2019 онд нээлтээ хийх ШИЛДЭГ 7 КИНО


М.Тэнгис | YOLO.MN
2018-06-28

Кино урлаг сонирхогч залуучууддаа зориулан ирэх 2019 онд нээлтээ хийхэд бэлэн болоод байгаа хамгийн их шуугиан дагуулж буй шилдэг 7 киноны тухай товч мэдээллийг бэлтгэн хүргэж байна. Уг жагсаалтад бидний дунд аль хэдийнэ хүлээлт үүсгээд амжсан Avengers: Infinity War (2018)–ын үргэлжлэл болон Dumbo хүүхэлдэйн киноны шинэчилсэн хувилбар зэрэг багтсанаас гадна хүүхэд залуусыг саяхан байлдан дагуулж байсан “Suicide Squad” уран сайхны киноны 2-р анги  ч мөн дээгүүр байранд жагсчээ.

1. DUMBO – WALT DISNEY

Бусдаас өвөрмөц, хачирхалтай том чихтэй төрсөн Dumbo хэмээх зааны тугалны сургамжит, адал явдалт амьдралын түүхээс сэдэвлэсэн хүүхэлдэйн киног  хамгийн анх  1941 оны 10-р сард Walt Disney Productions  бүтээж байв. Тус бүтээл хамгийн анхны өнгөт хүүхэлдэйн кинонуудын нэгт зүй ёсоор тооцогддог бөгөөд нийт 1.6 сая долларын ашиг олж байсан түүхтэй ажээ.

Харин ирэх 2019 онд өхөөрдөм зааны тугалны түүх орчин үеийн дэвшилтэт компьютер графикийн дүрслэл дундаас шинээр мэндлэхээр болсон бөгөөд өмнө нь “Аlice in the wonderland”, “The Corpse Bride” зэрэг олон уран сайхны болон хүүхэлдэйн киноны зураач, найруулагчаар ажиллаж байсан алдарт Тим Бартон (Tim Burton) найруулсан байна. Walt Disney Pictures уг бүтээлийн нээлтийг 2019 оны гуравдугаар сарын 29-нд хийхээр төлөвлөжээ.


2. THE LION KING – WALT DISNEY

Араатны хаан арслан Симбагийн адал явдалт түүхийг үзээгүй хүн байхгүй гэхэд хилсдэхгүй. 1994 онд бүтээгдэж 968.5 сая долларын ашиг олж байсан Walt Disney–н хамгийн алдартай бүтээлүүдийн нэг “The Lion King” мөн ирэх 2019 онд шинэчлэгдсэн хувилбараар дэлгэцнээ гарахад бэлэн болжээ.

Шинэ араатны хаан арсланд Дональд Гловер (Donald Glover) дуу оруулж, алдарт кино найруулагч Жон Фаврью (John Favreau) ажиллажээ. Мөн бид бүхний сайн мэдэх дуучин Бейонсе Новлес (Beyonce Knowles) Симбагийн найз эм арслан болох Нэвигийн дүрд дуу оруулахаар болсон байна.

Киноны нээлт 2019 оны долдугаар сарын 19-нд болох бөгөөд кино шүүмжлэгчдийн зүгээс өмнөх хувилбарт шингэсэн гүн ухааны өгүүлэмж хэвээр хадгалагдсан эсэхийг үзэхээр хүлээж байгаа тухай АНУ-ын мэдээллийн сайтуудаар шуугиж байна.


 3. Х-MEN : DARK PHOENIX – 20th CENTURY FOX FILM CORPORATION

Шинжлэх ухааны зөгнөлт, адал явдалт төрлийн X-Men уран сайхны кино хамгийн анх 2000 онд дэлгэцийн бүтээл болсноос хойш өнөөдрийг хүртэл 11 цувралыг гаргаж амжжээ. Хамгийн сүүлд уг цувралын дүрүүдээр тусгайлан бүтээсэн Logan (2017), Deadpool 2 (2018) зэрэг фильмүүдийг бид хүлээн авч үзээд байгаа билээ.

Ирэх 2019 онд нээлтээ хийх Икс хүмүүс: Харанхуйн галт шувуу (X-Men:Dark Phoenix)-г X-Men:The Last Stands (2006), X-Men:Days of Future Past (2014), X-Men:Apocalypse (2016) зэрэг өмнөх ангиудын кино зохиолчоор ажиллаж байсан Саймон Кинберг (Simon Kinberg) найруулсан байна. Киноны үйл явдлын хувьд өмнөх ангиудад асуудал тарьж байсан гэхэд болох гайхамшигт чадвартай Жийн Грей (Jean Grey) харанхуйн галт шувуу болохын тулд бүхнийг золиослоход хүрч, Икс хүмүүс дэлхийн нийт хүн төрөлхтний төлөө түүнийг зогсоох шаардлагатай болох гэнэ. Харанхуйн галт шувуу ирэх оны 2-р сарын 14-нд нээлтээ хийх ажээ.


4. SUICIDE SQUAD 2 – DC COMICS, ATLAS ENTERTAINMENT

2016 онд нээлтээ хийж дэлхий дахиныг шуугиулан 746.8 сая долларын ашиг олж чадсан Suicide Squad киноны 2-р анги ирэх 2019 онд нээлтээ хийхээр болсон тухай IMDb агентлаг мэдээлжээ.

Шинэ ангийн найруулагчаар энэ удаа Гэвин О᠋’Коннор (Gavin O’Connor) ажилласан ба үйл явдлын тухай нууц одоогоор ил болоогүй байгаа бөгөөд сонирхогчдын хийсэн хуурамч трейлер, спойлерууд цахим сүлжээг дүүргээд байгаа билээ. Мөн бидний хайртай жүжигчин Двэйн Жонсон (Dwaine Johnson) ᠌”Хар Адам” (Black Adam) хэмээх шинэ дүрд тоглож байгаа бөгөөд үхлийн салаанаас хамгийн их хайр хүндэтгэлийг хүлээсэн Harley Quinn–ий дүрийг үзэсгэлэнт Маргот Роби (Margot Robbie) дахин бүтээхээр болжээ. Киноны нээлтийн тов одоогоор тодорхой биш байна.


 

5. CAPTAIN MARVEL – MARVEL ENTERTAINMENT

Харь гарагийн 2 өөр үндэстэн хооронд галактикийн дайн дэгдэж, Кэрол Дэнверс (Carol Danvers) дэлхийгээс төрөн гарсан огторгуй ертөнцийн хамгийн хүчирхэг баатруудын нэг болно.

Марвелын дэлгэцнээ амилах хүчирхэг баатруудын жагсаалтыг энэ удаа Ахмад Марвел үргэлжлүүлэхээр болжээ. Эмэгтэй супербаатрын дүрээр тусгайлан кино бүтээсэн түүх Марвельд байхгүй учир гагц комик номны хуудаснаа удаан хугацаанд ээлжээ хүлээн байсан Кэрол Дэнверсийн адал явдлыг хүсэн хүлээгчдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байна.

Гол дүрийг жүжигчин Брай Ларсон (Brie Larson) бүтээсэн ба найруулагчаар Анна Боден (Anna Boden), Райан Флек (Ryan Fleck) нар ажиллажээ. 118.6 сая долларын төсвөөр бүтэж буй уг киноны нээлт ирэх 2019 оны 3-р сарын 8-нд болохоор товлогдсон байна.


6. WONDER WOMAN 1984 – DC ENTERTAINMENT, WARNER BROS

DC comics–ийн түүхэн дэх хамгийн алдартай эмэгтэй супербаатар болох гайхамшигт бүсгүй (Wonder Woman)-н түүхээс сэдэвлэсэн 50 гаруй ангитай телевизийн цуврал тэртээ 1975 онд цацагдаж, гол дүрийг бүтээсэн Линда Картер (Linda Carter) Hollywood даяар алдаршиж байсан цаг саяхан мэт.

Мөн өнгөрөгч 2017 онд DC Entertainment –ийн хамт олон Гайхамшигт бүсгүйг үзэсгэлэнт Гал Гадот (Gal Gadot)-оор амилуулан цоо шинээр бүтээсэн нь олон номинацид нэр дэвшиж, 821.9 сая долларын ашиг олсон билээ. Харин ирэх 2019 онд Wonder Woman 1984 хэмээх бас нэгэн уран сайхны кино нээлтээ хийхэд бэлэн болсныг DC-ынхан мэдэгдэв. Киноны үйл явдлын тухай баттай мэдээлэл хараахан гараагүй ба ямартай ч Wonder Woman (2017)–ы шууд үргэлжлэл байх магадтай гэнэ.

Гол дүрийг жүжигчин Гал Гадот дахин бүтээх ба найруулагчаар өмнөх ангийн найруулагч Пати Женкинс (Patty Jenkins) ажиллах ажээ. Нээлтийн товыг одоогийн байдлаар 2019 оны 11-р сарын 1-н хэмээсэн байна.


7. AVENGERS UNTITLED – MARVEL ENTERTAINMENT

Avengers: Infinity War (2018)–ын дуулиан шуугиан одоо ч намжиж амжаагүй хэвээр. Гэтэл Marvel Entertainment–ийн зүгээс 2019 онд үргэлжлэл болох бас нэгэн анги гаргахаа мэдэгдлээ. Найруулагчаар ах дүү Руссо (Anthony and John Russo) нар ажиллах ба үйл явдлын тухайд өмнөх ангийн шууд үргэлжлэл байх ажээ. Киноны нэрийг одоогоор хараахан оноож амжаагүй байгаа бөгөөд нээлтийн товыг ирэх оны тавдугаар сарын 3-нд зарласан ч хойшилж магадгүй тухай продьюсерүүд мэдэгдэл хийсэн байна. Зарим шүтэн бишрэгч, спойлеруудын таамгаар Ахмад Марвелын дүр нэмэгдэж магадгүй бөгөөд Avengers–ийн сүүлчийн цуврал болох магадлал өндөр гэж үзэж байна. Бидэнд хүлээх л үлдлээ...

Мөн ирэх 2019 онд нээлтээ хийхээр бэлэн болсон, хүлээлт үүсгээд буй киноны жагсаалтыг бидний сайн мэдэх Toy Story хүүхэлдэйн киноны 4-р анги, Алдарт Стивен Кинг (Stephen King)-ийн аймшгийн зохиолоос сэдэвлэсэн It (2017) киноны 2-р бүлэг, Аладдин (Aladdin) хүүхэлдэйн киноны уран сайхны кино хувилбар зэрэг олон фильмүүд үргэлжлүүлж байна. Дэлхийн кино урлагийн зах зээлийг анимэйшн хүүхэлдэйн кино болон супербаатруудын түүх дийлэнхи эзэлж байгааг бид дээрх жагсаалтаас харж болох ажээ. Мөн олон жилийн өмнө хийгдэж байсан алдартай бүтээлүүдийг дахин шинээр бүтээх хандлага ирэх жилүүдэд түгээмэл болох магадлал тун өндөр хэмээн дүгнэж болох юм.

 

#chart, #movie