АНУ-д нэг жил 100 ХУВЬ ҮНЭГҮЙ сургах FLEX хөтөлбөрийн тухай дэлгэрэнгүй


Б.Намуун | YOLO.MN
2018-08-22

2019-2020 оны хичээлийн жилд FLEX хөтөлбөрт хамрагдах сурагчдын шалгаруулалтыг 2018 оны есдүгээр сарын 15-нд Улаанбаатар, есдүгээр сарын 22-нд Арвайхээр, 10-р сарын 13-нд Ховд, 10-р сарын 20-нд Чойбалсан хотод тус тус зохион байгуулна. УБ хотын оршин суугч биш ч Улаанбаатар хотод ирж шалгалт өгөх сонирхолтой хөдөө орон нутгийн сурагчдаас 10-р сарын 6, 7-нд 1-р шатны шалгалтыг УБ хотод авна. Шалгаруулалт сурагчийн чадвар дээр үндэслэх ба улс даяар доорх шаардлагуудыг хангасан бүх сурагчдад үнэгүй оролцоход нээлттэй. Үүнд:

  • 2002 оны нэгдүгээр сараас 2004 оны долдугаар  сарын 15-ны хооронд төрсөн байх,
  • Оролцох үедээ 9, 10, 11-р ангийн сурагч байх,
  • Сайн ба түүнээс дээш сурлагын үнэлгээтэй байх,
  • Англи хэлний зохих түвшний дундаас дээш мэдлэгтэй байх,
  • АНУ-ын визний шалгууруудыг хангасан байх,
  • Монгол Улсын иргэн байх бөгөөд гадаад паспорт авах эрхтэй байх.

Шалгаруулалтанд оролцох хүсэлтэй сурагчид шалгалтын өдөр төрсний гэрчилгээ, цээж зураг, хар үзэгтэй ирж бүртгүүлээд шууд шалгалтаа өгнө. Оролцогч зөвхөн нэг л шалгалт авах байранд шалгалтаа өгч болно.

Future Leaders Exchange (FLEX) тэтгэлэгт хөтөлбөр нь Монголын бүрэн дунд сургуулийн сурагчдад Америкийн Нэгдсэн Улсын ахлах сургуульд нэг жил суралцангаа Америк айлд амьдарч, тэдний соёлтой танилцах боломжийг олгох солилцооны хөтөлбөр юм. Уг хөтөлбөр АНУ-ын Төрийн Департаментын Боловсрол, соёлын асуудал хариуцсан товчооноос бүрэн санхүүжилттэйгээр зохион байгуулагддаг. FLEX хөтөлбөр нь АНУ болон Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтсоны 30 жилийн ойг тохиолдуулан Монгол улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны дэмжлэгээр Монгол улсад 2017 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд Америкийн Олон Улсын Боловсролын Зөвлөл хэмээх байгууллага зохион байгуулдаг.

#FLEX