Б.Мөнхчимэг: Мисс гэхээр л царайнаас цаашгүй гэсэн хүмүүсийн бодлыг өөрчлөхийг хүсдэг


Б.Намуун | YOLO.MN
2018-06-26

Магадгүй ихэнх охид жаахан байхдаа өөрийгөө миссийн титэм зүүснээр төсөөлөн гараа даллан ялдам инээмсэглэн алхаж байсан л болов уу. Тэгвэл цагаан даавуугаар биеэ ороогоод өрөөнийхөө нэг булангаас нөгөө булан руу алхан мөрөөддөг байсан тэдгээр охидын нэг өнөөдөр мөрөөдөлдөө хүрч “Miss Mongolia 2018” тэмцээний тэргүүн байрын эзэн болжээ. Ийнхүү мисс Б.Мөнхчимэгтэй хийсэн ярилцлагыг уншигч таны гэгээн мэлмийд сонирхуулъя.

YOLO Юуны өмнө “Miss Mongolia 2018” тэмцээнд тэргүүн байр эзэлсэнд нь баяр хүргэе. Уншигчдад маань өөрийгөө танилцуулаач.
- Энэ ярилцлагыг уншиж буй бүх хүнд энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Намайг Батжаргалын Мөнхчимэг гэдэг, 19 настай. Шинэ Монгол Коосэн сургуулийн 4-р дамжаанд химийн инженерийн чиглэлээр суралцдаг.  Ам бүл тавуулаа. Говийн сайхан сэтгэлт хоёр хүмүүний гурав дахь үр нь болж мэндэлсэн. Дээрээ хоёр ахтай айлын ганц охин.

YOLO“Тэргүүн байрын мисс” хэмээн нэрээ зарлуулсан тэр торгон агшин руу эргэж очин тэр үеийн сэтгэгдлээ хуваалцвал?
-  Тэр мөчийг бодохоор аз жаргалын даавар ялгараад шууд догдлоод эхэлдэг юм. Бодох тоолонд нүүрэнд инээмсэглэл тодордог. Тэр үе үнэхээр үгээр хэлж үзгээр бичимгүй тийм гайхалтай үе байсан.

YOLOӨөрийн тань нэрийг дуудна гэж бодож байв уу?
-  Ер нь л хүн ямарваа нэгэн тэмцээн уралдаанд орохоороо түрүүлнэ гэсэн зорилготой орно. Тийм ч учраас би тэр үед “Ямар ч гэсэн би чадахаараа хичээсэн. Одоо намайг хэрхэн дүгнэх нь шүүгчид болон зохион байгуулагчдын үнэлэмж” гэж дотроо бодоод найдвар тээн хүлээж байсан.

YOLOЭнэхүү тэмцээн маань хэдэн үе шаттайгаар болж өнгөрсөн бэ? Тэмцээний талаар товч мэдээлэл өгвөл?
- “Miss Mongolia 2018” тэмцээн хоёр сарын хугацаанд явагдсан. Эхний сард орон нутгийг дөрвөн бүс болгож хуваагаад дөрвөн бүсдээ шалгаруулалт хийж шалгарсан охид ирсэн. Харин хотод тавдугаар сарын 12-ноос шалгаруулалт явагдсан бөгөөд анхан шатны шалгаруулалтанд оролцсон 60 гаруй охиноос 23 нь шалгарч үлдсэн. Түүнчлэн явц дундаа охидоос маань хасагдсаар сүүлчийн шатанд 19 охин тунаж үлдсэн. Уг тэмцээн маань Мисс спорт, Мисс бикини, Мисс фото, Мисс оюунлаг, Мисс модель, Мисс авьяас гэсэн 6 төрлөөр явагддаг. Сарын хугацаанд тэмцээндээ оролцохдоо нэг хоёр өдөр гэртээ амрах тохиолдолд үнэхээр их баярладаг байсан. Энэ хугацаанд нойр хоол хасагдан нэлээн турсан. (инээв) Яагаад ч юм тэмцээндээ их санаа зовоод “Маргааш ийм шалгаруулалттай, надад ийм юм дутуу байгаа, одоо би энийгээ бэлдэнэ” гэх мэт бодлууд толгойд байнга эргэлдэнэ. Орой унтахаар хэвтэхэд нойр хүрэхгүй тэмцээнээ бодоод бараг зүүдэлж унтаад өглөө нь бодоод л сэрдэг байсан. Амрахгүй байхаар нүүрээр их юм гараад сүүлдээ асуудалтай тулгарч эхэлсэн. Гэхдээ энэ бүхний дараах ард нь гарсны дараах тэр мэдрэмж үнэхээр гайхалтай. 

 

YOLOТэмцээний хамгийн хүчтэй өрсөлдөгч хэн байсан бэ?
-  "Miss Mongolia” тэмцээн Монголд зохиогддог хамгийн зохион байгуулалттай том тэмцээнүүдийн нэг. Энэ жилээс харин нэлээн олон миссийн тэмцээн шинээр зохион байгуулагдаж байгаа юм билээ. Жишээ нь “Монголын сайхан бүсгүй”, “Miss World Mongolia” албан ёсоор жил болгон зохион байгуулагдаж эхлэх гэж байгаа мөн “Miss Universe Mongolia” гэх мэт тэмцээнүүд зохион байгуулагдах гэж байна. Гэхдээ “Miss Mongolia” тэмцээн маань хамгийн том тэмцээндээ тооцогдоно. SBN телевизтэй хамтарч явагддаг. 30 секундын үзэгдлийн цаана асар их цаг ордог. Бид нар нэг цуглахаараа өглөөнөөс орой хүртэл хамт байдаг. Гэхдээ оролцогч охид маань хэдий их ядарч байсан ч бүгд их мундаг байсан. Тиймээс бүгдийг нь л хүчтэй өрсөлдөгчөө гэж харж байсан даа.

YOLOАнх загварын гараагаа хаанаас хэрхэн эхэлж байсан бэ?
- Би багадаа том цагаан даавуугаар өөрийгөө ороогоод хувцас болгож өмсөөд өрөөндөө алхдаг байсан. Үүнийг аав ээж хоёр маань хараад “Монголын Хүүхдийн Ордон”-ы Нармандах багштай загварын дугуйланд анх явуулж байсан. Тэр үед аав ээж маань охин хүүхэд гэсэн утгаараа гоо зүйн мэдлэг эзэмшүүлэхийн тулд уг сургалтанд жилийн хугацаатай хамрагдуулсан. Түүний дараагаар 2017 онд Andra академидаа элсэж орсон бөгөөд энд би өөрийгөө бусдад зөвөөр илэрхийлэх, тайзны алхаа гэх мэт олон зүйлийг сурсан. Ингээд 2017 оны наймдугаар сард “Miss World Mongolia 2017” тэмцээнд оролцож 3-р байрын эзэн болсон маань миний миссийн чиглэлээр явах үүд хаалгыг нээсэн юм болов уу гэж боддог. Мөн би моделийн чиглэлээр “New face” тэмцээнд 2017 онд оролцсон.

YOLOТелевизийн шоу нэвтрүүлгийн ард охидын хооронд ямар нэгэн үл ойлголцол асуудал тулгарч байсан уу?
- Үгүй ээ. Гэхдээ олон охид байгаа газар хов жив гарах гээд байдаг шүү дээ. Тиймээс би ч гэсэн тиймэрхүү зүйл байх болов уу гэсэн таамаглалтай байсан боловч огт тийм байгаагүй. Охид маань хоорондоо их дотно байсан. Тэмцээнд маань 16 настай гурван охин оролцсон. Тэр жоохон охид  маань “Аниа” гэж ирээд л юм ярих нь их дотно эерэг уур амьсгалыг бүрдүүлдэг байсан. Бие биедээ юу хэрэгтэй байна түүгээр нь туслаад харилцан нэгэндээ тус дэм болж байсан учраас тэмцээний турш ямар нэгэн үл ойлголцол гараагүй.

YOLOЗагварын салбарт орж ирэхэд ямар нэгэн асуудал тулгарч байсан уу? 
- Загварын салбарт би намхандаа ордог /өндөр 174 см/. Мөн туранхай болохоор бие их жижиг харагддаг. Тиймээс моделийн чиглэлээр явахад бие жижигдээд байдаг л даа. Гэхдээ би загварын салбарт маш их хайртай учраас орхихыг хүсээгүй. “Модельд би намханд тооцогдох юм байна. Тэгэхээр миссийн чиглэлээр явъя” гэж шийдээд жилийн хугацаанд бэлтгэлээ базаасан. “Намхан болохоор хэцүү юм аа” гээд шантрах үе байсан ч “За би өсөх байлгүй дээ” гээд өсөлтийн витамин хүртэл ууж байсан. Шантрах асуудал тулгардаг байсан ч тэр асуудлаа даван туулах аргыг олж чаддаг байсан учраас аливааг хүндээр тусгаж авдаггүй. 

 

 

Миний хувьд өөрийгөө зөвөөр илэрхийлж, бусдад эерэг энерги түгээж чаддаг зан чанар маань титмийн эзэн болоход тус дэм болсон болов уу гэж бодсон. 

                                                                                                                                                          Б.Мөнхчимэг

YOLOЗагварын ертөнцөд царай зүс л чухал гэсэн ойлголт манай нийгэмд өргөн хүрээтэй байдаг мэт санагддаг. Энэ талаар үзэл бодлоо хуваалцаач.- Ер нь одоо ч гэсэн тэгж боддог хүмүүс мэр сэр байдаг юм билээ. Загвар өмсөгч, мисс гэхээрээ л царайнаас цаашгүй байдаг гэсэн хүмүүсийн хэвшмэл бодлыг өөрчлөхөөр би энд байна /инээв/. Түүнчлэн загвар өмсөгч, миссүүд маань олон салбарт өөрсдийнхөө хүчийг үзсэн авьяаслаг ухаалаг чадварлаг хүмүүс байдаг.

YOLOУг тэмцээнд хамт өрсөлдсөн охид бүсгүйчүүдээсээ яг ямар чанараараа илүү байсан болохоор ялагч болсон гэж бодож байна вэ?
- Би өөрийгөө олон талаар хөгжүүлэхийг хичээдэг. Загварын салбараас гадна илтгэх урлагаар хичээллэж, сургуульдаа оюутны зөвлөлийн дарга хийж, хүнтэй харилцах тал дээр өөрийгөө маш сайн хөгжүүлсэн. Энэ бол мисс хүнд байх хамгийн чухал чадвар гэж боддог. Мисс гэхээрээ л хүнтэй харьцахгүй урдаас нь зүгээр инээгээд байгаад байвал муухай шүү дээ. 

Миний хувьд өөрийгөө зөвөөр илэрхийлж чаддаг, мөн бусдад эерэг энерги түгээж чаддаг зан чанар маань энэ титмийн эзэн болоход тус дэм болсон юм болов уу гэж бодож байна. Анх Андра академид орж ирэхэд Х.Бадамгэрэл багш маань “Чамд нэг л юм байна даа” гэж хэлж байсан нь санаанаас гардаггүй юм. Мөн 2015 оны тэргүүн мисс Ц.Аззаяа эгч маань “Чи миссийн чиглэлээр л яв. Одооноос өөрийгөө бэлд” гэж хэлж байсан. Эдгээр багш нар маань надад “Мисс хүн хаашаа л харна бусдад эерэг энерги аз жаргал түгээж байдаг хүн байх хэрэгтэй. Чи хүнтэй яаж л бол яаж харьцаад эвийг нь олж чаддаг. Энэ чинь чиний маш том давуу тал. Үүнийгээ л сайн хөгжүүл” гэж захидаг.

YOLOЯпон улсад зохион байгуулагдах “Miss International 2018” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох эрхийн эзэн болсон. Тэмцээний бэлтгэлээ эхэлсэн үү?
-  Тэмцээний бэлтгэлээ эхэлсэн. Тэмцээн Япон улсын Токио хотод арван нэгдүгээр сарын 9-нд болно. Андра академи дээрээ өдөр болгон бэлтгэлээ хийж байна. Миссийн тэмцээнд оролцоход оюунлаг, авьяаслаг байхаас гадна тайзны соёл гэж чухал зүйл байдаг. Х.Бадамгэрэл багш маань 2009 оны тэргүүн мисс учраас Miss International тэмцээнд оролцож байсан туршлагатай. Тиймдээ ч багш маань надад маш их зөвлөгөө өгдөг. Би нэг дэвтэр нээчихсэн уулзах тоолондоо хэрэгтэй гэсэн тэмдэглэлээ хөтөлдөг. Эсвэл багш нэг юм санах болгондоо чатаар ч хамаагүй зөвлөгөө өгдөг. Намайг маш их дэмждэг учраас багш нартаа, Андра академидаа их хайртай. Шинэ Монгол Коосэн сургуульдаа дөрвөн жил Япон хэл үзэж байна. Тиймдээ ч Япон улсад зохион байгуулагдах тэмцээн учраас Япон хэлтэй байна гэдгээ мөн том давуу тал болно гэж найдаж байна. 

YOLOБие галбир болон гоо сайхандаа хэрхэн санаа тавьж хадгалдаг вэ? Урин дулаан цаг ирж охид маань жингээ хасахаар сэтгэлээ чилээн суугаа байх. Тэдгээр охидод нууцаасаа хуваалцаач.

-  Би хоол сойж, хоолоо хасдаггүй. Хамгийн сайн хийдэг зүйл маань алхах. Хэрвээ товлосон уулзалт маань хоорондоо зайтай бол аль болох алхаж очихыг эрмэлздэг. Алхах хүний эрүүл мэндэд их сайн шүү дээ. Түүнээс гадна орой болгон бэлхүүс, гэдэсний таталт гэх мэт дасгалуудыг хийдэг. Арьс арчилгааны хувьд бусад охидтой л адилхан. Ер нь нүүрээ цэвэрлэхийг л илүүд үздэг. Будагтайгаа удаан байдаггүй, гэртээ ороод хамгийн түрүүнд будгаа арилгадаг.

YOLOЗун болж охид маань өндөр өсгийт өмсөх цаг хэдийн иржээ. Гэвч охидод гутлан дээрээ явж чадахгүй байх, гутал нь холгох гэсэн асуудал тулгардаг. Мисс хүн байнга л өндөр өсгийттэй явж харагддаг одоо ч мөн өмссөн байна. Яаж энэ хүндрэлийг давах вэ?
- /инээв/. Хөлдөө хамгийн эвтэйхэн гутлыг сонгож өмсөх нь их чухал. Охид маань гэнэт өндөр өсгийт өмсье гэж шийдээд өглөөнөөс орой хүртэл явах ажилтай өдрөө өмсөөд гарчихдаг. Өдөржин өсгийтэй гутал өмсөхөөр төд удалгүй л өвдөөд эхэлнэ. Тэгэхээр нь л охид дахиж энэ гутлыг өмсөхгүй надад зориулагдсан эд биш байна гэж боддог. 

Харин гэрээсээ түрхэн зуур гараад удахгүй гэртээ ирэх өдрөө өсгийтэй гутал өмсөж хөлөө дасгавал зүгээр. Андра академийн маань багш нар ч ингэж зөвлөдөг. Би одоо Андра академийнхаа алхааны багшаар суралцаж байна. Цаашдаа алхааны багшаар ажиллана гэсэн бодолтой. Мөн өмнө нь хэлсэнчлэн охид маань хэрвээ гутал хөлийг нь холгоод байвал спирттэй хөвөнгөөр арчаарай. Холгож өвтгөвөл шархалж хүндрэхээс нь өмнө гутлаа өмсөхөө түр болих хэрэгтэй.

YOLO: Цаашдын зорилгоосоо хуваалцаач. Магадгүй дараагийн тив дэлхийд нэрээ дуурсгах Дэлхийн мисс миний урд сууж байгаа ч юм билүү?
- Надад хоёр том мөрөөдөл бий. Нэг нь ажил мэргэжлийнхээ хүрээнд химийн инженерчлэлийн чиглэлээр дэлхийд данстай монгол гоо сайхны бүтээгдэхүүний брэнд бий болгохыг зорьдог. Удаах мөрөөдөл маань Дэлхийн миссийн титмийг монголдоо авч ирэх. Яг одооноос эхлээд өөрийгөө бүх талаар хөгжүүлж өөрийгөө бэлдэж байна даа. 

 

 

 

YOLOЗагварын салбарт орж ирэхийг хүсдэг охидод хандаж үг хэлээч.
- Өөртөө итгэлтэй бай гэж л хэлмээр байна. Монгол охид маань бүгд л хөөрхөн. Гудамжаар явахад үнэхээр хөөрхөн охид их зөрдөг. Охид маань тийм хөөрхөн хэрнээ өөрсдийгөө нээхээс ичиж, тэмцээн уралдаанаас хойш суудаг. Битгий тэг. Өөрийгөө нээхийн тулд бүхий л боломжуудыг ашигла. Би ч өмнө нь өөртөө итгэх итгэл бага байсан. Тэмцээнд орохдоо би арай болоогүй байх гэж өөрийгөө голдог байлаа. Гэхдээ даваад гарсны дараа өөртөө итгэх итгэл аяндаа бий болдог юм шиг санагдсан. 

YOLO: Өөрийн чинь хувьд амьдралдаа байнга баримталдаг алтан дүрэм бий юу?
-  Би өглөө сэрээд гоё дуу сонсдог. Өглөө сонссон дуу аманд орчихдог шиг өглөө цоглог дуу сонсохоор тэр өдөржингөө цоглог байдаг. Орой унтахаасаа өмнө хамгийн багадаа 30 минут ном уншдаг. Үнэхээр завгүй өдөр байсан ч өдрийн төгсгөлд 30 минут ном уншаад унтахыг зорьдог.

YOLOНайз залуутай юу? Ирээдүйд төлөвлөж буй хувийн амьдралынхаа талаар ямар бодолтой байдаг вэ?
- Найз залуу байхгүй. Би Дэлхийн миссд оролцох зорилготой. Дэлхийн миссд оролцохын тулд хүүхэдгүй мөн 25 нас хүрээгүй байх шаардлагатай. Иймээс 25, 26 нас хүртлээ гэр бүл зохионо гэж боддоггүй. Миний төлөвлөгөөнд тийм зүйл одоогоор алга даа.  

YOLOЯрилцлагынхаа төгсгөлд өөрийнхөө уламжлалт нэгэн асуултыг асууя. Хэрвээ бурхан өөрийн чинь гурван хүслийг биелүүлье гэвэл юу хүсэх байсан бэ?
-  Хамгийн эхэнд хайртай аав ээж, хоёр ахыг маань хайртай гэр бүлийг маань миний хажууд мөнх амьдруулж өгөөч гэж хүснэ дээ.

YOLOТэгэхээр өөрөө бас мөнх амьдарна гэсэн үг үү?
-  /инээв/ Тийм ээ. Харин хоёр дахь нь хүний бодол уншдаг супер хүчтэй болмоор байна. Миний гурав дахь хүсэл бол хэлэхэд жоохон ичмээр юм аа. Гэхдээ намайг өндөр болгож өгөөч гэж хүсэх байсан /инээв/. Эмэгтэй хүн 25 нас хүртлээ өсдөг гэдэг боловч би одоо бол өсөхгүй байгаа л даа. Тиймээс өндөр болгож өгөөч гэж хүснэ. Гэхдээ энэ асуулт хэцүү хэрнээ их гоё асуулт байлаа.

YOLOЦаг зав гаргаж ярилцсанд баярлалаа. “Miss International” олон улсын тэмцээнд нь амжилт хүсье. Монголынхоо нэрийг өндөрт гаргаад ирээрэй.
-    Баярлалаа. Хичээх болно оо. wink

 

#interview #Miss #Mongolia