ФОТО: POM - HARRY POTTER PRIDE DAY өдөрлөг


Монголын Харри Поттерийн фенүүд буюу “Potterheads of Mongolia” группийн зүгээс        “Potterheads of Mongolia- Harry Potter Pride Day” өдөрлөг 2 дахь жилдээ өнгөрсөн баасан гаригт буюу долдугаар сарын 21-ний өдөр “Үндэсний соёл амралтын хүрээлэнд” амжилттай болж өнгөрлөө.

 Цаг агаар бүрхэг, бороотой байсан хэдий ч энэхүү үйл ажиллагаанд “Харри Поттер” кино болон зохиолд дуртай олон хүүхэд залуус цугларан нэг өдрийг мартагдахааргүй өнгөрүүлж чадсан юм.

 Уг арга хэмжээний нэгэн гэнэтийн бэлэг нь Харри Поттер зохиолыг шимтэн уншигч хүн бүрийн хүсэн хүлээсэн  "Харри Поттер ба Азкабаны хоригдол" буюу гуравдугаар цувралыг Монсудар хэвлэлийн газрын Жангар редакцаас анх удаа албан ёсны эрхтэйгээр худалдаанд гаргасан явдал юм. Өнгөрсөн жилийн 12-р сард эхний хоёр цуврал нь нээлтээ хийсэн нь саяхан мэт боловч аль хэдийнэ долоон сарын хугацаа өнгөрчээ. Мөн уг номын нээлт  долдугаар сарын 25-ны өдөр "Интерном" номын их дэлгүүрийн төв салбарт зохион байгуулагдах гэж байгааг дуулгахад таатай байна.

Мөн энэ арга хэмжээнд Potterheads of Mongolia группийн авьяаслаг залуус  “Харри Поттер” зохиомжит жүжиг болон мэндчилгээг өөрсдийн хөлс хүчээрээ бэлдэж бидэнд үзүүлсэн юм. Үүнээс гадна олон тэмцээн зохиогдсон. Үүнд:

  • Асуулт хариултын тэмцээн
  • Хоркрокс олох тэмцээн
  • Шившлэгийн тулаан
  • Галлеон тоолох тэмцээн
  • Шилдэг косплэй дүр шалгаруулах зэрэг тэмцээнүүд зохион байгуулагдаж олон гайхалтай шагналыг “Growingo”  дэлгүүрээс гардуулсан юм.

Уг үйл ажиллагаанд:

- Угтах хэсэг

Үүдээр орсон хүн бүрт  “Харри Поттер”-ын сорвийг зурж өгч байлаа.

- Зураг авахуулах өртөө Ид шидийн орчныг бүрдүүлсэн байсан бөгөөд сонирхсон хүн бүр зургаа авахуулан их л аз жаргалтай харагдаж байсан юм.

- Тэнхимд хуваарилах өртөөнд хүссэн хүн бүр аль танхимд хуваарилагдах ёстойгоо мэдсэн.

- Ид шидийн эд зүйлсийн цуглуулгын үзэсгэлэнд Харри Поттерийн үнэнч шүтэн бишрэгчдийн цуглуулсан зүйлүүдийг үзсэн юм.

- Номын өртөө “Харри Поттер” 1, 2, 3-р цуврал – Монсудар, Интерном

“Интерном” номын их дэлгүүрээс монгол хэл дээрх 1, 2, 3-р цуврал мөн англи хэл дээрх 1-7 цувралуудыг 10-20 хувийн хямдралтай худалдаалж байв.

- Явуулын косплэй дүрүүд

“Харри Поттер” кинонд гардаг гайхамшигтай косплэй дүрүүд хаа сайгүй байсан бөгөөд хүссэн шидтэнтэйгээ хамт зургаа даруулах боломжтой байлаа.

- Худалдааны өртөө 2 – Муруй гудамж /Potterheads of Mongolia/

“Potterhead of Mongolia” группийн шидтэнүүдийн урласан ид шидийн хэрэгслийг худалдаалсан ба үйл ажиллагаа эхлээд 10 минутын дотор л дууссан юм.

- Доббигийн булан сайн үйлсийн аяны өртөө

Potterheads of Mongolia группын залуус маань сайн үйлсийн үйл ажиллагааг идэвхтэй дэмждэг бөгөөд хүмүүс энд өөрт байгаа илүү зүйлүүдээ хандивласан юм.

- Хогвартсын хичээл заах өртөө

Ид шидийн Хогвартс сургуульд сурч буй мэт хичээл орж их л сонирхолтой санагдсан.

- Гар болон бие дээр зураг зурах өртөө

Хүссэн хүн бүр ид шидийн тэмдгүүдээ гар болон биен дээрээ зуруулж байв.

- Ravenclaw, Hufflepuff, Slytherin, Gryffindor зэрэг дөрвөн тэнхимийн танилцуулгын өртөө

Өөрийн тэнхимийн шидтэнүүдтэй уулзаж танилцан, тэнхимийнхээ үүсэл, түүх зэрэг мэдээллийг бүрэн авч чадсан.

Ингээд энэхүү арга хэмжээний онцлох зургуудыг сонирхоцгооё.

#HarryPotter, #PotterheadsOfMongolia