MIMUN 2018 загвар хуралд оролцохыг урьж байна


Нэгдсэн үндэстний загвар хуралдаан буюу “MIMUN 2018” нь 7-р сарын 27-28-ны хооронд хоёр дахь удаагаа “Corporate Hotel & Convention Center” дээр 30 гаруй зохион байгуулагч нарыг хамруулан, 120 төлөөлөгчтэйгөөр зохион байгуулагдана.  Нийт 3 хороо болох НҮБ-ын Аюлгүйн Зөвлөл (UNSC),  Эдийн Засаг, Нийгмийн Зөвлөл (ECOSOC), Олон Улсын Атомын Энергийн Агентлаг (IAEA) хуралдах ажээ.

MIMUN нь 2017 оны долдугаар сарын 31-нд Монгол дахь НҮБ-ын байранд анх зохион байгуулагдан, нийт 50 гаруй сургуулийн 450 орчим сурагчдыг хамруулсан байна.

MUN гэж юу вэ?

Model United Nations (MUN) бол Нэгдсэн Үндэстний Байгууллагын загвар хуралдаан бөгөөд НҮБ-ын "жинхэнэ" хуралдааны агуулга, дэг, хэлэлцдэг асуудлуудыг залуусын оролцоон дээр тулгуурлан явуулдаг, олон улсын улс төр болон дипломат харилцааны талаар хоёр өдөр хэлэлцдэг арга хэмжээ юм. Энд олон улсын харилцаа, дэлхий нийтэд тулгамдаж байгаа өргөн сэдвийн хүрээнд "жинхэнэ" асуудлуудыг хэлэлцдэг бөгөөд дэлхийн өнцөг булан бүрийн 400 хотод жил бүр зохиогддог. MUN-д оролцсoноор мэргэжлийн чиг хандлагаа тодорхойлох нь ирээдүйн залгамж халааг бэлдэхэд хамгийн том үр нөлөө үзүүлэх юм.

MIMUN гэж юу вэ?

Mongolia International Model United Nations (MIMUN) нь Монголын хүүхэд залуучуудад улс орны гадаад бодлого, дипломат ёс, илтгэл тавих мөн хэлэлцээр хийх туршлагыг үнэ төлбөргүйгээр өгдөг гэсэн үг. Ийнхүү Монгол залуучуудыг дэлхийн тавцанд өрсөлдүүлэх, Монгол хүний олон улсад үнэлэгдэх үнэлэмжийг дээшлүүлэх зорилготойгоор ахлах ангийн сурагчдын дунд MUN буюу Нэгдсэн Үндэстний Байгууллагын Загвар хуралдааныг өнгөрсөн жилээс зохион байгуулдаг болсон билээ.

MUN арга хэмжээнд оролцсноор сурагчид дараах давуу талыг олж авна. Үүнд:

  • Шинийг сэдэх, судлах, бүтээх, хөгжих, улс орондоо хөгжлийг авчрах, манлайлах чин эрмэлзэлтэй болох,
  • Илтгэх, мэтгэлцэх, дипломат ёс албан бичиг боловсруулах болон асуудлуудад ул суурьтай дүгнэлт хийх шүүмжлэлт сэтгэлгээний бодит чадварт суралцах,
  • Илтгэгч, зохион байгуулагчидтай сонирхолтой ярилцлага, хэлэлцүүлэг өрнүүлэх,
  • Цаг баримтлах, багаар ажиллах болон шийдвэр гаргах чадваруудыг хөгжүүлэх,
  • НҮБ-н ерөнхий үйл ажиллагаа болон хурлын дараалал, дэг журамтай танилцах,
  • Танилын хүрээгээ тэлж, найз нөхөдтэй болох, aнгли хэлний мэдлэгээ хөгжүүлэх,
  • Их, дээд сургуульд болон ажилд сонгогдоход өндрөөр үнэлэгдэх зэрэг болно.

Олон улсын харилцаа, эдийн засаг, хууль зүй, шинжлэх ухаан, эрүүл мэнд, сэтгүүл зүй, технологийн дэвшил, соёл шинжлэл зэрэг сэдвийн хүрээнд гүнзгийрүүлсэн мэдлэг авч цаашдын суралцах чиглэлээ тодорхойлох боломжтой болно.

Бүртгүүлэхийг хүсвэл ЭНЭ холбоосоор орно уу. 

Дэлгэрэнгүй мэдээллийг Mongolia International Model United Nations 2018 фейсбүүк хуудаснаас аваарай.

#MIMUN