Дөрвөн давхраас дүүжлэгдсэн хүүг “Хүн аалз” аварчээ


А.Ихсанаа | YOLO.MN
2018-05-28

Африкийн цагаач Мамуду Гассама Парис хотын барилгын дөрвөн давхраас дүүжлэгдэж байсан хүүг аварч, баатар болжээ.

Мали улсаас дүрвэж ирсэн түүнийг Ерөнхийлөгч Эммануель Макрон Елисейн ордонд урьж, биечлэн уулзахыг хүссэн байна. Парис хотын захирагч Анне Хидалго мөн 22 настай, баатарлаг залуутай уулзахыг хүсэж буйгаа илэрхийлжээ.

Тэрээр залууг “18 дугаар дүүргийн хүн аалз” хэмээн тодорхойлж “Мамуду Гассама та баатарлаг үйл хийж бяцхан хүүхдийн амийг аварсанд баяр хүргэе. Хэдхэн сарын өмнө Мали улсаас ирсэн тэрээр энд амьдралаа шинээр эхлэхээр шийдсэн гэсэн.

Харин таны энэ баатарлаг үйлдэл бүх Парисчуудын хувьд жинхэнэ иргэн хүний үүргээ гүйцэтгэсэн явдал учраас тэд таныг дуртайяа хүлээн авах байх” гэжээ.

Гассама сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа “Гудамжаар алхаж явтал хүмүүс бөөгнөрсөн байхыг олж харсан. Тэгтэл бяцхан жаал тагтнаас дүүжлэгдэж байгааг хараад шууд л дээшээ авирч эхэлсэн юм. Бурханы авралаар хүүг аварсан шүү” гэсэн байна.

Энэ үеэр иргэд гал унтраах албанд дуудлага өгч, гал сөнөөгчид хүүг аврахаар ирэх үед аль хэдийнэ хүү аюулаас мултарсан байжээ. Хүүгийн эцэг эх энэ хэргийн үеэр гэртээ байгаагүй бөгөөд эцгийг нь хүүгээ харгалзах хүнгүй орхисон хэрэгт буруутгаж магадгүй аж. Харин хүүгийн эх нь Парист байгаагүй юм байна.

Эх сурвалж: BBC

#SpiderMan #Children #Scarlet pimpernel