Сургуулийнхаа системд нэвтэрч, ДҮНГЭЭ САЙЖРУУЛЖЭЭ


А.Ихсанаа | YOLO.MN
2018-05-15

Калифорнийн ахлах сургуулийн сурагч фишинг ашиглан сургуулийнхаа системд нэвтэрч, өөрийнхөө болон өөр хэдэн сурагчийн дүнг өөрчилж, цагдаа нар түүнийг баривчилжээ. Девид Ротаро сургуулийнхаа цахим хуудастай ижилхэн харагддаг, хуурамч сайт хийж түүнийгээ багш нар руугаа цахим шуудангаар илгээсэн аж.

Харин хэн нэгэн багш түүний илгээсэн цахим хуудсанд хандаж, Девид багшийнхаа нэвтрэх нэр, нууц үгийг олж авсан байна. Ингээд хэд хэдэн сурагчийн дүнг сайжруулсан төдийгүй заримынх нь дүнг бууруулсан байжээ.

Хотын цагдаагийн газрын түрүүч Карл Круз “Бидний мэдэж буйгаар 10-15 сурагчийн дүнг өөрчилсөн байна. Гэхдээ мөрдөн шалгах ажиллагаа дуусаагүй” гэсэн байна.

Цагдаа нар цахим шуудан илгээсэн IP хаягийг хайж, улмаар Девидийн гэрийн хаягаар очжээ. Одоо сурагч хүү шүүх хурлаа хүлээж байгаа бөгөөд ирээдүйд мэдээллийн технологийн салбарт ажиллах сонирхолтой хэмээн ярьсан аж.

Үүнээс өмнө Алабама, Луизиана, Нью Жерси, Нью Йорк, Жоржиа, Канзас зэрэг олон мужид үүнтэй адил хэрэг гарч байжээ. Девид Ротаро өөрийн хийсэн үйлдлийг “Сургуулийнхаа кибер аюулгүй байдлыг шалгаж үзэхийг хүссэн юм” хэмээн тайлбарласан аж.

#California #High school #System