“Бид од, гараг эрхэсийн талаар илүү ихийг мэдэхийг хүсдэг”


Сондор | YOLO.MN
2016-05-23

-Дэлхийгээс өөр гариг дээр амьдрал байгаа байх аа. Тэр дундаа Ангараг гариг дээр...-

Өсвөрийн Зохион Бүтээгчдийн Лаборатори ахлах сургуулийн сурагчид Одон орны цамхагтай боллоо.

Тус сургууль нь олон төрлийн клуб, дугуйлантай бөгөөд тэдгээрийн нэг болох “Одон орон судлалын клуб” нь өөрийн гэсэн цамхагтай болж тэд өнөөдөр нээлтээ хийлээ. Хамгийн сонирхолтой нь цамхагт байх одон орны дуранг сурагч хүүхдүүд өөрсдөө угсарчээ. Тус клубын ахлагч, “Автомат Робот” 2015 болон 2016 оны тэмцээний хөлбөмбөг шулуун зам төрлийн ялагч, 12а ангийн сурагч  З.Үлэмжзаяатай хэдэн хором ярилцлаа.

YOLO: Одон орны цамхагтай болжээ. Баяр хүргэе!
Баярлалаа. Ийм цамхагтай болох санаачилгыг анх манай сургуулийн захирал А.Бадамцэцэг гаргасан юм. Тухайн үед дугуйлан нээгдэхэд хүүхдүүд маш их сонирхож нэгдсэн. Одоогоор манай клубын гишүүдийн тоо 30 гаруй болсон. Манай клубт хоёр төрлийн дуран байдаг. Энд байгаа нь Celestron edge hd 800 гэдэг дуран бөгөөд зураг авах зориулалттай, автомат удирдлагатай юм.  Манай клубын хүүхдүүд үүнийг өөрсдөө угсарсан. Энэхүү дурангаар Сар, Санчир, Бархасбадь, Ангараг зэрэг гарагуудын хөдөлгөөнийг харж болдог.  

YOLO: Энэхүү цамхагийг нээсний ач холбогдол юу вэ?
Бид сардаа хэд хэдэн удаа одод болон бүтэн сар, хавирган сарыг харж тэмдэглэгээ хийдэг. Түүнийгээ өмнөхтэй нь жишиж өөрчлөлт зэргийг нь судалдаг юм. Тиймээс бид заавал Хүрэлтогоот руу очиж од сарыг харах шаардлагагүй болж байгаа юм. Мөн од гарагийг харах стандарт газартай болж байна гэсэн үг.

YOLO: Чиний хувьд одон орон, гараг эрхэсийг сонирхон дурлах шалтгаан нь юу вэ?
Бидний амьдарч буй эх дэлхийгээс тэс өөр олон гараг байдаг гэж бодохоор л ер нь гоё шдээ. Бид бол тэдний дэргэд өчүүхэн жижигхэн бөгөөд ингэж бодох тусам тэдний талаар илүү ихийг мэдэхийг хүсдэг.

YOLO: Дэлхийгээс өөр гараг дээр амьдрал байгаа болов уу, чи юу гэж боддог вэ?
Байгаа байх аа. Тэр дундаа Ангараг гараг дээр...

YOLO: Баярлалаа. Чамд амжилт хүсье.
Баярлалаа.

Тус сургуулийн одон орон судлалын цамхагт байх дурангаар хүссэн хүүхэд бүр харах боломжтой юм байна.

Тэд одон орны судлалын ажилдаа ийнхүү нэг том ахиц гаргаснаа тэмдэглэж дуутай хууртай, бүтээлийн үзүүлэн тоглолттой нэг өдрийг өнгөрөөлөө.











Нээлтийн үеэр, жижиг автомашины үзүүлбэрийг сонирхууллаа

Нээлтийн үеэр, жижиг автомашины үзүүлбэрийг сонирхууллаа



Одон орон судлалын клубын сурагчид

Одон орон судлалын клубын сурагчид






Тэд дурангаа өөрсдөө угсарч, Сарны зургийг ийнхүү авчээ /2016 оны 3-р сарын 25/

Тэд дурангаа өөрсдөө угсарч, Сарны зургийг ийнхүү авчээ /2016 оны 3-р сарын 25/



“Нэгэнт зүтгэсэн бол битгий шантраарай”

Мөн энэ үеэр, ОХУ-ын Буриад улсад тавдугаар сарын 7-9-ний хооронд болсон Олон Улсын Нисэх загварчдын тэмцээнд амжилттай оролцоод ирсэн багийн гишүүн, тус сургуулийн 10а ангийн сурагч Г.Билигттэй сонирхолтой яриа өрнүүллээ. Тэрээр өөрийн зохион бүтээсэн жижиг пуужинг хөөргөж цугласан хүүхдүүдэд сонирхуулсан юм.

YOLO: Энэ пуужинг хийсэн технологио энгийнээр тайлбарлавал?
Товчлуурыг дарахад үзүүр хэсэгтээ байгаа хоёр батерей (зай) хавиралдан цог үүсгэнэ. Тэр нь нарийн утсаар гүйсээр дарьтай хэсэгт очоод гал үүсгэх юм. Тэгээд түлш нь асаад дээш хөөрнө.

YOLO: Сонирхолтой юм аа. Саяхан Буриад улсад болсон тэмцээнд танай баг амжилттай оролцоод ирсэн. Ойрын үед төлөвлөсөн өөр бусад тэмцээн байгаа юу?
Өсвөрийн нисэх загварын уран нислэгийн Ази Дорнодын аваргын тэмцээн нь ирэх наймдугаар сард манай улсад болно. Тэр тэмцээнд өмнөх болон шинэ бүтээлээрээ өрсөлдөхөөр бэлтгэж байна даа.

YOLO: Чинийх шиг хүсэл сонирхолтой өөр бусад хүүхдүүдэд хандаж хэлэх үг?
Хийсэн зүйл маань бүтэлгүй болох үе зөндөө байдаг. Сургууль дээрээ хонох өдрүүд ч олон. Тиймээс нэгэнт зүтгэсэн бол аливаа зүйлд битгий шантраарай гэж хэлье дээ. yes

YOLO: Баярлалаа. Чамд амжилт хүсье.
Баярлалаа. smiley

#Space #Teenagers #DIY