Гоё сормуустай харагдах НАЙМАН зөвлөмж


Бабу | YOLO.MN
2019-10-20

Нүдний будалтаа төгс болгохын тулд зүгээр л сормуусаа буд. "Сормуусаа будсан эмэгтэй хүн ямагт эрч хүчтэй, цоглог харагддаг" гэж нэрт загвар зохион бүтээгч Коко Шанель хүртэл хэлсэн байдаг шүү дээ. Гэхдээ дөнгөж сормуусаа будаж эхэлж байгаа охидууд маань будгаа хэтрүүлэх эсвэл будаг нь доош буугаад панда шиг харагдаж байгаагаа ч анзаарахгүй тохиолдол байдаг. Тиймээс сормуусаа хэрхэн зөв будах болон гоё сормуустай харагдахад чинь туслах НАЙМАН зөвлөмжийг хүргэж байна.

1. Сормуусны будгаа хоёроос илүү давхарлах хэрэггүй
"Сормуусаа илүү өтгөн харагдуулахын тулд дөрвөөс таван удаа давхарлаж буд" гэсэн зөвлөгөөг чи хаа нэгтээгээс харж байсан уу? Битгий л үүнийг туршаарай даа. Сормуусны будаг маш хурдан хатдаг. Чамайг дөнгөж хоёр дахиа давхарлаад гурав дахиа давхарлах гэж байхад чинь өмнөх түрхэц нь аль хэдийнээ бүрэн хатчихна. Нэгэнт хатчихсан будгийг дахин дахин давхарлан будсанаар сормуус чинь бөөгнөрч салахын аргагүй болно. Тиймээс хоёроос дээш удаа давхарлахгүй байх хэрэгтэй. Мөн хоёр нүдний сормуусаа зэрэг будахын оронд эхлээд нэг нүдний сормуусаа бүрэн будаж дуусгаад дараа нь нөгөө нүдээ будааарай.

2. Усны хамгаалалттай сормуусны будгийг өдөр тутамдаа хэрэглэхгүй байх
Усны хамгаалалттай будаг нь уйлахад, бассейнд сэлэх үед урсахгүй, арилахгүй гэдгээрээ давуу талтай боловч өдөр тутамд хэрэглэх нь тийм ч зохисгүй. Учир нь үүнийг арилгахын тулд нүд болон зовхины эргэн тойрноо маш их үрэх хэрэг гардаг тул арьс суларч эрт үрчлээ үүсэх эрсдэлтэй. Мөн сормуусыг ихээр унагадаг гэдгийг анхаараарай.

3. Сормуусаа угнаас нь эхэлж буд
Ихэнх охид сормуусны будгийг зөвхөн үзүүр хэсэгтээ түрхдэг. Харин сормуусны угнаасаа эхэлж багсаа арагш урагш эргүүлэн үзүүр хүртлээ түрхвэл сормуус илүү урт, гайхалтай харагдана.

4. Сормуусны будгаа хатааж байгаад арчаарай
Чи нүүр болон нүднийхээ ойр орчимд сормуусны будгаа санамсаргүй наасан тохиолдолд хурдхан шиг арчихыг боддог уу? Будгийг хатаж амжаагүй байхад нь арчиж авах буруу бөгөөд улам л том толбо болдог. Харин хаттал нь хүлээж байгаад арчиж авбал өөр хэсэгт тархалгүй хялбархан арилдаг. 

5.Хуучин багсаа битгий хая
Хэрэглэж дууссан сормуусны будагныхаа багсийг сайтар цэвэрлэж байгаад сормуус болон хөмсөгний сам болгон дахин ашиглах боломжтой. Мөн нунтаг будганд дүрж байгаад хөмсгөө самнаж илүү тодруулах ч боломжтой.

6. Доод сормуусаа будаж эхэлье
Ихэнх охид зөвхөн дээд сормуусаа л буддаг. Харин өнөөдрөөс эхлээд доод сормуусаа ч бас будаж байгаарай. Харин доод сормуусаа эхэлж будвал илүү хялбар байх болно гэдгийг анхаараарай. Гэхдээ хэт их биш, сойзоо үл ялиг хүргэх төдийд л 2-3 удаа эргүүлэг маягтайгаар будаарай.

7. Сормуусны будгаа гурван сар л хэрэглэ
Сормуусны будагны хүчинтэй хугацаа нь ихэвчлэн онгойлгосноос хойш зургаан сар байдаг. Гэхдээ нэг будгаа гурван сар хэрэглэхэд хангалттай. Учир нь сормуусны будаг удах тусам их хэмжээний нян агуулдаг тул нүдэнд халдвар оруулах аюултайг анхаараарай.

8. Эхлээд сормуусаа дэрвийлгэ
Сормуус дэрвийлгэгчийг хамгийн эхэнд хэрэглэж занш. Сормуусаа будсаны дараа дэрвийлгэх нь сормуусыг багширсан, бөөгнөрсөн харагдуулахаас гадна хугалах магадлал өндөртэй байдаг.

#Нүүрбудалт #Охид #Сормуус