Веган хоолтнууд ИЛҮҮ УРТ НАСЛАДАГ


Хоёр удаагийн томоохон судалгааны үр дүнд веган хоолтон буюу монголчууд бидний нэрлэж заншсан цагаан хоолтон хүмүүс нь бор хоолтон хүмүүсээс урт насладаг гэдгийг батлажээ. Хоол хүнсэндээ амьтны гаралтай мах, махан бүтээгдэхүүн хэрэглэдэг хүмүүс веган хоолтнуудтай харьцуулахад өвчлөх магадлалаар гурав дахин их бөгөөд, мөн тэднээс есөн жилээр богино наслах магадалтай гэнэ.

Дээрх үр дүн гарсны учир нь хүнсэнд жимс, үр тариа, хүнсний ногоо өргөн хэрэглэснээр цусан дахь холестерины хэмжээ үлэмж буурч, цусны даралт тогтворждог үндсэн шалтгаантай холбоотой ажээ.

Эхний судалгаанд 34 хувь нь веган хоолтон хүмүүсээс (тэдний дийлэнхи нь эмэгтэйчүүд байжээ) бүрдсэн нийт 45 мянган сайн дурын Англи, Шотланд хүмүүс оролцсон байна. Оксфордын их сургуулийн хавдар судлалын тэнхимийн эрдэмтэн профессор Тим Кей, “эцсийн дүнд веган бус хүмүүс зүрхний өвчлөлд гурав дахин их өрдтөг гэдгийг олж харлаа” гэжээ. Тус судалгаанд хамрагдсан хүмүүсээс архи тамхины хэрэглээ, хооллолт, эрүүл мэнд, өдөр тутмын амьдрал, дасгал хөдөлгөөн зэрэгтэй холбоотой асуултуудыг тавьж хариултад дүн шинжилгээ хийсэн байна. Мөн 20 мянга гаруй оролцогчид нь давхар цусны даралтаа хэмжүүлж, цусан дахь холестерины хэмжээг тогтоох шинжилгээнд хамрагджээ. Улмаар эрдэмтэд нас хүйс, нийгэмд эзлэх байр суурь, тамхи татдаг эсэх гэх мэт дагалдах шалтгаануудыг хамааруулж нэгтгэн дүгнэсний эцэст веган хоолтон хүмүүст зүрхний өвчлөлд өртөх магадлал 32 хувиар бага байгааг олж тогтоожээ.

Харин хоёр дахь судалгааг АНУ-ын Лома Линда Их сургууль зохион байгуулсан ба дүн шинжилгээ хийснээр ургамлаар хооллодог /веган/ хүмүүс махан бүтээгдэхүүн хэрэглэдэг хүмүүстэй харьцуулахад эрүүл мэндийн хувьд хэд хэдэн давуу талтай болохыг батласан байна. Тухайлбал, эрэгтэйчүүд 9,5 жилээр харин эмэгтэйчүүд 6,1 жилээр илүү урт насладаг ажээ.

Профессор Тим Кейн судалгаа АНУ-ын эрүүл мэндийн American Journal of Clinical Nutrition-д нийтлэгдсэн агаад, гол зорилго нь хүмүүсийг илүү урт удаан, эрүүл энх амьдрахын тулд веган хоолны дэглэмийг хэвшил болгоход уриалах явдал юм байна.

Эрүүл мэндэд хор хөнөөл учруулдаг холестеролын хэмжээ веган хүмүүст бага байгаад зогсохгүй цусны даралт нь хэвийн хэмжээнд, тогтвортой байдаг учир тэд илүүдэл жингүй, чихрийн шижингээр өвчлөх магадлал хамгийн бага байдаг ажээ. Түүхий мах, мөн боловсруулсан махан бүтээгдэхүүнүүд зүрх судасны өвчин, хорт хавдар гэх мэт бусад олон өвчний эх үүсвэр болдог байна. Төмөр, өөх тос, натри, олон төрлийн нитритүүд болон карциногенүүд (хавдар үүсгэгч хүчин зүйл) махан бүтээгдэхүүнээр хоол хийх явцад бий болдог.

Харин хүнсэндээ ургамал, үр жимс түлхүү хэрэглэснээр тэдний анти-оксидант үйлчлэлийн тусламжтай биед хуримтлагдсан сөрөг химийн нэгдлүүд зайлуулагддаг. Урт хугацааны турш веган хоолны дэглэм барьснаар эмэгтэйчүүд хөхний хорт хавдраас урьдчилан сэргийлэх боломжтой бөгөөд хэт таргалалт, чихрийн шижин, зүрхний өвчлөл, олон төрлийн хавдар тусах эрсдэлээс өөрийгөө хамгаалж чадах юм.

Дашрамд дурьдахад веган хүмүүс сүү цагаан идээг ч амьтны гаралтайг сонгодоггүй бөгөөд самар, буурцаг, будаа, овъёос зэрэг ургамлаас гаргаж авсан сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэдэг ажээ. Тэд үүнийхээ шалтгааныг сүүний фермүүд дэх харгис дэглэм, сүүнд цахилгаан саалтуураар дамжин ордог цусыг шууд хэрэглэхийн эсрэг байдаг болон амьтны сүү зөвхөн нялх төлийн эрчимтэй өсөлтөд зохицсон найрлагатай байдаг зэрэгтэй холбон тайлбарладаг.

Эх сурвалж: thinkinghumanity.com

#Veganism