНЭ ЦЭНИЙГ МЭДЭРДЭГ


Сэтгүүлч Б.Намуун | YOLO.MN
2018-08-29

Өмнө нь гадаадад суралцана гэдэг асар холын мөрөөдөл байсан бол өдгөө монголчууд маань дэлхийн өнцөг булан бүрт олноороо сурч боловсорч байна. Тэдний нэг болох Японд хувийн зардлаараа суралцаж төгссөн,  “Tem in Tokyo” влогийн хөтлөгч Т.Тэмүүлэнтэй уулзаж ярилцлаа.

YOLO: Сайн байна уу? Юуны өмнө уншигчдад маань өөрийгөө танилцуулаач.

-Намайг Төгсбаярын Тэмүүлэн гэдэг. Сакура дунд сургуулийг төгссөн. Анх 2013 онд Японы Токио дахь хэлний бэлтгэлд хоёр жил сурч төгсөөд “Ёомиүри коллеж”-д суралцсан.

YOLO: Хувийн зардлаар гадаадад суралцах нь тэтгэлэгтэй суралцахаас ондоо шүү дээ. Хүндрэлтэй асуудал байсан уу?

-Хувийн зардлаар сурахад мэдээж өөрөө ажил хийж төлбөрөө өөрөө олно. Эхний жилийн төлбөрөө гэр бүлээсээ аваад, түүнээс хойших төлбөрөө өөрөө ажил хийж олсон. Би өөрийнхөө хувийн зардлаар их сургуульд сурсан минь зөв алхам болсон гэж боддог. Учир нь би Японд очоод өөрөө ажил хийж, Японы нийгэмтэй илүү ойр харилцаж, олон найз нөхөдтэй болсон. Мэдээж хичээлийнхээ хажуугаар олон цаг ажиллах хэцүү.

YOLO: Яагаад Азийн бусад орноос Японыг сонгож суралцсан бэ?

-Сонгосон шалтгаан маань их энгийн л дээ. Эгч маань Японд амьдардаг байсан. Мөн түүнчлэн би багаасаа өвөө шигээ барилгын архитектурч болохыг мөрөөддөг байлаа. Судлаад үзэхэд Япон, Солонгос хоёр барилга байгууламжийн салбарт тэргүүлдэг орны нэг байсан. Ийм шалтгаануудын улмаас Японд суралцсан.

YOLO: Сонгосон мэргэжлийнхээ тухай сонирхуулаач. Яагаад барилгын архитектурч болъё гэж шийдсэн бэ?

-Би өвөө эмээгийнхээ гэрт өссөн, өвөө эмээгийн хүүхэд. Бага байхад өвөөгийнхөө ширээн дээрээ том цаас дэлгэн барилгын зураг зурж, хэмжилт хийгээд зардлаа бодож байгааг харахад үнэхээр сонирхолтой байдаг байсан. Гэвч яг өөрөө суралцаж эхлэхэд огт өөр юм билээ. Хэдий олон жил мөрөөдөж суралцсан мэргэжил минь ч гэсэн одоогоор мэргэжлээрээ ажиллаагүй, хувийн бизнесээ хийж байгаа.

YOLO: Ёомиүри коллежийнхоо онцлогоос хуваалцаач

-Манай коллежийн онцлог гэвэл орон орны оюутан ихтэй. Мөн дадлага маш их хийлгэдэг. Том коллеж байгаагүй ч чанартай мэдлэгийг түгээж чаддаг коллеж.

YOLO: Монголдоо хувийн зардлаараа суралцах, Японд хувийн зардлаараа суралцах хоёрт хэр их ялгаа байдаг вэ?

-Нэг нийтлэг үндэс гэх юм бол хэрвээ Монголдоо сурвал мэдээж шаардлагатай тохиолдолд ээж ааваасаа мөнгө авна. Хэрвээ гадаадад хувийн зардлаар сурвал ээж аавыгаа төлбөрт унагах биш өөрөө хөдөлмөрлөж мөнгө олохын зэрэгцээ  мөнгөний үнэ цэнийг илүүтэй ойлгоно. Монгол дахь их сургуулийн төлбөрийг сайн мэдэхгүй юм. Гэхдээ манай хэлний бэлтгэлийн төлбөр монгол мөнгөөр 15 сая төгрөг, коллежийн маань төлбөр жилийн 22 сая төгрөг байсан. Асуудал гэж харахгүй бол энэ тийм ч том асуудал биш. Би ажлаа хийгээд сургалтын төлбөрөө, амралтаараа аялах аялалын мөнгөө олчихдог байсан. Энэ маань ч надад таалагддаг байсан. Өөрийнхөө хөлсөө дуслуулж олсон мөнгөөр дуртай зүйлээ хийнэ гэдэг үнэхээр сайхан мэдрэмж.


 

YOLO: Японд анх очиход төрсөн сэтгэгдлээсээ хуваалцаач.

-Анх очиход үнэхээр цэвэр тохилог орчин угтаж авсан. Хүмүүс нь ч тайван хүлээцтэй эелдэг. Сүүлдээ Японы нийгэмд нь ороод амьдарч эхлэхэд Япончууд дотроо их юм боддог, дотогшоогоо хүмүүс байсан. Тэр нь цугласаар гэнэт уурлавал их стресстдэг. Тэрийг хараад “Манай Монголчууд ч амар юм даа. Санаж бодсоноо шууд хэлчихдэг” гэж бодогдсон. Монгол хүмүүс харилцахад илүү амар хүмүүс.

YOLO: Би өмнө нь Японы ахлах сургууль сурагчдаа хичээлээр шахдаггүй амраадаг, харин их сургуульд ороход нь илүү их хичээл ордог гэж сонсож байсан. Ёомиүри коллежийн хувьд ямар байсан бэ?

-Манай коллеж суралцагчдаа хичээлээр тийм ч их шахдаггүй байсан. Ер нь Японы ахлах сургуулиуд хүүхдүүдээ хичээлээр шахдаггүй, шалгалт тийм ч их аваад байдаггүй. Гэхдээ тэгэх тусам сурагчид нь илүү их хичээдэг.

YOLO: Т. Тэмүүлэн маань өөрийн хувийн влогийг хөтөлдөг шүү дээ. Энэ талаар нь ярилцъя.

- 2015 оноос “Tem in Tokyo” влогоо хөтөлж эхэлсэн. Анх Японд ирээд Монголд байгаа хүмүүст влогоороо Япон орон ямар гайхалтай улс гэдгийг харуулж сонирхуулъя гэсэн үүднээс хийж эхэлсэн. Өөрөө влог хөтлөх их сонирхолтой учраас хэцүү зүйл байгаагүй ээ.

YOLO: Влогоороо нийт хэчнээн нэвтрүүлэг хүргэсэн бэ?       

-Төдийлөн өндөр хандалттай байгаагүй ч тогтмол үздэг 3000 орчим хүн байсан. Анх 500 хүн үзвэл их юм гэж боддог байсан. Аль болох Японд ирэх хүслийг нь төрүүлсэн влог хийх гэж хичээдэг. Заримдаа Японд влогийг маань үзсэн хүмүүс надтай тааралдхаараа “Би таны влогийг үзээд Японд ирсэн” гэдгийг нь сонсоход их сайхан байдаг.

YOLO: Япон, Англи, Орос хэлтэй гэж байсан. Хэл сурсан туршлагаасаа хуваалцаач.

-Бага дунд ангидаа “Радуга” орос хэлний сургуульд сурдаг байсан. Бүх хичээл Орос, Англи хэл дээр ордог. Гэвч ярихгүй удсан болохоор одоо Орос хэлээ мартчих гээд байдаг. Харин Англи хэлийг Японд очоод гадаад найзуудтайгаа ярьсаар байгаад сурчихсан. Мэдэхгүй ч гэсэн ойлголцохын тулд яриад л байвал аяндаа сурчихдаг.

YOLO: Япон хэл сурахад тулгарсан хүндрэлтэй асуудал юу вэ?

-Япон хэлний ганц хэцүү асуудал нь ханз. Харин дүрэм бол Монгол хэлтэй адилхан. Гэхдээ ханзыг бичээд л байхад сурчихдаг. Монгол залуучууд маань их ичимхийгээсээ болоод Японд очоод ярьдаггүй. “Энэ хүн намайг юу гэж бодох бол? Буруу ярьчихвий дээ” гээд. Гэхдээ ингэж хэрхэвч болохгүй. Ярьж байж л сурна. Ганц хүний өмнө ичиж байгаа чинь дараа нь мянган хүний өмнө ичих шалтгаан болж мэднэ.

YOLO: “Гадаадаар ярьсаар байгаад гар өвдчихлөөгээд хошигнол байдаг. Өөрийн чинь хувьд Японд очоод ойлголцох гэж аргаа барж байсан хөгжилтэй явдал бий юу?

-Би Японд очоод анх буудлын аяга угаагчаар ажилд орж байсан. Тэнд хамт ажилладаг сайхан сэтгэлтэй хоёр өвөө, нэг Филиппин эгч байдаг байлаа. Тэр хүмүүстэй ярих гэж үнэхээр бөөн юм болдог байсан. Би зовох биш нөгөө хүмүүс маань л зовно /инээв/. Амьтан тайлбарлахдаа хошуу хийж үзүүлнэ, гараа дэвнэ. Үнэхээр л дохио зангаагаар ойлголцдог байсан.

YOLO: Өөрийн чинь амьдралдаа баримталдаг ямар зарчим байдаг вэ?

-Би зүгээр л амьдралыг энгийн байлгахыг хүсдэг. Хором мөч болгоноос аз жаргалыг мэдэрч, эерэг байхыг хичээдэг.

YOLO: Хэрвээ та өөрийгөө амьтнаар зүйрлэвэл ямар амьтнаар зүйрлэх байсан бэ? Яагаад?

Шонхор юм болов уу /инээв/. Саяхан хөдөө явахад нэг шонхор шувуу таарсан. Аягүй хөөрхөн эгдүүтэй харагдсан юм аа. Тэр л санаанд орчихлоо.


YOLO: Хэрвээ бурхан өөрийн чинь гурван хүслийг биелүүлье гэвэл юу гэж хүсэх байсан бэ?

-Эхлээд бүх орон руу үнэгүй явах боломжтой онгоцны тасалбар хүснэ. Хүн нэг аялахаараа аялаад л баймаар санагддаг юм билээ. Дэлхийг тойрон аялмаар байна. Дараа нь юу ч болж байсан стресстэхээргүй амар тайван байдлыг л хүснэ дээ. Хүсэх юм энэ л байна.

YOLO: Ярилцлагын маань төгсгөлд уншигчдад маань хандаж үг хэлэхгүй юу.

-Өдрийг зүгээр л маазарч өнгөрүүлэх биш шинэ содон зүйлс туршиж, шинэ хэл сурч, шинэ ном уншиж өдрийг шинэлэг байлгаарай. Боломжтой бол аялаарай гэж захья. Аяллаар хүн их зүйлийг сурч мэдэж авдаг. Мөн ажил сайн хийж, амьдралдаа туршлага хуримтлуулж мөнгөний үнэ цэнийг мэдрээрэй.

YOLO: Ярилцсанд баярлалаа.

-Баярлалаа


 

#Vlog, #Vlogger