23 настай залуу ХӨДӨЛМӨР ЭРХЭЛДЭГ ХҮҮХДҮҮДЭД зориулж сургууль байгуулжээ


YOLO.mn | YOLO.MN
2018-07-30

Пакистанд сургуульд сурдаггүй болон сургууль завсардсан 23 сая орчим хүүхэд байдаг гэсэн тоо баримт бий. Тэгвэл тэдгээр хүүхдүүдэд боловсрол эзэмшүүлэхийг хүссэн 23 настай Рохайл Варинд 2016 оны арванхоёрдугаар сард оройн цагаар хүүхдүүдэд хичээл заадаг хоёр салбар сургуулиа нийслэл Исламабадаас 323 км зайд нээжээ. Рохайл Вариндийн сургууль хувь хүн, албан байгууллагуудаас мөнгөн тусламж авдаггүй ба үүний оронд хоол хүнс, бичиг хэрэгсэл болон зөөврийн компьютер авахыг илүүд үздэг аж.

Түүнээс гадна Вариндийн сургуульд хамгийн хэрэгтэй зүйл бол нарны зайгаар ажилладаг төхөөрөмжүүд юм. Анх нээгдсэнээсээ хойш тус хоёр сургууль нарны эрчим хүчийг ашиглан гэрэл, сэнс, компьютер зэрэг цахилгаан хэрэгслүүдээ  ажиллуулсаар иржээ. Энэ талаар Варинд, “Манай сургуулийн байрладаг газарт цахилгаан байхгүй учраас нарны эрчим хүчийг ашиглах нь хамгийн зөв юм байна гэж шийдсэн. Нарны эрчим хүч нь үнэгүйгээс гадна нарны зай хураагуурыг суурилуулж, ажиллуулах нь  амархан.” хэмээн ярьжээ.

Хичээл оройн 7 цагаас 9 цагийн хооронд явагддаг ба Варинд хүүхдүүдэд англи хэл, урду хэл, тоо болон шинжлэх ухааны хичээл заадаг гэнэ. Тэрээр хоёр сургуулийнхаа хооронд ажлын цагаа тэнцүү хуваарилан ажилладаг ба түүний хоёр сургуульд нийт 100 гаруй хүүхэд суралцдаг  аж.

Заримдаа түүний найзууд болон сайн дурын ажилчид түүнд тусалж, хүүхдүүдэд мэдээлэл зүй, таэквондо, график дизайн гэх мэт хичээлүүд заадаг.

Вариндийн сурагчдын дийлэнх нь хөдөлмөр эрхэлдэг аж. Тэрээр, “Хүүхдүүд айлд үйлчлэгч эсвэл туслахаар ажиллаж эхэлдэг. Хөвгүүд ихэнхдээ бетель навчны  дэлгүүр эсвэл цайны дэлгүүрт, кафе зоогийн газарт зөөгч эсвэл үйлчлэгчээр ажилладаг. Хөдөлмөр эрхэлдэг эдгээр хүүхдүүд бүх л өдөржингөө ажилладаг ба шөнө оройн цагаар л чөлөөтэй болдог.” хэмээн ярьсан байна.

Эх сурвалж: qz.com

 Сэтгүүлч Э.Оргил

#Voluntarist