JCI байгууллагаас энэ жил ЕБС төгссөн сурагчдад ТЭТГЭЛЭГ ЗАРЛАЖЭЭ


JCI Монгол байгууллага нь НҮБ-ын Тогтвортой Хөгжлийн Зорилтод чиглэсэн олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг. Тус байгууллагаас чанартай боловсролыг дэмжих зорилгын хүрээнд сурагчийн ширээнээс их дээд сургуульд элсэн, оюутны амьдралд хөл тавин орж буй хүүхэд, өсвөр үеийнхэнд дэмжлэг үзүүлэхээр энэхүү төслийг хоёр дахь жилдээ хэрэгжүүлэх гэж байна.

Сургуулиа амжилттай төгсөж Монголдоо их дээд сургуульд тэнцсэн ч сургалтын төлбөрөө төлөх боломжгүй байгаа хүүхэд, өсвөр үеийнхэнд бодит дэмжлэг үзүүлэх зорилготой уг тэтгэлэгийн хэмжээ тухайн сургуулийн нэгдүгээр курсийн сургалтын төлбөр байх юм. Ердөө таван оюутанд энэ боломжийг олгох бөгөөд энэ сарын 31-нийг дуустал хүсэлтийг хүлээн авч есдүгээр сарын 10-нд эхний шатны шалгаруулалт явагдан тэнцсэн оютнууд есдүгээр сарын 17-нд ярилцлаганд орох юм байна.

Хүсэлт гаргаж буй шинэ оюутнуудын материалыг project@jcimongolia.mn хаягаар хүлээн авч байгаа ажээ.

Бүрдүүлэх материал:

1. Тухайн их дээд сургуульд тэнцсэнийг батлах бичиг баримт, хуулбарын хамт (jpg)

2. Нэгдүгээр курсийн төлбөрийн хэмжээ (И-мэйлдээ тоог нь бичих)

3. 12-р анги төгссөн гэрчилгээний хуулбар

4. Тэтгэлэгт хамрагдах шалтгаанаа тайлбарласан хүсэлт /word file/

5. Тухайн сургууль болон мэргэжлээ сонгосон шалтгаан, суралцах төлөвлөгөө, өөрийн бусад давуу тал, амжилтыг илэрхийлсэн эсээ (300 үгэнд багтаах) /word file/

Цаашдын дэмжлэг: Энэхүү тэтгэлэгт хамрагдан хоёрдугаар курсээ амжилттай төгссөн оюутанд 3, 4 дүгээр курсийн сургалтын төлбөрт дэмжлэг үзүүлэх зорилгоор улирлын амралт, зуны амралт, дадлагын хугацаанд JCI Монгол байгууллагын гишүүдийн компани, аж ахуйн нэгжид цалинтай дадлага хийх боломж олгох юм байна.

#JCIMongolia