Алиалагчаас айх эмгэгийн тухай


М.Тэнгис | YOLO.MN
2018-08-14

Гартаа үлээдэг бөмбөлөг барин зогсох өнгө алагласан хувцастай хөгжилтэй алиалагчид хүмүүст баяр баясал, инээд хөөр бэлэглэх зорилготой байдаг биш гэж үү? Гэтэл өнөөдрийг хүртэл урт удаан түүхийн явцад “алиалагч” хэмээх дүр төрх илүүтэй айдас, хүйдсийн утга агуулгыг илэрхийлдэг болсон нь юуны учир юм бол? Алиалагчийн дүртэй алуурчид, террорист гэмт этгээдүүдийг аймшгийн кинонд ихээр дүрслэх болж, бодит амьдрал дээр ч алиалагчийн хувцас өмсөн гэмт хэрэг үйлдэгсэд олширсон нь сонин. Хамгийн хачирхалтай нь, ямар ч шалтгаангүйгээр алиалагчаас айх “Coulrophobia” хэмээх эмгэг байдаг.

“Coulrophobia” гэсэн үг нь Грек хэлний “модон хөлт хүнээс айх айдас” хэмээх хэллэгээс үүсэлтэй ажээ. Уг эмгэгийг өөрөөр “Bozophobia” юмуу “Clownphobia” гэж нэрлэх нь бий. Зарим орнуудад албан ёсоор сэтгэцийн өвчин гэж бүртгэгдээгүй, эрүүл мэндийн даатгалд хамрагддаггүй ч тухайн хүнийг үхэлд хүргэж чаддаг энэ эмгэгийн учир шалтгаан тунчиг бүрхэг. Айх, сүрдэх ямарваа нэгэн шалтгаангүйгээр алиалагчаас эмээх...

Дээрх бичлэгт: алиалагчаас шалтгаангүй айх эмгэгтэй эмэгтэйн тухай ярилцлага гарч буй.

Ямартай ч Их Британид явуулсан хоёр томоохон судалгааны үр дүнд хүүхдүүд болон насанд хүрэгчид бүгд алиалагчийг тийм ч “хөгжилтэй” гэж боддоггүйг харуулсан явдал болжээ. 2008 онд хийгдсэн эхний судалгаанд дан балчир хүүхдүүд хамрагдсан байна. Тэднээс алиалагчид дуртай эсэх, тэднийг хөгжилтэй гэж боддог эсэх талаар асуусан ажээ. Гэтэл эцсийн үр дүнд бараг бүх хүүхдүүд алиалагчид дургүй гэдгээ илэрхийлсэн гэнэ. Хүүхдүүдийн хувьд алиалагчид нууцлаг, аймаар, этгээд, өөр цаг хугацаанаас ирсэн мэт санагддаг гэсэн байна.

Харин удаах судалгаа 2016 онд хийгдсэн агаад  18-77 насны хүмүүс оролцсон аж. Тэднээс хамгийн айшигтай, жихүүцэм ажил мэргэжил юу болохыг асуусан байна. Гэтэл амьтны арьсаар чихмэл хийгч, оршуулгын газрын манаач нараас илүү алиалагчийг олонхи тоогоор нэрлэсэн байгаа нь хачирхалтай. Ийнхүү алиалагч хэмээх дүр төрх хүмүүст сөрөг сэтгэгдэл төрүүлдэг хэмээх таамаг төдий ойлголт батлагдсан аж.

Тэгвэл, шалтгаангүйгээр алиалагчаас айх эмгэгийг юу гэж тайлбарлах вэ? Сэтгүүлийн нүүрнээс алиалагчийн жижигхэн зураг олж үзсэн ч сүнсээ зайлтал айдаг тэдгээр хүмүүсийг сэтгэцийн эмгэгтэй гэж болох уу? Эрдэмтдийн одоогоор санал нийлээд буй тайлбар нь сэтгэл судлаачдийн нэрлэдэг “далдын хөндий”-н онол дээр аваачна. Энэ бол хүн мэт харагддаг боловч, цаанаа яг ч хүн биш юм шиг мэдрэмж төрмөөр зүйлсээс эмээх айдас ажээ. Алиалагч гэдэг яг л үүнтэй дөхөж очмоор. Нүүрээ будчихсан байдаг учир, түүний цаана инээж байгаа, уйлж байгаа аль болох мэдэгдэхгүй, ер дотроо ямар санаа зорилго тээж яваа нь баригдахгүй. Энэхүү нууцлаг, этгээд шинж чанар нь зарим нэгэн эмзэг сэтгэлзүйтэй хүмүүст хүчтэй нөлөөлдөг байж болох гэнэ. Мөн урьд өмнө, нэн ялангуяа бага балчир насандаа алиалагчтай холбоотой хар муухай дурсамж байгаа бол, “Coulrophobia” бий болох магадлал өндөр ажээ.

Тоглоомын парк, эсвэл ёслолын жагсаалын үеэр алиалагчийг үзээд хүн барагтаа эмээхгүй биз. Гэвч энгийн нэгэн өдөр хүн зон бужигнасан гудамжинд, эсвэл харанхуй шөнө хэн ч байхгүй газар түүнийг олж үзсэн хэн ч болов эрхгүй жийрхэх магадтай. Ийм учраас энэ эмгэгийг албан ёсоор сэтгэцийн эмгэгт тооцоход хүндрэлтэй байдаг юм байна.

Эх сурвалж: thoughtcatalog.com, Wikipedia.com

#Clown, #Coulrophobia