Тайландын агуйд гацсан хүүхдүүд ЭСЭН МЭНД АВРАГДЛАА


М.Тэнгис | YOLO.MN
2018-07-11

Тайландын “Дой Нанг Нонг” уулын агуйд 12 хүүхэд, нэг том хүн олон хоногийн турш хашигдсан золгүй явдал гарч, дэлхийн хэвлэл мэдээллийг багагүй хугацаанд доргиосон билээ. Харин долдугаар сарын 10-ны өдөр олон удаагийн аврах оролдогын үр дүнд тэд бүгдээр агуйгаас эсэн мэнд гарч чадсан байна.

Нутгийн “Зэрлэг гахайнууд” хөлбөмбөгийн багийн бяцхан тамирчид болох 11-16 насны 12 хүү, 25 настай дасгалжуулагчийн хамт тус агуйд гацсан тухай мэдээлэл анх долдугаар сарын 2-нд тэмдэглэгдсэн ажээ. Тэднийг агуйд байх үед хүчтэй бороо орж үерлэн хонгилыг усаар дүүргэсний улмаас агуйн доторх хүчилтөрөгчийн хэмжээ буурч, гарах гарцууд бүгд хаагдахад хүрсэн байна. Тайландын засгийн газрын зүгээс уг явдалд онцгой түгшүүр зарлан нэн даруй аврах ажиллагаа эхлүүлсэн боловч маш давчуу хонгилоор хашигдсан учир тэднийг гаргаж авах тун хүндрэлтэй байжээ. Агуйд гацсан байдалтай хоёр долоо хоног гаруй хугацааны турш тэдний эрүүл мэндийн аюулгүй байдал болон хоол хүнсний асуудлыг шийдэхийн тулд боодолтой эм тан, ус ундааг усаар урсган хүргүүлж байв.

Хугацаа өнгөрөх тусам агуй доторх хүчилтөрөгчийн хэмжээ улам багассаар байсан тул олон янзын аргуудыг удаа дараа турших болж, дэлхийн хэвлэл мэдээллийн төлөөлөгчид уг явдлыг сурвалжлахаар Тайланд улс руу олноор нисэн ирж байсан байна. Агуй руу гаднаас нэвтрэх боломжгүйн улмаас давчуу хонгилоор ус урсгаж түүгээр аврах багийнхан сэлж орох аргыг туршсан боловч Тайландын нэг усан цэрэг харамсалтайгаар амь эрсэджээ. Мөн Америкийн алдартай бизнес эрхлэгч Элон Маск уг хэрэгт гүн анхаарал хандуулж, санхүүгийн туслалцаа үзүүлэн, өөрийн зүгээс хүүхдүүдийг аврах төлөвлөгөөг санал болгож байлаа.

Тайландын дунд сургуулийн сурагчид хүүхдүүдийн төлөө санаа зовниж буйгаа уриа лоозон барин илэрхийлж, шашны лам хуваргууд ч бас өөрсдийн зүгээс чадах зүйлсээ харамгүй дайчилж байжээ. Тус улсын нийгмийн сэтгэлзүйн байдал хэсэг хугацаанд багагүй түгшүүрт автлаа.

Энэ сарын 8, 9-ний өдрүүдэд тус бүр дөрвөн хүүхдийг эсэн мэнд гаргаж, тэдний найм нь аврагдаад байсан юм. Харин өчигдөр буюу долдугаар сарын 10-нд үлдсэн дөрвөн хүүхдийг дасгалжуулагчийн хамт гаргаж авснаар аврах ажиллагаа нийт 18 хоног үргэлжилсний эцэст амжилттай өндөрлөлөө. Хоёр шумбагч дундаа нэг хүүхэд авч сэлэх замаар тэднийг агуйгаас гаргасан байна.

Хүүхдүүдийн биеийн байдал одоогоор сайн байгаа төдийгүй, тэднийг тодорхой хугацааны турш эмнэлгийн хяналтад байлгаж, сэтгэцийн өөрчлөлтөд ороогүй эсэхийг нягтлах юм байна.

Хүүхдүүдийн эсэн мэнд аврагдсан явдалд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп болон түүний гэргий Меланиа Трамп, аврах ажиллагаанд гүн туслалцаа үзүүлсэн Элон Маск тэргүүтэн олон хүн баяртай байгаагаа өөрсдийн Твиттер хуудаснаа илэрхийлжээ.

Эх сурвалж: independent.co.uk; nationmultimedia.com; theguardian.com 

#thailand, #trappedteam