Х.Цогтбилгүүндарь: Сонсох бол ШИНЭ УНШИХ гэсэн үг


О.Дорж | YOLO.MN
2018-07-05

Өчигдрийн “би”-гээсээ илүү болж, өөрийгөө илүү таньж ойлгох гэж бусдаас суралцан, ойлгосон мэдсэн зүйлсээ бусадтай хуваалцах нь нийгэмдээ оруулж буй хамгийн том хувь нэмэр юм. Тэгвэл та бүхэнд маань аль хэдийнээ танил болсон Сэхээтэн Монгол Подкастын үндэслэгч Х.Цогтбилгүүндарьтай бид ярилцлаа.

YOLO: Өдрийн мэнд! Та манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?

Сайн байцгаана уу? Намайг Хишигбат овогтой Цогтбилгүүндарь гэдэг. АНУ-ын Миннесотагийн  их сургуулийн энэ жил улс төр шинжлэх ухаан, дижитал медиа судлал гэсэн мэргэжлээр төгссөн. Сэхээтэн Монгол Подкастыг Сэхээтэн төслийн найзуудынхаа хамт хөтлөн явуулдаг.

YOLO: Сэхээтэн Монгол Подкастынхаа тухай бидэнд дэлгэрэнгүй мэдээллийг өгөөч.

- Подкастаа анх 2017 оны 11-р сарын 19-ны өдөр санаачилж анх нээсэн. Түүнээс хойш хагас жилийн хугацаанд 180 мянган хүнд хүрсэн. Эхлээд ярилцлагын төрлийн контентыг бэлтгэн гаргадаг Нямын найм подкастыг бие даан гаргаж байгаад өөрийн найз Б.Тайвантай хамтран “Тайвантай хамт номын хэлэлцүүлэг” гэдэг подкаст рүү шилжин орсон байгаа. Мөн нэг подкастаар дамжуулан өөр өөр төрлийн контентийг гаргаж байна.

YOLO: Та өөрийнхөө төслийн ирээдүйг хэрхэн харж байна вэ?

- Бид хэд хэдэн ажлыг төлөвлөсөн байгаа ба сонсогчдоос маш их уулзах, үйл ажиллагаа зохиох хүсэлт ирсэн. Үүний дагуу бид энэ зуны хувьд хамгийн анхны подкастаа арга хэмжээ хэлбэрээр буюу “Нямын найм амьдаараа” үйл ажиллагааг  энэ ням гаригт буюу долдугаар сарын 8-нд зохион байгуулахаар болоод байна.

YOLO:  Нямын найм подкаст бусдаасаа юугаараа ялгардаг вэ?

- Манай подкастын хамгийн том онцлог нь хүмүүсийн амьдралын хэв маягийг харуулснаараа ялгаатай. Улс төрч, дуучин байсан ч, эсвэл нэг сургуулийн оюутан орсон байсан ч бүх асуулт нь яг ижилхэн найман асуултыг асуудаг. Тиймээс тэр хүмүүсийн амьдралын хэв маягийг мэдэж, тухайн хүнийг арай өөрөөр харах боломжтой болдог. Жишээ нь: Тамирчин хүн чөлөөт цагаараа дуулах дуртай байдаг ч юмуу, улс төрч хүн спортод сонирхолтой байх нь элбэг.

YOLO:  Найман асуултанд ямар ямар асуултууд багтдаг вэ?

- Найман асуултын эхний эхний долоо нь бүгд ижилхэн байдаг бол сүүлийн асуулт нь зөвхөн тухайн хүнд зориулсан онцгой асуулт байдаг. Асуултууд юунд хамгийн их талархаж явдаг талаар эхэлж, дараагийн асуулт нь энэ долоо хоногт юунд та хамгийн сэтгэл хангалуун байна вэ? гэх мэтчилэн үргэлжилдэг. Жишээ нь: Тухайн хүн энэ долоо хоногт зүгээр нэг аяга кофе уугаад сэтгэл хангалуун байдлыг мэдэрсэн байж болно шүү дээ!

YOLO: Тэгвэл таны нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

- Миний хувьд би Америкт амьдарч байгаад дөнгөж саяхан ирсэн. Мөн оюутан байж байгаад төгссөн зэргээс шалтгаалаад маш их өөрчлөлтөнд ороод байна. Одоо миний нэг өдөр хэрхэн өнгөрч байна вэ гэвэл арга хэмжээний зохион байгуулалтанд нилээд цагийг зориулж байна.

YOLO: Америкт байхад таны  амьдралын хэв маяг ямар байсан бэ?

-  Ер нь тогтмол хэв маягтай байсан. Хүн тэнд амьдраад ирэхээрээ цаг гэдэг зүйлийг нэлээн үнэлдэг болдог. Өглөө эрт сэрнэ, хичээлээ тарж ирээд, ажилдаа явна, өөрийн контентоо хөгжүүлнэ гэх мэтчилэн маш завгүй өнгөрдөг байсан. Мөн өглөөний дэглэмийг их чухалчилж үздэг. Өглөө эрт би 5 цагт ихэвчлэн сэрдэг. Өглөөний цагт хүн маш их зүйлсийг амжуулж чадна. Хүн өглөөг бясалгалаар эхлүүлэхийг зөв гэж үздэг. Тэрний дараа талархлын тэмдэглэл хөтөлдөг. Мөн миний Америкт амьдарсан туршлагаас үзэхэд хүн тэнд амьдраад ирэхээрээ аливаа зүйлд судалгаа шинжилгээ хийдэг болдог. Жишээ нь: Кофе уухад хэдэн цагт уувал хүний биед илүү сайн бол, найрлагад нь юу ордог гэх мэт судлаад эхэлдэг.

YOLO: Анх подкаст нээе гэдэг санаагаа хаанаас олж байсан бэ?

- Анх 3 жилийн өмнөөс подкаст сонсож эхэлсэн. Тим Феррис (Tim Ferris)-ийн подкастуудыг сонсож эхэлснээс хойш подкаст нээх санаагаа олж анх блог нээж байсан. Найз охин маань блогоо подкаст болгох санаа өгнөөс хойш өдгөө хүртэл подкастаа хөтөлж байна. Billguun.com гэдэг блогоор подкастаа нийтэлдэг.

YOLO:  Цаашдаа блогоо хэрхэн хөгжүүлье гэж бодож байна вэ?

-  Миний сонсдог подкастуудын ихэнх нь 500, 600 дугаараа аль хэдийнээ цацсан байдаг мөн бид нарын энэ ням гарагт зохион байгуулах гэж буй арга хэмжээтэй адилхан сонсогчидтойгоо амьд харилцааг үүсгэдэг.

Энэ жишгийн дагуу бид өөрсдийн гэсэн сонсогчидтой болж, маш олон дугааруудыг цаашид гарган, амьд харилцааг бий болгосон арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар зорьж байна.

YOLO: Та подкастынхаа зочдыг хэрхэн сонгож авдаг вэ?

- Подкаст гэдэг зүйл бол Монголд шинээр дөнгөж нэвтрээд буй шинэ соёл юм. Тиймээс бид зочин сонголт дээрээ нэлээд анхаардаг. Манай подкаст нь түрүүн хэлсэнчлэн амьдралын хэв маягийн подкаст учраас төрөл бүрийн, салбар салбарын үлгэр жишээ хүмүүсийг урьж оролцуулдаг.

YOLO: Та Монгол дахь подкастын ирээдүйг хэрхэн харж байна вэ?

-  Би сүүлийн үед нэг үгийг толгойдоо байнга хэлдэг болсон. Audible гэдэг сонсдог номны компанийн Listening is the new reading (сонсох бол шинэ унших) гэдэг үг байдаг. Хүмүүс сүүлийн үед маш завгүй амьдралийн хэв маягтай болж байна. Улаанбаатар хотод автомашины түгжрэл, нэг газраас нөгөө рүү алхах гэх мэтчилэн маш олон сул цаг гарч байдаг.

Харин тэр сул цагийг маш үр дүнтэй өнгөрөөх арга нь подкаст сонсонгоо явах юм. Өнөөдөр дэлхий даяар энэ нь түгээмэл соёл болон төлөвшиж байгаа бол харин Монголд энэ нь соёлыг хүлээн авах тал руугаа явж байна. Учир нь цаг бол хамгийн үнэтэй зүйл юм гэдгийг

YOLO:  “Нямын найм амьдаараа” гэдэг арга хэмжээний талаар бидэнд мэдээлэл өгөөч ?

- Уг арга хэмжээ нь Монгол улс дахь хамгийн анхны дундын оффис болох Work Central Mongola-д 2018 оны долдугаар сарын 8-ны 15 цагт эхлэнэ. Харин оролцогчид маань 14 цагт ирээд уг “Co-working space”-тэй танилцах боломжтой. Дундын оффис гэдэг зүйл маань сүүлд үүссэн подкасттай адилхан бас нэгэн шинэ соёл юм.

Зочдын хувьд бид оролцогчдоосоо судалгаа авсны үндсэн дээр сонгосон. Тэд өмнө нь посдкаст-д оролцож байсан хүмүүстэй уулзах сонирхол өндөртэй байсанд үндэслэн Дэлгэрзаяа (АНУ-ын Вашингтоны их сургуулийн оюутан), Тайван (Оюу толгойн инженер), Учрал (Medium.com дээр хамгийн олон дагагчтай Монгол хүн ) гэсэн зочдыг урьсан. Өсвөр үеийнхэн маань уг арга хэмжээнд ирснээр аливаа зүйлд талархаж сурах, хэрхэн сэтгэл ханамжтай байх, тухайн долоо хоногийг хэрхэн үр дүнтэй өнгөрүүлж болох талаар хэлэлцүүлэг явагдан, дараа нь ерөнхий сэдэв рүүгээ орно.

YOLO: Танд чөлөөт цаг хэр их гардаг вэ?

- Чөлөөт цагийг хүн хэзээ ч өөртөө гаргаж болно. Би нэг хэсэг календариа их дүүргэж бичдэг байсан. Тэгэхдээ календарьтаа ямар ч хоосон зай үлдээдэггүй байсан. Хүн өдөр тутмын амьдралаа хэт нарийн цагаар төлөвлөөд эхлэхээр тэрийгээ биелүүлж чадахаа байгаад ирэхээр сэтгэл хямрах гэх мэтчилэн хүндрэлүүд үүсдэгийг ажигласан. Иймээс би календариа дүүргэлгүй тухайн өдрийнхөө хамгийн том ерөнхий төлөвлөгөөг бичдэг болсноор илүү амар болсон. Би ихэнхдээ чөлөөт цаг гарахаар найз охинтойгоо өнгөрөөх, ном унших, Long board унах, гүйлтээр хичээллэх гэх мэтчилэн зүйлсийг хийдэг.

YOLO: Бид өдгөө мэдээллийн эрин зуунд амьдарч байна шүү дээ! Тэгвэл энэ их мэдээллээс хэрхэн өөртөө хэрэгтэйг олж авах вэ?

-  Хүн маш их мэдээллийг авдаг болсон энэ үед тэрийгээ боловсруулах цаг завыг өөртөө гаргах нь маш зөв. Учир нь хүн тэр их мэдээллээ дотроо боловсруулалт хийхгүй бол маш амархан мартаад эхэлдэг мөн хүний төсөөлөн бодох чадвар мууддаг. Тиймээс хүн тэр их мэдээллээ өөрийн болгохын тулд зүгээр нэг цаг юу ч хийлгүй төсөөлөн бодоод хэвтсэн ч болно.

YOLO: Урьд нь Model United Nation-д оролцож байсан арвин туршлагатай гэж сонссон. Энэ талаараа бидэнд сонирхуулаач.

-  Америкт олон улсын харилцаа мэргэжлээр суралцаж байхад хамгийн таалагдсан зүйл бол Model united nation (НҮБ-ын загвар хуралдаан) сургалтын хөтөлбөрт багтсан явдал байсан. Олон улсын харилцаагаар суралцаж буй хүүхдүүдэд дипломат ёс журмыг суралцах, аливаа улс орнуудын тухай судлах гэх мэтчилэн маш олон чадварууд сууна. Миний хувьд Америкийн үндэсний загвар хуралдаaн, загвар Араб Лигийн хуралдаануудад оролцож байсан.

YOLO: Ярилцлагынхаа төгсгөлд шинээр подкаст нээх сонирхолтой хүүхэд залууст өөрийн туршлага дээрээсээ үндэслэн зөвлөгөө өгөөч

- Контент үйлдвэрлэлийн салбарт заримдаа хэт бүтээлч байх нь хэрэггүй юм шиг санагддаг. Учир нь хэт бүтээлч байхаар тухайн зүйл эргээд өөрийх нь дайсан болох гээд байдаг талтай. Тиймээс энэ салбарт хүч үзэх гэж буй бол аливаа зүйлээс амархан гаргалгааг олж хардаг байхад маш их амжилт чадна. Та бүхэнд амжилт хүсье!

YOLO: Баярлалаа танд амжилт хүсье!

#podcast