17 настай охин АНГАРАГ ДЭЭР хөл тавина


Удахгүй Ангараг руу зорих сансар огторгуйн аялалд гарахаар 17 настай охин NASA одон орон судлалын хүрээлэнд бэлтгэгдэж байна.

Хүн төрөлхтөн өөрсдийн агаар мандлаас хальж, сансар огторгуйд хөл тавих боломжтой болсон цагаас тунчиг олон мөрөөдөл, зорилгуудыг бий болгож эхэлсэн билээ. Тэдний нэг нь мэдээж Ангараг гараг дээр хөл тавих явдал. Хэрэв бидний эх дэлхий хүн амын хэт ачааллаа даахгүйд хүрвэл өөр гариг руу нүүдэллэх шаардлагатай болох бөгөөд үүнд хамгийн тохиромжтой гараг бол Ангараг хэмээн сүүлийн үеийн одон орон судлаачид ярих боллоо. Гэсэн хэдий ч Ангарагийн хөрсөнд хүн төрөлхтний мөр хараахан гараагүй, зөвхөн камер дуран суурилуулсан удирдлагатай роботууд л үүрэгт ажлаа сайн гүйцэтгэж буй. Харин АНУ-ын Луйзана мужид төрсөн Алиса Карсон хэмээх охин одоогоор NASA-д сансрын нисгэгчээр бэлтгэгдэж байгаа юм байна. Түүний зорилго бол Ангараг дээр хөл тавьсан хүн төрөлхтний анхны төлөөлөл болох агаад 2033 онд хийгдэхээр төлөвлөж буй тус аялалд оролцохоор зорьж буй аж.

Мөн тэрбээр сансрын нисгэгчдийн Advanced Possum Academy холбоонд элссэн хамгийн залуу гишүүн агаад сансарт нисэхэд хүлээн зөвшөөрөгдсөн сертификатыг авахын тулд NASA-д уйгагүй хөдөлмөрлөж байгаа гэнэ. Алиса энэ завсар ахлах сургуулийн бүх хичээлээ үзэж байгаа бөгөөд NASA-гийн шаардлагын дагуу үндсэн дөрвөн гадаад хэлийг (Англи, Франц, Испани, Хятад) мөн суралцаж байгаа ажээ.

Тэрбээр, “Надад тулгарч буй хамгийн том сорилт бол нэгдүгээрт цаг хугацаа, хоёрдугаарт ахлах сургуулиа суралцаж төгсөхийн хамт энэ насан дээрээ энэ бүх зүйлийг хийж амжуулах явдал байдаг” хэмээн ярилцлага өгчээ. “Ийм насанд сансрын нисгэгч болохоор үргэлжлүүлэн хичээллэнэ гэдэг ирээдүйд олон хүнд бэрхийг туулах шаардлагатай болгож байгаа. Гэвч хэзээ нэгэн цагт энэ бүхний ард гарч чадна гэдэгтээ бат итгэлтэй байна” гэжээ.

Алисад тулгарч буй хамгийн хүнд асуудал бол хэзээ ч гэрлэж, мөн хүүхэдтэй болж болохгүй явдал ажээ. Гэсэн хэдий ч тэр мөрөөдөлдөө хүрэхийн тулд үүнтэй эвлэрч, өнөөдрийг хүртэл хичээллэсээр байгаа юм байна.

 

Тэрбээр өөрийнхөө үеийн хүүхэд залуусд хандаж сансар огторгуйн тухай болон сансрын нисгэгч болох тухай олон нийтийн лекц, ярилцлага тогтмол зохион байгуулдаг аж. Алиса олон хүүхдэд мөрөөдөлдөө зоригтой, итгэлтэй хүрэх талаар үнэтэй зөвлөгөөг хувийн туршлагаасаа түгээж байна. Тэр, “Хэзээд мөрөөдлийнхөө араас алхаарай. Бас хэнд ч үүнийгээ бүү булаалга” хэмээгээд, “Намайг энэ гайхалтай замыг сонгоход нөлөөлсөн бүх сансрын нисгэгчид, тэр дундаа эмэгтэй сансрын нисгэгчид та бүхэнд маш их баярлалаа” гэж ярьсан байна.

Эх сурвалж: thinkinghumanity.com

#NASA