Леброн Жэймс төрөлх хотдоо эрсдэлтэй хүүхдүүдэд зориулсан СУРГУУЛЬ НЭЭЖЭЭ


YOLO.mn | YOLO.MN
2018-07-31

Леброн Жэймс өөрийн төрсөн Охайо мужийн Акрон хотод олон нийтийн сургууль нээжээ. Даваа гарагт гурав, дөрөвдүгээр ангийн 240 сурагчтай “I Promise” хэмээх нэртэй сургуулийн нээлтийг хийжээ. Тус сургууль жил бүр анги нэмэн, 2022 он гэхэд наймдугаар анги хүртэлх хүүхдүүдийг элсүүлэх төлөвлөгөөтэй байна.  

Леброн багадаа ээжийн хамт ихэд зовлон зүдгүүр амсжээ. Ердөө 16 настай охинд хүү болон заяасан Леброны эцэг нь болох ээжийнх нь найз залуу гэмт хэрэгт орооцолдох дуртай нэгэн байжээ. Тиймээс ээж нь ганцаараа хүүгээ өсгөсөн байна. Леброн хэцүүхэн амьдралыг туулж, сургуулиасаа ч хагацах дөхөж байжээ. Тухайлбал, дөрөвдүгээр ангидаа 16 гаруй долоо хоногийн хичээлийг алгасаж байсан аж.

Леброн Жэймс гэр бүлийн сангийн зорилго нь амьдралын боломжгүй,  эрсдэлтэй бүлгийн хүүхдүүдэд туслах юм. Хүүхдүүдийг боловсролтой болгож, коллежид элсэх замыг нээж, тэдний гэр бүлийг ч дэмжих хүсэлтэй аж.

“I Promise”- сургуулийн захирал Акроны уугуул иргэн Бранди Девис “Бид олонд танигдсан шинийг санаачилсан, өндөр чанартай сургуулийг байгуулах болно” хэмээн хэлжээ.

Цаашлаад Леброн Жэймс 2021 оноос Акроны их сургуульд тэтгэлэгтэй сурах хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байна. Жэймс болон түүний сан 2029 он гэхэд 1200 хүүхдийг төгсгөж, коллежид оруулна хэмээн найдаж байгаа юм. 

Эх сурвалж: nytimes

Сэтгүүлч Э.Онон

#LebronJames