Чи сурах ёстой. ГЭХДЭЭ ХААНА?


Сондор | YOLO.MN
2018-05-30

"За, ямар ч байсан төгсөлтийн шалгалтаа өгчихлөө. Бусад хүүхдүүд бүгд л өгдөг юм чинь элсэлтийн шалгалт ч өгөх ёстой. Аль гайгүй оноо авсан хичээлээ дагаад их сургуульд орчих байх. Босго оноонд нь хүрээгүй ч нэг дээд сургуульд мөнгийг нь төлөөд орчихно. Аав, ээж зохицуулчихна"

Танил сонсогдож байгаа биз? Нэг их сургуульд орж л таарна гэж бодож байгаа бол түр АЗНА. Тэнд чи амьдралынхаа дөрвөн жилийг зарцуулна шүү дээ.  

Энэхүү нийтлэлээр боловсрол олгодог байгууллага зөвхөн их, дээд сургууль биш гэдгийг амьдралын их далайд хөл тавих гэж буй эрхэм дүү нар, мөрөөдөлдөө хүрэхээр хатуу шийдсэн залуу уншигчдад харуулахыг зорилоо.

"Чи сурах ёстой. Гэхдээ хаана?"

Хүсэл мөрөөдлөө тодорхойлсон чиний хийх дараагийн алхам бол нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх боловсрол эзэмших. Мэдээж хүсэл мөрөөдлөө дагана, өөрийгөө олно хэмээн “иргэний зориг” гаргаж яваа хүмүүс сайхан харагддаг ч бодит байдал дээр хэт их сэтгэл хөдлөлд автах нь тийм ч ухаалаг шийдвэр биш.

Саяхан даа. Марк Зукерберг, Билл Гейтсийн талаар ном уншаад тэдэн шиг амжилтад хүрэхийн тулд бодож бодож дунд сургуулиа хаясан монгол хүү телевизийн шоунд ороод “од” болсон. Тэд дэлхийн шилдэг их сургуульд тэнцэж орсныхоо дараа сургуулиа хаясан бол манай хүн хамгийн шилдэг их сургууль нь дэлхийд 3125 дугаарт “залардаг” орны жирийн нэг дунд сургуулийг орхисноороо бахархаж байлаа.

Цэвэр реалист өнцгөөс харвал хүн хэзээ ч, хаана ч, юу ч сурч болно. Харин хүний сурсан бүхэн нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх боловсрол болж чадах эсэх нь эргэлзээтэй. Одоогийн байдлаар бидний амьдарч буй нийгэмд хуулиар хүлээн зөвшөөрөгдсөн, албан ёсны ажиллах эрхийн гэрчилгээтэй байх нь боловсролтой гэдгээ нотлох хамгийн зөв алхам. Гэтэл энэ гэрчилгээний төлөө өндөр төлбөртэй, онолоор “бөмбөгдүүлдэг” их сургуульд сурах боломж хүн бүрт байхгүйн дээр хүн хүний сурах арга барил өөр учраас сурч төгссөн ч тэдний мэдлэг, туршлага зах зээлийн шаардлагад нийцэхгүй байх нь элбэг.

Харин энэ асуудлын нэг шийдэл нь мэргэжлийн боловсрол.   Манай оронд их сургуульд тэнцээгүй нь коллеж, техникумд сурдаг гэсэн явцуу ойлголт хэзээнээс ч юм хэвшил болсон. Тэгтэл дэлхий нийтэд, ялангуяа аж үйлдвэржсэн, хөгжингүй орнуудад мэргэжлийн боловсрол олох нь хувь хүний сонголт гэдгийг хүн бүхэн мэддэг. Түүнийгээ дагаад хүүхэд нь нийгэмд эрэлттэй, нарийн мэргэжлээр суралцах хүсэлтэй байх нь эцэг эхчүүдийн хувьд бахархмаар хэрэг юм.

Бид хөгжил ярьмаар байгаа бол энэ буруу ойлголтыг засахаас эхлэх хэрэгтэй. Хэрэв чамд дөрвөн жилийн боловсрол үр дүнгүй, цаг хугацаа алдах юм шиг санагдаж байвал яагаад мэргэжлийн боловсролын сургалтад хамрагдаж болохгүй гэж?

Юуны өмнө мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагуудын талаар ойлголттой болох нь чухал.

Мэргэжлийн сургалт нь дараах төрлүүдтэй:

Мэргэжлийн сургалт мэргэжлийн үнэмлэх олгоно,
Мэргэжлийн боловсролын сургалт мэргэжлийн боловсролын үнэмлэх, бүрэн дунд боловсролын гэрчилгээ олгоно,
Техникийн боловсролын сургалт бакалаврын өмнөх диплом олгоно.

Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцагчид суурь боловсролын гэрчилгээтэй байх шаардлагатай. Сонгосон чиглэлээсээ шалтгаалан зарим тохиолдолд бүрэн дунд боловсролын гэрчилгээтэй, тодорхой насанд хүрсэн байх шаардлагыг мөн тавьдаг.

Харин өнөөдөр дээрх сургуулиудаас хамгийн олон буюу дунджаар мэргэжлийн боловсролын сургалтад хамрагдагсдын 85 хувийг элсүүлэн авдаг, улсдаа тэргүүлэгч
"Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл-Урлалын Политехник коллеж"-ийг жишээ татан авъя.

Тус коллеж нь 52 гаруй жилийн түүхтэй, 32 мэргэжлээр сургалтын үйл ажиллагаа явуулдаг, магадлан итгэмжлэгдсэн, БНЭУ, БНСУ, ХБНГУ, АНУ, Япон улсуудтай гадаад хамтын ажиллагаа өргөн хөгжсөн сургууль юм.

Үйлдвэрлэл урлалын политехник коллеж дан ганц 9, 12 дугаар анги төгссөн, суурь болон бүрэн дунд боловсролтой хүүхдүүдийг сургадаггүй. Мэргэжлийн боловсролтой болохыг зорьсон хэн бүхэнд үүд хаалга нь нээлттэй. Тухайлбал, энэ оноос эхлэн Хил хамгаалах  ерөнхий газар, Батлан хамгаалах яамны Зэвсэгт хүчний жанжин штабтай хамтран тус коллеж 100 гаруй офицер албан хаагчид, тэдний ар гэрийнхэнд мэргэжлийн сургалт явуулах гэрээ байгуулжээ. Ингэснээр цаг наргүй ажилладаг цэргийн албан хаагчид болон тодорхой эрхэлсэн ажилгүй тэдний гэр бүлийн гишүүдийг богино хугацаанд мэргэжилтэй болгох нөхцөл бүрдсэн юм.   

Захирал Б.Даваажав:­­­

Сүүлийн жилүүдэд манай сургуулийг зорих суралцагсдын тоо харьцангуй нэмэгдлээ. Ер нь залуучууд амьдралынхаа 4 жилийг зориулан байж чанаргүй бакалаврын боловсрол эзэмшээд, ажил олж чадахгүй байгаа тул харьцангуй богино хугацаанд ажлын бодит дадлага туршлага олгох сургалтын ач холбогдлыг ойлгодог болжээ.

Амьдрал дээр хөдөлмөрийн зах зээлийн мөнхийн хэрэгцээ нь төлөвшсөн, зөв хандлагатай, мэргэшсэн ажилтан юм. Энэ хэрэгцээг хангах нь бидний эрхэм зорилго. Мэргэжилдээ дур сонирхолгүй хүн л ажилгүй байдаг.

Монголд хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн харьцаа алдагдсан тухай хүн бүр ярьдаг. Гэхдээ яг эрэлттэй, нарийн мэргэжил эзэмшүүлэх сургалт хомс. Тэгвэл тус коллежийн урдаа барьдаг шилдэг сургалтын нэг болох мехатроникчийн мэргэжил зах зээлд хамгийн эрэлт ихтэй үйлдвэрийн тоног төхөөрөмж угсрах, засах, тоноглох, програмчлах цогц боловсрол олгож байна.

Мехатроникийн мэргэжлийн багш Н.Ганболд:

Манай сургууль чадварлаг боловсон хүчин бэлтгэх шинэ сургалтын чиглэл нэвтрүүлсээр байна. Эдгээрийн нэг нь зургаа дахь жилийнхээ нүүрийг үзэж буй мехатроникчийн сургалт юм. Мехатроник гэдэг нь цахилгаан, механик, электроник, програмчлал гэсэн дөрвөн мэргэжлийн цогц сургалт юм. Сүүлийн үед гадны улсуудаас үйлдвэрлэлийн цахилгаан тоног төхөөрөмжийг Монголд ихээр оруулах болсон тул энэ мэргэжил эрэлттэй байна.

Европ, барууны орнуудад өргөн дэлгэрсэн ч Монголд төдийлөн үйлдвэрлэл хөгжөөгүй учраас боловсон хүчин хангалтгүй байдаг. Бид 6 жилийн хугацаанд 100 гаруй хүүхэд бэлтгэсний 95% нь мэргэжлээрээ ажиллаж буйг онцлууштай. Тухайлбал, Оюу Толгой компанийн автоматжуулалт, механикийн чиглэлээр 10 гаруй оюутан ажиллаж байна.

Төрийн өмчит сургалт гэхээр л сургалтын тоног төхөөрөмж хангалтгүй, орчин нөхцөл тааруу байдаг гэсэн ойлголт хэдийнэ ард хоцорчээ. Мехатроникчийн сургалтын тухайд орчин үеийн үйлдвэрийн дамжлагын стэндүүд болон Си Эн Си машин, робот, автоматжуулалтын бүх төрлийн стэндүүдээр ангиа тохижуулсан байв. Зөвхөн энэ мэргэжил ч бус, үйлдвэрийн технологийн дадал эзэмшүүлэх бүх л сургалт сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр хангагдсаныг хараад хэний ч сурах хүсэл төрөхөөр байлаа.

Оюунтнуудын бүтээлийн үзэсгэлэнгийн гэрэл зургууд

Үүний дараа бид сургуулийн нөгөө жигүүрт байрлах санхүү, бүртгэл тооцооны ажилтан бэлтгэх сургалтын ангийг зорив.

Санхүү, бүртгэл тооцооны ажилтан бэлтгэх сургалтын багш Б.Анхбаяр:

Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд онол, дадалд суурилсан төгс боловсрол олгодог.

Судалгаагаар нягтлангийн мэргэжил зах зээлд илүүдэлтэй байна гэдэг ч бодит амьдрал дээр тэдгээр илүүдсэн боловсон хүчнээс шаардлага хангах чадвартай хүн бараг алга байна. 4 жилээр нягтлангаар сурсан их, дээд сургуулийн оюутнууд гараад ажлын байран дээр тэнцдэггүй. Тэгээд ч Монголд нягтлангийн нарийн мэргэжлийн сургалт байхаас биш, бүртгэл тооцооны мэргэжилтэн бэлтгэдэг сургууль ховор. Тиймээс гадуур дээд боловсролтой нягтлан худалдагч хийж байна.

Харин манай сургууль санхүү бүртгэл тооцооны ажилтанг 1-1,5 жилийн хугацаанд санхүүгийн програм дээр дадлагажуулан, төгсгөснөөр мэргэжлийн үнэ цэнийг ухаарсан, өөртөө итгэлтэй тогтвортой ажиллах хүсэлтэй мэргэжилтнээр зах зээлийг хангаж байна. Тийм ч учраас манай төгсөгчид хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй байдаг. Түүнчлэн манай оёдол эсгүүр, үсчин, гоо засал, автомашин засварчин зэрэг мэргэжлээр суралцагсад төгсөхдөө ажлын санал авах нь элбэг.

Б.Анхбаяр багшийн ярианаас "Аж ахуй нэгжүүдийн санхүүгийн тайлан гаргаж, програм хийдэг нэгэн компани ажилдаа тэнцэхгүй байгаа нягтлангуудад 7 хоногийн сургалт явуулна гэсэн зар тавихад 180 хүн бүртгүүлжээ" гэх мэдээ анхаарал татав. Эндээс дээд боловсролын чанар хэр гологдож байгааг харж болно.

Үнэхээр зөв өнцгөөс харъя гэвэл орчинд нь сурч буй хүний үгийг сонсохгүй өнгөрч болохгүй. Иймд бид тус коллежийн интерьер дизайны ангийн нэгдүгээр курсын оюутан Э.Бямбадоржтой ярилцлаа.

Түүний мэргэжил график дизайн, архитектур сонирхдог хэн бүхний мөрөөдөл болсон, хамгийн эрэлттэй мэргэжлүүдийн нэг юм. Career planner вебсайтын судалгаагаар 2016-2026 оны хооронд интерьер дизайнеруудын ажил эрхлэлт дэлхий даяар 5 хувиар нэмэгдэнэ хэмээх таамаг бий.  

-Би интерьер дизайнерын мэргэжлийг сонирхоод олон сургуулийн хөтөлбөрийг судалсан. Эцэст нь хамгийн сайн багштай, төлбөр багатай энэ коллежийг олсондоо маш их баяртай байна. Сургалтын орчин, сурах материал хангалттайн дээр урлагийн ангийн хүүхдүүд биднийг үйлдвэрлэлийн, зуны буюу хээрийн дадлага гэхчилэн мэргэшүүлэх дадлага хийх боломжоор бүрэн хангадаг. Түүнчлэн сурагч биднийг хөгжүүлэх зорилгоор уралдаан тэмцээн тогтмол зохион байгуулдаг нь манай сургуулийн нэг онцлог.

Өдрөөс өдөрт шинэ барилга нэмэгдэх орчин үеийн хотод дотоод засал тун чухал тул дизайнер нь зах зээлд эрэлттэй, нэр хүндтэй мэргэжил юм. Энэ сургуулийг төгссөнөөрөө би үнэ цэнэтэй мэргэжилтэн болно гэдэгтээ итгэлтэй байна.

Түүнтэй ярилцаад хүн дуртай зүйлээ хийхдээ хэчнээн аз жаргалтай байдгийг эрхгүй мэдрэв. Хэрэв нэгэнт өөрийнхөө сонирхлыг олсон бол бүү зогс. Суралц. Хөгж. Аз жаргалыг мэдэр.

"Алдахаас бүү ай. Харин алдаа хэмээх цор ганц сэлүүрт хүрэлгүй байсаар амьдралын их далайд живж дуусахаас ай".

#Profession #Choice #Advice