Нохой ба мууранд хайртай хүмүүсийн 15 ЯЛГАА


Хүмүүс бидэнтэй хамгийн амархан дасч, гэр бүлийн нэгэн гишүүн болж чаддаг ухаалаг амьтад бол яах аргагүй нохой, муур хоёр билээ. Харин зарим хүмүүсийн хувьд тэд хоёулаа хайр татам биш. Хэсэг хүмүүс нохойноос айхавтар айдаг байхад зарим хүмүүс муур хараад эгдүүцэл нь төрөх тохиолдол элбэг тааралддаг.

Энэхүү ялгаатай сонирхол нь тухайн хувь хүний зан төлвийн онцлогоос шалтгаалдаг ажээ. Зарим сэтгэл судлаачид хүмүүсээр олон янзын сонжоо бөглүүлэхээс илүү “та муур нохой хоёрын алийг нь илүүд үздэг вэ?” Гэсэн асуулт тавихад илүү үр дүнтэй бөгөөд хялбар хэмээн үзэж байна.

Ингээд сэтгэл судлалын олон удаагийн судалгааны үр дүнд батлагдсан, нохой ба мууранд хайртай хүмүүсийн 15 ялгаатай талыг уншигч та бүхэнд сонирхуулъя.

  1. НОХОЙНД ХАЙРТАЙ ХҮМҮҮС МУУРАНД ХАЙРТАЙ ХҮМҮҮСЭЭС ОЛОН БАЙДАГ

АНУ-д нохой тэжээдэг хүмүүс, муур тэжээдэг хүмүүсээс зургаан хувиар илүү байдаг гэнэ. Мөн тус улсад явуулсан нэгэн судалгааны явцад нохойг илүүд үздэг хүмүүс муур сонирхогчдоос тав дахин илүү тааралдаж байжээ. Харин “нохой муур хоёр хоёулаа өхөөрдөм” гэж хариулсан хүмүүс нийт хүмүүсийн дөрөвний нэг нь байв.

  1. НОХОЙ СОНИРХДОГ ХҮМҮҮС ИЛҮҮ НИЙГМИЙН ИДЭВХИТЭЙ, НЭЭЛТТЭЙ ЗАН ТӨЛӨВТЭЙ

Ганцаар байхыг илүүд үздэг мууранд хайртай хүмүүстэй харьцуулахад нохой сонирхогчид хавьгүй илүү нөхөрсөг, нийтэч зан төлөвтэй байдаг ажээ. Тэд нийгмийн ажилд идэвхитэй оролцдог, ганцаараа байх дургүй хүмүүс байх нь олонтаа.

  1. МУУРАНД ХАЙРТАЙ ХҮМҮҮС ОЮУНЫ ЧАДАВХИ ӨНДӨРТЭЙ

Тийм ээ. Түүхэн дэх агуу суутнууд, гүн ухаантнуудын олонхи нь муур тэжээдэг байсан баримт элбэг тааралддаг. Их эрдэмтэн Альберт Эйнштейн мууранд тун хайртай хүн байсан агаад зохиолч Стивен Кинг өвөр дээрээ хайртай муураа суулган илж байхдаа олон алдартай романыхаа санааг олсон. Суут зохиолч Эрнст Хэмингуэй гэртээ 50 орчим мууртай байжээ. Мөн урлагийн салбарт амжилт гаргагсад ч тэднээс дутахгүй. Дуучин, хөгжмийн зохиолч Жон Ленон, алдарт зураач Пабло Пикассо гээд муур тэжээдэг байсан алдартнуудын жагсаалт яндахгүй урт үргэлжилнэ.

  1. МУУРАНД ХАЙРТАЙ ХҮМҮҮС ИЛҮҮ МЭДРЭМТГИЙ БАЙДАГ

Муур сонирхогчид нохой сонирхогчдоос илүү амархан стресст өртдөг аж. Тэд аливаа асуудлыг мартахдаа удаан ба ихэвчлэн дороо сууж гүн бодолд автдаг гэнэ. Харин нохой тэжээдэг хүмүүс илүү өөдрөг сэтгэлтэй, хүнд асуудлыг хялбар хаяж, мартаж чаддаг байна.

  1. МУУР СОНИРХОГЧИД ГАНЦААРАА АМЬДРАХ ДУРТАЙ

Нэгэн судалгааны үр дүнд муур тэжээдэг хүмүүс ихэвчлэн ганцаараа амьдардаг нь батлагджээ. Мөн тэд орон сууцанд амьдрахыг илүү үздэг гэнэ. Харин нохой сонирхдог хүмүүс амины орон сууц, зуслангийн байшиндаа өнөр өтгөн, олуулаа амьдрахыг сонгоно.

  1. НОХОЙ СОНИРХДОГ ХҮМҮҮС ХОТООС ЗАЙДУУ АМЬДРАХ ИЛҮҮ ДУРТАЙ

АНУ-д хийсэн судалгаагаар түм түчигнэсэн хотын амьдралд муур сонирхогчид илүү тав тухтай байдаг бөгөөд харин хотоос зайдуу нутгуудад нохой сонирхдог хүмүүс илүүтэй амьдардаг гэсэн үр дүн гарчээ.

  1. НОХОЙ СОНИРХОГЧИД ХУУЧНЫГ БАРИМТЛАХ НЬ ЭЛБЭГ

Нохой тэжээдэг хүмүүс амьдралдаа аль болох уламжлалт хэв маягийг баримтлахыг илүүд үздэг гэнэ. Мөн дүрэм журмыг чандлан мөрдөх дуртай. Тийм учраас тэд улс төрийн үзэл санааны хувьд Бүгд Найрамдах талыг дагадаг бол муур сонирхогчид Ардчилсан үзэлтэй байх нь элбэг ажээ.

  1. НОХОЙ ТЭЖЭЭДЭГ ХҮМҮҮС ИЛҮҮ ХҮЛЦЭНГҮЙ

Нохой ямар дуулгавартай, номхон амьтан билээ дээ. Яг л үүний адил нохой тэжээдэг хүмүүс тайван дөлгөөн, дуулгавартай, хүлцэнгүй хүмүүс байдаг ажээ. Харин муур тэжээдэг хүмүүс өөрсдийн дураар зүтгэх, зөрүүдлэх, эсэргүүцэх хариу үйлдлийг илүү гаргадаг байна.

  1. МУУР ТЭЖЭЭДЭГ ХҮМҮҮС ИЛҮҮ ЧӨЛӨӨТЭЙ СЭТГЭЛГЭЭТЭЙ

Мууранд хайртай хүмүүс маш задгай сэтгэж чаддаг гэнэ. Тэд төсөөлөх чадвар өндөртэй, адал явдалд дуртай, бэлгийн цөөнхийн эрх ашгийг хамгаалдаг, арьс өнгөөр ялгаварлах үзлийн эсрэг зогсдог, бас харь гариг гэх мэт баталгаа нотолгоогүй зүйлсийн тухай бодолхийлэх дуртай.

  1.  НОХОЙ СОНИРХОГЧИД ИЛҮҮ ЭРШҮҮД

Ямартай ч хүүхэлдэйн кинонд эрэгтэй нохой, эмэгтэй муур элбэг гардаг. Нохой сонирхдог хүмүүс өөрсдөө эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай эршүүд хэв маягтай байдаг аж.

  1. НОХОЙ СОНИРХОГЧИД МУУРЫГ ТЭВЧИЖ ЧАДНА

Харин муур сонирхогчид нохойг тэвчиж чадахгүй. Тэд аль болох нохойноос зугтаж, чимээгүй, тайван газар хайртай муужгайгаа хүржигнүүлэн илбэхийг илүүд үзнэ.

  1.  ТЭДНИЙ ХОШИН ШОГИЙН МЭДРЭМЖ БАС Л ЯЛГААТАЙ

Муур сонирхогчид айхтар үгс дээр тогтсон, ёжтой, хүйтэн хошигнолд дуртай. Харин нохой сонирхогчид задгай, явган ярианд инээлдэж, хэн нэгэн санамсаргүй хальтарч унахад шоолох нь олонтаа гэнэ.

  1.  МУУР ТЭЖЭЭДЭГ ХҮМҮҮС ИЛҮҮ БИЕ ДААСАН ХҮМҮҮЖИЛТЭЙ

Дээр дурьдсанчлан нохой сонирхдог хүмүүс нийгмийн идэвхи өндөртэй учраас бусадтай зөвлөлдөн шийдвэр гаргах, бусдын үгийг сонсохыг илүүд үздэг гэнэ. Харин муур тэжээдэг, сонирхдог хүмүүс эсрэгээрээ зөвхөн өөрөө өөртөө эзэн байж, сонголт шийдвэрээ бие даан гаргадаг ажээ.

  1.  МУУР СОНИРХОГЧИД АТЕЙСТ ҮЗЭЛТЭН БАЙХ НЬ ЭЛБЭГ

Муур сонирхогчид, нохой сонирхогчдоос олон хувь илүү Атейст үзэлтэй буюу шашингүй үзэлтэй байдаг аж.

  1. НОХОЙ СОНИРХОГЧИД АНД НӨХӨР ХАЙДАГ БОЛ МУУР СОНИРХОГЧИД МЭДРЭМЖ ХАЙДАГ

Муур тэжээдэг хүмүүс муурнаасаа илүү их аз жаргал, кайф мэдрэхийг хүсдэг байна. Харин нохой сонирхдог хүмүүс нохойтойгоо найзууд шиг хөгжилдөн, наадахыг илүүд үзнэ.

Эх сурвалж: thoughtcatalog.com

#DogLovers, #CatLovers