Нохойн мах идэхийг ХУУЛЬ БУСАД ТООЦОВ


М.Тэнгис | YOLO.MN
2018-07-17

Өмнөд Солонгост нохойн махны хэрэглээ хэрээс хэтрээд буйг олон улсын сэтгүүлчид, амьтан хамгааллын нийгэмлэгийнхэн цөөнгүй удаа мэдээлж байсан билээ. Харин тус улсын нэгэн шүүх нохойг хүнсний зориулалтаар ашиглахыг хууль бусад тооцлоо.

2018 оны зургадугаар сарын 19-нд Өмнөд Солонгосын Бучон хотын шүүх уг асуудалтай холбоотой хэрэг дээр ажилласан байна. Care нэртэй нутгийн амьтан хамгааллын нийгэмлэг нэгэн нохойн аж ахуй эрхэлдэг фермийн эзнийг ёс зүйгүй, хүчирхийлэл үйлдсэн, эрүүл ахуйн шаардлагыг зөрчсөн, хэм хэмжээнээс хальсан үйлдлүүд гаргадаг гэсэн үндэслэлээр шүүхэд өгсөн ажээ. Шүүхийн шийдвэр багагүй олон хүмүүсийн гайхширлыг төрүүлээд амжсан бөгөөд, нохойн махыг хүнсний зорилгоор хэрэглэхийг хууль бусад тооцож, фермийн эзэнд гурван сая воннтой дүйцэхүйц шийтгэл оноожээ.

"Care" амьтан хамгааллын нийгэмлэгийн хуульч Ким Кюнг-Юун: “Нохойг хүнсний зорилгоор алж устгах тал дээр ийм шүүхийн шийдвэр анх удаа гарч байна” хэмээгээд, эл явдал цаашид нохойн махны хэрэглээг бүрэн таслан зогсоохын эхлэл болно гэсэн байр суурийг илэрхийллээ.

Өмнөд Солонгосчууд МЭ 1-р зууны үеэс нохойн махыг хоол хүнсэндээ өргөн хэрэглэж ирсэн бөгөөд сүүлийн үед тус улсад хүнсний зорилгоор алж устгасан нохойн тоо нэг жилд нэг сая гаруй болж өссөөр байсан юм. Гэсэн хэдий ч амьтны эрхийн төлөө дуу хоолойгоо өргөдөг нийгэмлэгүүд олноор байгуулагдах болж, үүгээр зогсохгүй амьтанд хайртай шинэ үеийн залуус төрөн гарснаар тус уламжлал цаашид хүчин төгөлдөр оршин байх эсэх асуудал яригдаж эхэлсэн ажээ. Нохойн махны хэрэглээг бууруулахын тулд холбогдох албаны байгууллагууд эрүүл ахуйн стандарт болон амьтан хамгааллын хуулиудад өөрчлөлт оруулж байгаа боловч, одоогийн байдлаар уг асуудлыг бүрэн хааж хориогүй хэвээр байгаа юм.

Энэ асуудалтай холбогдох нэгэн судалгаагаар Өмнөд Солонгосчуудын 70 орчим хувь нь нохойн мах иддэггүй гэсэн үр дүн харуулж байгаа ч, бодит амьдрал дээр уг тоо 40 хувь дээр хэлбэлзэнэ гэж иргэд хэлж байна.

Өмнөд Солонгосын нохойг хүнсэнд хэрэглэдэг заншлыг болиулахын тулд Care нийгэмлэг цаашид үйл ажиллагаа явуулсаар байх гэнэ. “Энэ шүүхийн шийдвэр олон нохойн аж ахуй эрхлэгчдэд том цочрол өгөх болно” хэмээн тус нийгэмлэгийн тэргүүн Пак Со-Юун хэлжээ.

Эх сурвалж: thinkinghumanity.com

#dogmeat, #forbidden