Хүүхдүүд сургуулийн орчинд гар утас хэрэглэхийг Францад ХОРИГЛОЛОО


YOLO.mn | YOLO.MN
2018-08-02

Францын сурагчид энэ жилийн есдүгээр сард хичээлийн шинэ жил эхлэхэд утсаа гэртээ орхих эсвэл заавал унтраах шаардлагатай болжээ.     

Францын хууль хүчнийхэн даваа гарагт 3-15 хүртэлх насны хүүхдүүд сургууль дээрээ ухаалаг утас, интернетэд холбогддог төхөөрөмж авчрахыг хориглосон хуулийн төслийг баталжээ. Энэхүү бодлогыг эрх мэдэлтнүүд муу зуршлаас хүүхдийг хамгаалах, ангид эмх цэгцтэй байдлыг бий болгоход шаардлагатай хэмээн тодорхойлж байна.

Францын Боловсролын сайд Жан-Мишель Бланке “Орчин үед хүүхдүүд дэлгэцэнд донтох, утас хэтрүүлэн ашиглах тохиолдол элбэг болжээ. Бидний гол зорилго бол боловсролын салбарын чухал үүрэг болох хүүхдүүдийг хамгаалах явдал. Харин хууль үүнийг зохицуулна” хэмээн хэлсэн юм.

2017 онд Францын ерөнхийлөгчөөр Эммануэл Макрон сонгогдсоноор сургуулийн орчин дахь утасны хэрэглээг бүр мөсөн тасална зогсооно гэдгээ амласан байна. Гэхдээ Франц улс  2010 онд хичээлийн үеэр ухаалаг утасны хэрэглээг хориглох хуулийг баталж байсан аж.

Лондоны эдийн засаг, улс төрийн сургуулийн хийсэн судалгаанаас үзэхэд сургуулийн орчинд гар утсыг хориглох нь хүүхдүүдийн сурлагын дүнд эерэгээр нөлөөлдөг аж. 2005 онд Франц улсад 12-17 насны хүүхдүүдийн 72 хувь нь утас хэрэглэдэг байсан бол 2016 он гэхэд 90 хувь болтлоо өсжээ.

Эх сурвалж: CNN

Сэтгүүлч Э.Онон

#MobileAtSchool, #CellphoneAtSchool