СОЛИРЫН БОРОО энэ сарын 12-нд үзэгдэнэ


Дэлхийн олон орны хүмүүсийн тэсэн ядан хүлээдэг нэгэн байгалийн үзэгдэл болох солирын бороо энэ сарын 12-нд маш тод харагдах гэнэ. Жил бүрийн наймдугаар сарын 9-14-ны хооронд Персей одны ордны солирын бороо үзэгддэг. Иймд наймдугаар сарын 12-ны үед хамгийн их идэвжил нь бол, минутад хэд хэдээрээ солир харвах гэнэ. Солирын бороо жилд цөөн тоотой үзэгддэг ч ихэнх нь намар, өвөл, хаврын цагаар ажиглагддаг байна.

СОЛИРЫН БОРОО ГЭЖ ЮУ ВЭ?

Яагаад тэнгэрт ийм их гэрэл гарч, зүгээр байсан одод харвадаг юм бол? Тэгвэл энэ үзэгдлийг ийн тайлбарлажээ.

“Swift-Tuttle” сүүлт од хэмээн нэрлэгдсэн биетийг 1862 онд Левис Свифт хэмээх эрдэмтэн анх удаа олж харсан байдаг. Үүний дараа 1992 онд сүүлт од дэлхийд дахин ойртож ирэх үед нь Японы одон оронч Цурухико Каучи хоёр дахь удаагийн нээлтийг хийжээ.

Энэхүү сүүлт одыг явж өнгөрсөн зам дагуу хоосон орон зайн хуйлралт үүсч, түүнд татагдсан олон сая том, жижиг огторгуйн биетүүд цугларан бөөгнөрч үүлэнцэр үүсгэдэг байна. Үүнийг солирын урсгал хэмээдэг аж. Жил бүр манай дэлхий өөрийнхөө тойрог замаар эргэх үеэр тэдэнтэй ойртох бөгөөд дэлхийн татах хүчинд автагдсан солирууд атмосферт орж ирэн шатаж, солир буюу галт бөмбөлөг болон унаж ирдэг ажээ. Тэдний ихэнх нь замдаа шатаж дуусч замхардаг бол том хэмжээтэй солирууд шатаж дуусалгүйгээр дэлхий дээр унасан байдаг.

Мөн зарим металл ихтэй солирууд шатаж унах үедээ хатуу төлөвөөсөө шингэн төлөвт шилжин, газарт буухдаа царцан эргээд хатуу төлөвтөө шилждэг байна. Монголд солирын цохилтоос үүссэн тогоо олон байдаг бөгөөд хэдий үед үүссэн болохыг манайхан Японы эрдэмтэдтэй хамтран судалж байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Монголчууд од харвахыг нэг хүн хорвоогоос тасарч тэнгэрт халилаа гэдэг бол Европын зарим улсад од харвахыг харвал хүслээ шивнэдэг байна.

#Meteor